Трамп дүрэмгүй аашилж, хувиа бодож эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Трамп дүрэмгүй аашилж, хувиа бодож эхлэв

Трамп дүрэмгүй аашилж, хувиа бодож эхлэв

Трамп цагаан ордныг орхихоосоо өмнө амжиж, гадаад улсуудын засгийн газар, компаниудтай байгуулсан хэдэн зуун сая ам.долларын гэрээг хувийн бизнестээ зориулан шинэчилж байна. Урьд нь аль ч Ерөнхийлөгч ийм алхам хийж, дүрэмгүй аашилж байсангүй.

Трампын эзэмшилд байдаг компани ирээдүйд хэдэн зуун сая ам.долларын өр төлөх шаардлага тулгарч байгаа. Иймд, тэрбээр гадаад улсууд дахь тансаг зочид буудал голдуу үл хөдлөх хөрөнгийн төслүүдээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Трампын төлөвлөгөөг сайн мэддэг гурван ч эх сурвалж мэдээлжээ. Компанийн удирдах албан тушаалтнууд аль хэдийн Энэтхэг дэх төслийг өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулж эхэлсэн аж. Дараагийн ээлжинд Трампыг Ерөнхийлөгч болохоос өмнө хэлэлцэж байсан Хятад, Турк, Колумб, Бразиль дахь төслүүдийг эргэн харахаар болжээ.

Тус зохицуулалтыг зарим ажиглагчид Трамп Ерөнхийлөгчийн суудалд үлдэхийн төлөө, хэрвээ буувал энгийн экс Ерөнхийлөгчөөс илүү эрх мэдэлтэй байхын төлөө, цаашид дараагийн сонгуульд улам хүчтэй өрсөлдөхийн төлөө хийж буй үйлдэл хэмээн шүүмжилж байгаа гэнэ.

Өмнө нь хэд хэдэн Ерөнхийлөгчийг хүмүүс албан тушаалаа ашиглан Цагаан ордноос явсны дараах амьдралдаа зарцуулах мөнгө цуглуулсан хэмээн буруушааж байсан билээ. Жишээлбэл, зарим Ерөнхийлөгч нар өмнө нь суудлаасаа буухын өмнө гадаад оронд төлбөртэй лекц уншиж, Ерөнхийлөгчийн номын сангийн нэрийг барин хандив авах зэрэг үйлдэл хийж байсан нь олны дургүйг хүргэж байв. Хамгийн сүүлд гэхэд Билл Клинтон гадаад улсуудын засгийн газруудаас гэр бүлийнхээ бизнест зориулан хэдэн сая ам.долларын хандив цуглуулж байжээ.

Гэхдээ Трамп ийнхүү хувийн бизнес эрхлэгч нөлөө бүхий бизнесмэн болон олон улсын бизнесийн салбарт эргэн ирж байгаа нь өмнө нь аль ч Ерөнхийлөгчид тохиолдож байгаагүй шинэ асуудал юм. Трампын компани болох Trump Organization маш өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсад зочид буудал, амралтын газар, гольф клуб тэргүүтэй 500 гаруй бизнес эрхэлдэг билээ. Мөн тэдгээр нь сайн дурын, төрийн өмчит аль нь ч биш учир санхүүгийн хувьд илэн далангүй тайлагнах шаардлага бараг гардаггүй гэнэ. Энэ байдлыг зогсоохын тулд ихэнх америк фирмүүд Трампад мөнгө зээлэхээс зайлсхийдэг тул Трамп гадаад орнуудаас санхүүжилт хайх ганцхан сонголттой үлдэж байгаа юм.

Цагаан ордны хяналтын хорооны гишүүн төлөөлөгч Герри Конноли хууль ёсны дагуу Дональд Трампыг эрх мэдлээ ашиглан гадаад засгийн газруудаас мөнгө босгож байгаа нь үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл мөн эсэхийг шалгуулахаар ажлын хэсэг томилсон аж. Тэрбээр “Өмнө нь байгаагүй хэд хэдэн хязгаарлалт нэмэгдсэн байна. Тиймээс Трамп тэдгээр бүх хязгаарлалтуудын аль нэгийг зөрчсөн гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээн ярьжээ.

Трамп ийнхүү Ерөнхийлөгч байх сүүлийн өдрүүддээ амжин өөрийн үл хөдлөх хөрөнгийн хаант улсыг байгуулахаар шийдэж, өдөр тутмын аар саар ажлуудаа хүүхдүүддээ даатгасан ч өмчлөлийг өөрийнхөө нэрээр хэвээр үлдээсэн нь цаашид ашиг сонирхлын зөрчилдөөний асар том сүлжээ үүсгэж болзошгүй. Мөн үүнээс болж Трамп улсын бодлогод нөлөөлж байгаа нь зохион байгуулалттайгаар хууль зөрчсөн үйлдэл байж магадгүй юм.

Трамп  Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах боломжоо Жо Байденд ялагдсанаар алдсан ч сонгуулийг будлиантай болсон гэх шалтгаанаар суудлаа өгөхөөс татгалзаж, цаг хожсоор байгаа билээ. Мөн тэрбээр өөрийн холбоотнууддаа 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан байна.

Ерөнхийлөгчийн түүх судалдаг Дуглас Бринкли “Өмнө нь хэд хэдэн Ерөнхийлөгч суудлаасаа буухтай холбоотой мөнгөний ажлын шүүмжлэлд өртөж байсан. Ялангуяа, Рональд Рейган Японд нэг сая ам.доллараар лекц уншсан нь маш их шүүмжлэл дагуулж байсан удаатай. Гэхдээ Трампын хийж байгаа зүйл бол аль ч Ерөнхийлөгчийн хийж байгаагүй том асуудал. Трамп өөрийн албан тушаалыг ашиглаж асар их хэмжээний мөнгө олохыг хичээж байна. Ийм зүйл өмнө нь болж байсангүй” хэмээн ярьжээ.

Трамп 2016 онд Ерөнхийлөгч болсныхоо дараа бизнесээсээ бүрэн татгалзаагүй билээ. Улмаар Трамп хувийн бизнесээрээ дамжуулан мөнгө олсоор ирсэн гэсэн үг. Тэрбээр үргэлж өөрийнхөө хөрөнгө, чинээгээр сайрхдаг ч Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа их хэмжээний мөнгөн дэмжлэг хэрэг болж магадгүй юм. Түүнээс гадна Forbes сэтгүүлд мэдээлснээр цар тахлаас болж Трампын хөрөнгө нэг тэрбум ам.доллараар хасагдсан нь түүнд улам их мөнгө хэрэг болсон шалтгаан байж магадгүй юм. Мөн Трамп өөрийн нэр дээр голдуу гадаад байгууллагуудаас авсан 421 сая орчим ам.долларын зээлээ эргүүлэн төлөх шаардлагатай бөгөөд олон жилийн татвараас зугтаасан гэдэг нь батлагдвал нэмээд их хэмжээний торгуулийн өрөнд орж ч болзошгүй байдалд байна.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж