МУГЖ С.Жавхлан унаган багын хамтран дуулаач Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэн” хандивын тоглолтыг хийж байгаа юм. Хандивын тоглолтын салхийг хагалсан анхны тоглолт өчигдөр Бөхийн өргөөнд болсон. Гавьяатууд олны хүртээл болж, таашаалд нь нийцсэн олон дууг фэнүүдийнхээ хамт эгшиглүүлэв.
Тоглолтыг зохион байгуулахад гавьяатуудын гэр бүлийнхэн онцгой үүрэгтэй байсныг дурдав. Т.Баясгалангийн нөхөр Кёкүшюзан Д.Батбаяр “Хөрш заанууд” компанийнхаа нэр дээр хандив өргөсөн бол С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг өөрийн гараар урласан 100 ширхэг элгэвч, нэмнээг малчдад хаяглан хандивласан. Тэрбээр тоглолтын тайзан дээрээс ханьдаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд “Миний хань үнэн сэтгэлээсээ эх орон, элгэн түмэндээ хайртай. Цаанаа УИХ-д нэр дэвших гэж, эсвэл улстөржих гэсэн санаа байхгүй ” гээд энэхүү мэндчилгээг би ганцаараа биш хүүхдүүдтэйгээ хүргэж байна гэлээ. С.Жавхлан хүүхдүүддээ өвөрмөц нэр өгсөн байдаг ажээ. Тэдний хүүхдийг Үжингүнж, Өдрийн цолмон, Цэгц гэдэг ажээ. Гавьяатын хоёр дахин охин нь Ж.Өдрийнцолмон хэмээх онцгой нэртэй. Охин нар, сар, од гурав давхацсан онцгой өдөр мэндэлсэн учраас ийн нэрлэжээ. Тэнгэрийн эрхэс нэгэн дор цогцолсон ховор өдрийг өдрийн цолмон гийсэн өдөр хэмээдэг ажээ.
М.СУРА