Энэ долоо хоногт Вашингтоны ерөнхий прокурорын газраас ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хорооны албан тушаал томилох үйл ажиллагааны санхүүжилтийг завшсан гэх хэргийг мөрдөн байцаах ажлын хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн зөвлөх, ууган охин Иванкаг холбогдогчоор татан албан тушаалаас нь огцруулсан юм. Ерөнхий прокурорын газар энэ онд Трампын байгууллага, тангараг өргөх ёслолын хороог шүүхэд дуудсан юм. Тэд Трампын байгууллагыг ашгийн бус хэмээх статусаа зөрчин тангараг өргөх ёслолд зарцуулагдах нэг сая гаруй ам.долларыг сангаас завшиж, 2017 онд болсон Трампын тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулсан, Трамп зочид буудалд бодит бус, хэт өндөр үнэ төлөх замаар луйвар хийсэн хэмээн үзжээ.
Улмаар Иванка энэ сарын нэгэнд байцаагчидтай уулзаж, Трампын засаглалын хүрээнд батлагдсан зарим хуулиудын дагуу өөрийгөө буруугүй хэмээн тайлбарлахыг оролджээ. Нэхэмжлэлд дурьдсанаар тангараг өргөх ёслолын хорооны дэд дарга асан Рик Гейтс захиалга хадгалах, түрээслэх нэрээр Траммп зочид буудалд дөрвөн өдрийн турш өдөрт 175 мянган ам.доллар төлж байжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ нь зах зээлийн үнээс бараг хоёр дахин өндөр ханш аж. Энэ талаар тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагч Стефани Уйнстон Волкофф анзаарч, тухайн үедээ Ерөнхийлөгчид зурвасаар болон биечлэн анхааруулж байсан гэдэг.
Ерөнхий прокурорын газар Иванкагаас гадна ёслолын хорооны дарга Том Баррак, тэргүүн хатагтай Меланиа Трамп, Рик Гейтс нарыг дуудан мэдүүлэг авчээ. Улмаар арваннэгдүгээр сарын 17-нд Барракийг албан тушаалаас нь огцруулж, Волкоффыг ирэх долоо хоногт халахаар болжээ. Иванкагийн твиттер дээрээ бичсэнээс харвал тэрбээр албан тушаалаасаа огцорсон ч хэрэг үүгээр дуусахгүй бололтой.
Ерөнхийлөгчийн туслахынхаа хувьд Иванка эцгийнхээ элдэв үйл ажиллагаанд орооцолдоод нэлээд их хугацаа өнгөрчээ. Дээрхтэй төстэй хэрэгт анх 2019 онд Иванкаг холбогдуулан шалгаснаас хойш өдгөө Трамптай холбоотой ямар ч хэрэг дээр түүнийг заавал давхар шалгадаг болсон аж. Энэ бүхнээс болоод зарим ажиглагчид Иванкаг шоронд орж магадгүй хэмээн санаа зовниж байна.
Харин Трампын байгууллагын ерөнхий зөвлөх Алан Гартен “Хатагтай Иванкагийн дээрх хэрэгт холбогдсон ганц шалтгаан бол тэрбээр талуудыг хооронд нь холбож, Зочид буудлын үнийг шударгаар тогтоох явдал байв. Энэ бүхэн ч тухайн үед яг л ном ёсоороо болсон” хэмээн ярьжээ.
Гэвч дээрх хэрэг Иванкаг холбогдуулан шалгаж буй ганц хэрэг биш юм. Түүнээс гадна Дональд Трамп болон түүний албат хэд хэдэн бизнес эрхлэгчидтэй холбоотой Нью-Йорк мужид шалгагдаж буй хоёр ч залилангийн хэрэгт Иванкаг давхар шалгаж, зөвлөхийн үүрэг гүйцэтгэж авсан төлбөрийнх нь хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Трампын сонгуулийн сурталчилгаа, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хоёр өөр эрүүгийн хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, 2018 онд гэм буруугаа хүлээсэн Ерөнхийлөгчийн өмгөөлөгч асан Майкл Коэн өнгөрсөн сард ярилцлага өгөхдөө “Трамп заавал шоронд орох болно. Үгүй юм аа гэхэд тэр хүүхдүүдийнхээ аль нэгэнд хэрэг үүрүүлнэ. Тэр хүүхэд нь хэн ч байж магадгүй. Гэхдээ би хувьдаа Иванка ааваасаа болж шоронд орно гэж итгэж байна. Трамп тийм л хүн” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: REFINERY29
Холбоотой мэдээ