Бизнес эрхлэгчид гомдол мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгчид гомдол мэдүүлэв

Төрийн ордонд өнөөдөр “НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр бизнес эрхлэгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. УИХ дахь МАН-ын бүлэгт дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 1300 орчим бизнес эрхлэгчийн гомдол хүсэлт ирсэн байна. Тиймээс санал хүсэлтийг нь сонсч, гарц гаргалгааг гаргахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа гэдгийг тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдсэн юм.

УИХ-аас НӨАТ-ын тухай хуулийг өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд баталж, энэ оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Уг хууль хэрэгжсэнээр иргэд худалдаа, үйлчилгээ авсан газраасаа татварын буцаан олголтыг баталгаажуулсан талон авч, мөн сугалаанд оролцох эрх эдэлж буй. Шинэ хууль хэрэгжиж эхэлсэн эхний нэгдүгээр сард НӨАТ-ын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр дахин их гарсан нааштай мэдээг Гааль, татварын ерөнхий газраас мэдээлж буй. Гэхдээ бизнес эрхлэгчдэд зарим талаар хүндрэл учруулж байна гэдгийг тэд энэхүү хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

Тухайлбал, нийслэлийн захын гэр хороололд интернэт сүлжээ очоогүйгээс 1.5 сая төгрөгийн үнэтэй машин худалдан авсан ч ашиглах боломжгүй байгаа. Татварынхны зүгээс машин ашиглахгүй байгаа дэлгүүр, хоршоо, аж ахуйн нэгжийг торгож эхэлсэн. Торгууль нь 500 мянган төгрөг. Төлье гэвч мөнгөгүй. Таван төгрөгийн ашиг харж бараа бүтээгдэхүүн зардаг ч төлөх татвар нь 24 төгрөг төлөхөөр болж, өссөн.

Хуульд экспортод гаргах угаасан, самнасан ноолуурыг НӨАТ-ын 10 хувийн татвараас чөлөөлнө гэж заасан ч дараагийн заалтад нь чөлөөлөхгүй гэж заасан. Эсрэг тэсрэг хоёр заалт байгаа ч татварынхан энэ тохиолдолд НӨАТ-ын 10 хувийн татварыг төлөх ёстой гэдэг шаардлага тавьж эхэлсэн. Ийм нөхцөлд ноолуурын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж аж ахуйн нэгжүүд дампуурах аюултай гэнэ. Учир нь эдийн засгийн хямралын нөлөөгөөр малын арьс шир, махны үнэ буурсан. Одоо харин дээрх хуулийн хэрэгжилтийн дүнд ноолуурын үнэ өмнөхөөсөө дахин буурах эрсдэлтэй тулж буй юм байна. Нөгөөтэйгүүр, ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдахтай холбоотойгоор тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-н хүртэл нийслэлд түүхий ноос, ноолуур оруулахгүй байх шийдвэр гаргах болж байгаа аж. Гэтэл ноос, ноолуур нь ид тавдугаар сараас гарч эхэлдэг. Үндсэндээ бүтэн гурван сар ажилгүй суух болж байгаа тул энэ асуудлыг ч анхаарч зохицуулалт шаардаж буйг хэллээ.

Мөн бизнес эрхлэгчид татвар төлөхгүй гэж байгаа юм биш. Гол нь татварыг шахалт дарамтгүйгээр төлөх. Ингэхдээ НӨАТ-ын татварт жишиг татвар бий болгох. Энэ нь хотын А, Б зэрэглэлд оршиж байгаагаасаа хамаарч өөр, өөр байх. Мөн татварын тайланг сар бүр гаргаж өгөх нь хүндрэлтэй тусч буй тул бүсчлэлээс нь хамаараад тогтмол татвар бий болгох. Гол нь тайлан гаргахгүйгээр сар бүр тэрхүү тогтсон татвараа төлдөг байхад дарамт шахалт багасах аж. Жишээлбэл, хотын төв хэсэгт байрлаж байгаа хүнсний найман барааны дэлгүүр нь сар бүр 600 мянган төгрөгийн татвар, хотын захын гэр хороололд үйл ажиллагаа эрхэлдэг нь сар бүр 200 мянган төгрөгийн татвар төлөхөд НӨАТ-ын орлого өснө гэх саналыг хэлэх бизнес эрхлэгч ч байлаа.

Хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчдийг төлөөлөн 50 орчим иргэн мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж