Малчны зээлийн хүү 10 хувь болж буурлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Малчны зээлийн хүү 10 хувь болж буурлаа

Үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй ч бэлэн мөнгөгүй малчин иргэдийг Засгийн газраас дэмжиж жилийн 30 хувийн хүүтэй байсан малчны зээлийг өнөөдрөөс жилийн 10 хувь, сарын 2.5 хувийг 0.8 болгон бууруулж байна. Төрийн банкаар дамжуулан олгох уг зээлийг авах хүсэлтэй иргэн “Малчин” данстай, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалаа төлж, малаа тогтмол тарилга туулгад бүрэн хамруулдаг байх шаардлагатай гэнэ. Эдгээр бүх шалгуурыг хэрэгжүүлсэн бол таван сая хүртэлх төгрөгийг жилийн 10 хувийн нөхцөлтэйгөөр Төрийн банкнаас зээлээр авах боломж өнөөдрөөс бүрдлээ. Хамгийн гол нь тухайн иргэний мал эрүүл байх ёстой. Мал эрүүл байна гэдэг нь үйлдвэрлэлийн асар их боломжтойг илтгэнэ гэж салбарын сайд нь харж байна. Гэхдээ жилийн 10 хувийн хүүтэй зээлийг нийт малчдын 0.1 хувь 15 мянган сайн малчин л авах эрхтэй аж. Монгол Улсын хэмжээнд 153 мянган малчин өрх бий. Эдгээрээс 120 мянган өрх нь нийт 222 тэрбум төгрөгийн зээлтэй юм.

Ийнхүү малчны зээлийн хүү буурснаар тэдэнд ирэх зээлийн хүүгийн дарамт буурна гэж тооцоолжээ. Жишээлбэл өмнө нь 29.5 хувийн хүүтэй таван сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд зургаан сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор таван сая 375  мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх юм байна. Мөн малчид бага хүүтэй малчны зээл авахыг хичээж нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрээ тогтмол бөглөж, малаа эрүүл байхад анхаарч эхэлнэ. Ингэснээр Монгол Улсын нийт мал эрүүлжих, экспортлох боломж гарч ирнэ гэж Засгийн газраас тооцжээ. Үүнээс гадна зээлийн хүүг бууруулах бодлого халамжийн хөтөлбөр бус хариуцлагатай, хөдөлмөрч малчдыг дэмжих, хот руу чиглэсэн нүүдлийг сааруулах зэрэг давуу талтай аж.

Харин малаа вакцин, туулга, ариутгалд хамруулдаггүй, эрүүл мэнд болон нийгмийн даатгалаа тогтмол төлдөггүй, “Малчин” дансгүй малчид 18 хувийн хүүтэй зээлээ аваад явах нь нээлттэй гэж Төрийн банкнаас мэдээллээ. Тус банк  өнгөрсөн хоёрдугаар сард  Засгийн газрын тогтоолын дагуу 17 мянга 411 малчин зээлдэгчийн жилийн хүү нь 30 хувь байсныг 18 хувь буюу сарын 1.5 хувь болгон бууруулж байсан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж