Өнөөдрийн байдлаар цар тахалд 65 сая хүн өртөж, 1.5 сая орчим нь нас бараад байгаа нь дэлхийн II дайнаас хойшхи хамгийн том гамшигт зүй ёсоор тооцогдоно. Цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч баттай мэдэхгүй. Олон улсын харилцаа, эдийн засаг, соёлд нөлөөлсөнтэй нэгэн адилаар Ковид19 нь улс төрийн манлайлал, сонгуульд ч хүчтэй өөрчлөлтийг авчирч байна.
Тахлын үеийн улс төрийн манлайлал ямар байх ёстой, сайн муу кэйсүүд юу байгаа талаар улс төр судлаачид, аналитикууд олон хувилбарыг дэвшүүлж байгаа. Пандемиктэй холбоотой улс орнуудад төсвийн үргүй зардал нэмэгдэх, хүний эрх, иргэний эрх чөлөөнд халдах, хуулиар дарангуйлах сөрөг үзэгдэл нэмэгдсэн байна. Дэлхий нийтээрээ популизмаас залхах, иргэдийн улс төрийн оролцоо нэмэгдэх, сонгуулийн ирц эсрэгээрээ сайжрах эерэг хандлагууд ч ажиглагджээ. Цар тахал улс төрийн сонгуульд нөлөөлж буйн хамгийн тод жишээ нь өнгөрдөг АНУ-ын сонгууль. Трампын үед АНУ-ын эдийн засаг сайжирсан боловч цар тахалтай олигтой тэмцээгүй 230.000 илүү хүнээ алдсан, мэтгэлцээнийхээ үеэр энэ сэдвийг үл тоосон гэх шалтгаанаар сонгогчдынх нь 17 орчим түүнээс “урважээ”.
Тахлын үеийн улс төрийн манлайлал нь уламжлалт стратегээс илүү прагматик, харизм шаардсан, залуу улстөрчдөд боломж олгож байгаа онцлогтой гэнэ. Улс орны лидерүүд нэгд, эрдслийг яаралтай бууруулж хянах, хоёрт, иргэддээ замын зургаа тодорхой танилцуулах, гуравт, итгэл үнэмшил өгч үндэстнээ нэгтгэх гэсэн ерөнхий гурван характер бүхий манлайлал үзүүлж байна. Тахлын үеийн Монголын эрх баригчдын улс төрийн манлайлал ямар байгааг энэ гурван стратеги дээр тавиад үзэхэд бидний лидерүүд ямархуу доод түвшнийх вэ гэдэг нь тодорно.
Эрсдлийг бууруулж хяналтанд авах
Цар тахлын үеийн стратегид богино хугацаанд маш хатуу арга хэмжээ авч, бүх хөдөлгөөнийг гацааж өвчний тархалтыг зогсоогоод, дараа нь эрсдлийг үнэлээд цогц арга хэмжээ авах юм гэдэг нь бүгдэд тодорхой. Хагас сар хүртэл хатуу арга хэмжээ авахдаа улс төрийн лидерүүд нь дэргэдээ эдийн засаг, эрүүл мэнд, онцгой байдал, хүчний байгууллагууд, нийгэм соёлын мэргэжилтнүүдийн үндэсний баг үүсгэж шийдвэр гаргаж байна. Covid-19-ийн үеийн сайн жишээ болж гайхагдаад буй Шинэ Зеландын эмэгтэй ерөнхий сайд баг гэхэд 11.000 ажлын байр шинээр буй болгох, ЖДҮ-г дэмжих, дэд бүтцэд хөрөнгө оруулах, экспортонд онцгой анхаарах замаар иргэдийнхээ өмнө ирэх эрсдлийг бууруулна гэжээ. Юун 10 сар хорьж хорьж дотроо алдах.
У.Хүрэлсүх бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа харьцангуй их эрх мэдэл олж авсан Монголын анхны Ерөнхий сайд юм. Мөн цар тахлын үед улс төрийн манлайллаас зугтаж Шадар сайддаа хариуцлагаа үүрүүлсэн анхны Ерөнхий сайд. Шадар сайдын тэргүүлсэн Улсын онцгой комисс нь үндэсний баг бүрдүүлэхийн оронд хуулийн хүрээндээ төрийн албаныхны цуглуулга хийсэн учраас асуудлыг цогцоор нь харж чадахгүй л явна. УОК, НОК хоёр нь 10 сар ажиллахдаа эрх үүргийн хувьд ямар заагтай, хариуцлагыг хэн хүлээх, хэн манлайлж эцсийн шийдвэрийг гаргах нь иргэдэд тодорхойгүй мөртлөө бүгдээрээ цэргийн цол зүүж, десант хувцас оюулаад өмсч зурагтаар иргэдээ загнах дуртай. Өнөөдөр л гэхэд иргэдийг автобусаар хүчээр зорчуулсан шийдвэрт хэн хариуцлага хүлээх вэ гэхээр “олдохгүй" л байна.
УОК пандемикийг зөвхөн өвчний хүрээнд харж, захиргааны аргаар хумих гэж оролдохдоо ч зохион байгуулалтын алдаа гаргаж өвчтэй эрүүл хүмүүсийг хольж голомт үүсгэчихсэн, нийтийн тээвэрт цөөхөн цагуудад өвлийн хүйтнээр чихэж лонхон хүзүү буюу bottleneck үүсгэж бөөгнүүлдэг жишээтэй. Хариуцлага хүлээх хүн байхгүй учраас шийдвэрүүд нь парламентын гишүүд болон сошиал орчноос нэн хамааралтай. Хатуу хөл хориотой гэвч иргэдийн урсгал хэвээр. Үндсэн шалтгаан нь Засгийн газрын тэргүүн нь нуугдчихсан, үндэсний баг бүрдээгүй.
Иргэддээ замын зургаа тодорхой танилцуулах
Монголд цар тахлын үеэр иргэдийг хамгийн ихээр бухимдуулж, талцуулж буй зүйл нь УОК-оос гарч буй шийдвэрүүдийн ойлгомжгүй байдал, 10 сарын турш иргэддээ замын зургаа гаргасан бодлогоо танилцуулаагүй байгаа асуудал юм. Бусад орны удирдагчдын баримталж буй гол стратеги нь хэзээ, хэр хугацаанд, ямар бодлогуудыг шат дараалалтай хэрэгжүүлж өвчнийг хэдэн хувиар бууруулахаа ил тодорхой зарлах. Иргэдийнх нь хувьд ч хувийн амьдрал, эрүүл мэнд, бизнесийн харилцаагаа тэр ил тод зарласан бодлогод зохицуулж өртөг багатай Ковидийг даван туулж байна.
Манайд бол эрх баригчдын Ковидтой тэмцэх замын зураг нь аль улс ковидыг хамгийн бага дотроо алдаж буй вэ гэсэн ямар нэгэн “уралдаанд” үндэстнээрээ амжилтаа бататгах л бололтой. Учир нь, дээд даргаасаа доошлоод хурган дарга нар хүртэл энэ амжилтаа хэрхэн бататгах тухай бахархам түүхээр хэвлэлийн хурал, нэвтрүүлэгээ эхэлнэ дээ. УОК-ийн хэвлэлийн хурал дээр SBN телевизийн сурвалжлагч “дахин сунгаж буй 10 хоногтоо яг ямар ажлууд хийх вэ” гэж асуухад сайд нарын хариулт нь хүн залхмаар урт нуршуугаар ер нь сайжруулна, нэмэгдүүлнэ гэсэн нөгөө бөөрөнхий хариулт. Нарийн тоо тооцоо, зохион байгуулалт байхгүй. Наад захын жишээ нь Засгийн газраас Ковид19-ийн тархалтын үеэр авч хэрэгжүүлнэ хэмээн зарласан 23 ажлын 11 нь зүгээр л Засгийн өдөр тутмын дотоод ажлууд байх жишээтэй. Дэлхийн ихэнх удирдагчид цар тахлын эсрэг дунджаар 5 ажил хийнэ хэмээн зарлаж байхад Монголын удирдагчид 23 ажил хийнэ хэмээн зарладаг. Пи-арт илүү ач холбогдол өгч байна.
Иргэд нь хэдэн хоногийн нөөцөөр мах, гурилаа бүрдүүлэх нь тодорхой мэдэхгүйгээс шоконд орсоноор олон зуун хүн хавьтал үүсгэж махны оочерт тэврэлдэх, хүчит шонхроос ИМартад хүртэл овоорч хамаг мөнгөөрөө хүнсээ бэлдэх жишээтэй. Компаниуд нь хэзээ ажлаа эхэлж болох, ямар салбар хэдийд нээхээ мэдэхгүй дэмий л хохирлоо тоолж суух. Бид УОК-оос биелэшгүй зүйл хүсээгүй. Коронаг ч Монголд нам устгаад өг гэхгүй. Дэлхий дийлэхгүй байна. Ганцхан ямар төлөвлөгөөтэй байгаа юм, карантины хэд хоногт ямар ажлууд хийх юм, хэд хоногт голомтуудаа бүрэн хянаж дуусна гэж тооцож ажиллаж байгаагаа ядаж ил тод зарлаач. Эсвэл бодлого байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд чаддаг хүмүүст нь ажлаа өгөөч Я.Содбаатар сайдаа. Бид ажил, амьдралаа уялдуулах шаардлагатай байна. Ингэж л нерв, хохирол багатай даван туулна.
Итгэл үнэмшил өгч үндэстнээ нэгтгэх
Нийтийг хамарсан дайн, байгалийн гамшиг, халдварт өвчний үед улс төрийн удирдагчдын хийх ёстой, хийдэг хамгийн гол ажил бол иргэддээ аюулыг сөрөх, даван туулах итгэл үнэмшил, урам зоригийг өгөх ажил юм. Тийм түүхэн жишээнүүдийг ч бид холливүүдийн киноноос байнга шахам үздэг. Цар тахлын үед ч улс орны лидерүүдийн харизматик шинж улам тодорч, Ковидыг даван туулах итгэл үнэмшилийг иргэддээ өгч, үндэстнээ өвчний эсрэг нэгтгэж чадаж байгаа жишээ олон буй. Тэдгээр удирдагчдын нийтлэг өгдөг мессеж нь “Вирусыг хамтдаа зогсооцгооё. Бид энгийн амьдралаа үргэлжлүүлж чадна” гэж уриалж манлайлал үзүүлж байна.
Covid-19 ыг дотроо алдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бид дайтаж байна. Аль болох хамгийн бага хохиролтойгоор бид энэ хүнд үеийг давж гарахын төлөө зүтгэж байна. Тиймээс та бүхэн дор бүрнээ үүнийг ойлгож, хариуцлагатай байгаа ч гэж хүсч байна" зарлав. Ялгаатай байгаа биз. Бусад улс орны удирдагчид вирусыг зогсоохын төлөө хамтдаа зүтгэх тухай ярьж буй бол манай “хурандаа” дайтаж байгаа тул иргэдээ хариуцлагатай байхыг анхааруулснаар нийгмээ эрх мэдэлтнүүд ба иргэд гэж шууд хоёр хуваав. Үүнээс хойш хотын даргаас эхлээд УОК-ын хурандаа нар, цагдаагийн дэд даргын араншин иргэдээ загнах, буруутгах л соёлтой болсоныг хэвлэлийн хурлуудаас хангалттай нотлогдоно. УОК бүр халдвар авсан иргэдээ хэн хаана ямар ажил хийдэг хүртэл мэдээллийг алдаж олон нийтээр зүхүүлэх ажлыг хийлгэнэ. Анхны тараагч гэгдэх жолооч Д-ын амьдрал бүрэн сүйрч байх шиг байна.
Дотроо алдсанд уучлаарай. Улам илүү хичээх болно хэмээн солонгосын лидерүүд иргэддээ хэлээд яаж ажиллахаа ил зарлаж байна. Монголд бол хүнд бэрх цагт иргэддээ манлайлал үзүүлж ажиллах ёстой хотын дарга маань нойр, хоолгүй ажиллаж байгаа хэмээн ялархана. Тамирчин хүний жин хасах гээд нойр, хоолгүй бэлтгэл хийх үеийн стрессийг бол ойлгож болно. Харин улстөрч, хотыг манлайлах ёстой удирдагчын хувьд нойр хоолны хэрүүлээр иргэдээ стрессдүүлж дархлааг нь унагаана.
Онцгой дэглэмийн үед УОК оос явуулж буй сурталчилгааны нэг алдаа нь зөвхөн цагдаа, эмч хоёрыг л онцгойлж магтсан мессежүүд хөврүүлнэ. Уг нь цагдаа, эмч нь ороод нийтийн тээвэр, хүнс, ажиллаж буй хувийн хэвшил, хот тохижилт бүр гэртээ сууж буй хариуцлагатай иргэн хүртэл хамтдаа нэг баг гэдгийг ойлгуулах ёстой байдаг. Гэтэл хэсгийг нь магтаж дунд нь яс хаяна. Монголчууд бид бүгд нэг үндэстэн. Нэг хувь заяатай. У.Хүрэлсүхийн хийж буй дайнд гол дайсан бол вирус болохоос иргэд нь биш гэдэг ойлголтыг УОК-ын цэргийн сэтгэхүйтэй хэдэн дарга нар сайн ойлгоосой. Ерөнхйи сайд өөрийн биеэр ил гарч ажиллаж, иргэддээ итгэл үнэмшил өгч нэгтгээсэй. Тийм удирдагчийг л төсөөлж бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр харьцангуй эрх мэдэлийг Ерөнхий сайдад өгсөн билээ. Дэлхийн улс төрийн манлайлал ч үүнийг шаардаж байна.
УЛС ТӨР СУДЛААЧ О.ЧУЛУУНБИЛЭГ
Холбоотой мэдээ