Монгол Улс дотооддоо Covid-19 халдварыг алдаж, хилийн боомтуудаа хяналтыг чангатгасны улмаас Хятадад коксжих нүүрс сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөр үнэтэй болоод байна. Гол импортлогч Канберратай зөрчил, маргаантай байгаа Бээжин нь Австралийн нүүрсний импортыг хязгаарлаад байгаа юм. Ийм зөрчилдөөнтэй цаг үед хамгийн ойрын түнш Монгол Улс нь Хятадын нүүрсний импортод чухал үүрэг гүйцэтгэж байгаа.
Монголд сүүлийн өдрүүдэд covid-19-ийн халдвар эрчимжиж, нүүрсний тээврийн жолооч нараас шинжилгээ авч буй нь нүүрс тээвэрлэлтийг удаашруулж байгааг “Bloomberg” мэдээлжээ. Хилээр гарч буй нүүрсний машины тоо аравдугаар сараас хойш 80 хувиар буурсан талаар “Hexun Futures”-ийн шинжээчид мэдээлжээ.
Далиан хотод коксжих нүүрсний үнэ Лхагва гаригт 4.1 хувиар өсч тонн тутам нь 1.535 юань болсон нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Хятад бол дэлхийн нийт гангийн үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд коксжих нүүрсний үнийн өсөлт нь тус улсад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна.
Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2020 оны эхний гурван улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар буурсан нь цар тахлын улмаас уул уурхайн салбарт доголдол үүсээд байгаатай холбоотой. Аравдугаар сарын эцсээр нүүрсний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар бага байна.
Эх сурвалж: BLOOMBERG
Холбоотой мэдээ