Монгол Улсаас Энэтхэг улсад нүүрс экспортлох ажлыг зохион байгуулах хүрээнд Тавантолгойн нүүрсний дээжийг тус улс руу илгээж, туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хоёр улсын холбогдох яамд хэрэгжүүлэхээр тохирсон байна. Энэ талаар өнгөрсөн Пүрэв гариг (2020.12.03)-т Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII цахим хуралдаан дээр мэдээлсэн байна.
Тус хуралдаанаар Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, коксжих нүүрс зэрэг уул уурхайн бараа, бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох ажлыг эхлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд манай улсад айлчлах үеэр талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар тохирсон. Энэ ажлыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа эхлүүлэхээр болсон байна. Энэтхэг улс Монголын англи хэлний багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, ирэх онд англи хэлний цахим сургалт зохион байгуулахаар болжээ.
Талууд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, ойн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцоод байсан дээд, өндөр түвшний айлчлалуудыг ирэх онд аль болох ойрын хугацаанд зохион байгуулахаар ярилцсан байна.
Хуралдааны төгсгөлд Энэтхэг улсын Гадаад харилцааны сайд “Ганжуур Данжуур”-ын монгол хэлнээ орчуулсан дээжээс Монголын талд бэлэглэжээ. Мөн Монгол, Энэтхэгийн дипломат харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан “Монгол шуудан” компаниас гаргаж буй шуудангийн маркийг хоёр тал албан ёсоор зарласан байна.
Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар даргалжээ.
Тус хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох яамны төлөөлөгчид оролцов. Энэтхэгийн талаас тус улсын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива тэргүүтэй манай улстай хамтын ажиллагаа хөгжүүлж буй холбогдох яамны өргөн төлөөлөл оролцсон байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ