Харалган төр, харгис хөрш

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Харалган төр, харгис хөрш

Харалган төр, харгис хөрш

Covid-19 цар тахал Монгол төрийн чадамж, монгол хүний мөс чанарыг шалгаж байна.

Монголчуудыг бусад үндэстнээс товойлгодог хамгийн үнэт чанар хүүхдийг хүний, өөрийн гэхгүй хайрладаг  мөс чанартай гэж ярьдаг ч энэхүү жудгаа хаана гээсэн юм бүү мэд, тусгаарлалтын хоног нь дуусаад гэртээ амьдрахаар ирсэн дөрвөн настай хүүг, 17 настай эгчийнх нь хамт орцныхон нь босго ч давуулалгүй явуулсан тохиолдол гарав.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн гишүүн О.Сэлэнгэ  “Ээж нь Covid-19 халдвар авсан тул хоёр хүүхдийг нь тусгаарласан байсан. Тусгаарлалтын 14 хоногийн хугацаа нь дуусч, гэртээ очтол байрных нь СӨХ болон иргэд гэрт нь оруулаагүй.  Covid-19  халдвар авч, эмчлэгдэж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлохгүй байх ёстой. Хүүхдүүдийг Түр хамгаалах байранд аваачсан” гэдэг мэдээллийг өглөө.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмээ “Халдвар илэрсэн иргэний гэрийнх нь цонх руу чулуу шидэх, халдвар илэрсэн айлын хүүхдүүдийг амьдарч байсан гэрээс нь хөөж явуулах” зэрэг тохиолдол гарсныг сануулав.

Агаар дуслын замаар халдварлаж байгаа Covid-19-өөс хүн бүр сэрэмжилж, халдвар хамгааллын дэглэмийг сахих нь зүйн хэрэг ч ялгаварлан гадуурхалтаар цар тахлыг давах боломжгүй. Тэр тусмаа эцэг, эх нь халдвар авсан үндэслэлээр хүүхдийг ялгаварлаж бүр болохгүй.

Хайртай бүхнээ хамгаалах нь зүйн хэрэг ч дээрх тохиолдолд үгүй ядах нь ээ, хүүхдийн эрхийг хамгаалах газар руу утас цохиод асуудлыг дуулгачихдаг, ухамсартай байх ёстой.

Төр ч мөн хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатайн зэрэгцээ байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо хэрэгтэй байгааг энэхүү кэйс харуулав. Учир нь өглөө 10.00 цагт тусгаарлалтаас гарч, гэрээ зорьсон эгч, дүү хоёрыг Хүүхэд хамгааллын 108 төв хамгаалалтад авахын тулд бүтэн 10 гаруй цагийг зарцуулсан байдаг. Хоёрхон хүүхдийг төр хяналтдаа авахад хэдэн цаг зарцуулах ёстой вэ, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисынхоон.

Гэртээ орох боломжгүй байснаас хоёр хүүхэд гадаа хүйтэнд даарч, нэлээд хугацаанд зогссон байх бөгөөд ялгаварлан гадуурхагдсанаас сэтгэл зүйн дарамтад орсон байдаг.

Одоо төр эцэг, эх нь Covid-19 халдвар авснаас хэчнээн хүүхэд гэрийнхнээсээ тусдаа тусгаарлагдав, халдвар илрээгүй тохиолдолд тусгаарлалтын хоног нь дуусаад гэртээ харихад хүлээгээд авах том хүн байна уу. Хэрэв байхгүй тохиолдолд эцэг, эхийг нь эмнэлгээс гартал хүүхдүүдийг хаана байлгах вэ гэдэг зохицуулалт хийх шаардлага  тулгарч байна. Тодруулж хэлбэл, дөрвөн настай хүүд тохиолдсон үйл явдал эцэг, эх нь халдвар аваад тусгаарлалтад орсон хүүхдүүдийн хэнд ч тулгарч болзошгүй бэрхшээл юм.

Хөл хорионд орсоноос Улаанбаатарт гацан, гэртээ харих шаардлагатай болсон иргэдийн тоо 100 мянга даваад буй.

Тэдний хэдэн хүүхэд өнөөдөр харж хандах хүнгүй, айлын хаяа бараадан өдөр хоногийг өнгөрөөж байна вэ. Аюулгүй газар байж чадаж байгаа юу гэдэгт ч Монгол төрийн хараа хяналт хамгаас чухал байна.

Учир нь Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэдээллээр зөвхөн Сэлэнгэ аймагт 148 хүүхэд хараа хяналтгүй болжээ. Тэдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч сонгох, хажуу айл, хөршөөр нь дамжуулж хараа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд аваачих арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байгаагийн дотор эцэг, эх нь хөл хорионд орсны улмаас хүүхэд гэртээ ганцаараа байх, эрсдэлд өртсөн тухай дуудлага нэмэгдэх хандлагатай болжээ. Иймээс орон нутаг дахь төр захиргааны байгууллага, цагдаа, хүүхэд хамгааллын байгууллага үйл ажиллагаагаа нэгтгэн, мэдээллээ солилцож, туйлын сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай байна.

Монголчууддаа дахин уриалахад энэ хүнд цаг үед бүгд нэгэн сэтгэл зүрхтэй, биенээ хайрлаж, хүүхдээ хайрлаж, цар тахлыг давна. Амиа бодсон аминчхан үзлээр цар тахлыг давах боломжгүй.

Хамаатныхаа, хөршийнхөө, найз нөхдийнхөө хүүхдэд хараа хяналт тавиарай. Эцэг, эх нь халдвар авсан байлаа гээд хүүхдээ бид гадуурхах ёсгүй. Монголууд бид гуравхан саяулаа. Хүнлэг сэтгэлээрээ, хүүхдүүдээ хамгаалж, хамтдаа давна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж