Т.Түмэнжаргал: 2021 оноос сурагчдын үдийн хоолны зардлыг хасахад хүрч байна

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Т.Түмэнжаргал: 2021 оноос сурагчдын үдийн хоолны зардлыг хасахад хүрч байна

Т.Түмэнжаргал: 2021 оноос сурагчдын үдийн хоолны зардлыг хасахад хүрч байна

Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өчигдөр танай яамнаас зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнсний дэмжлэг үзүүлж эхэлсэн талаар мэдээллэсэн. Энэ ямар учиртай дэмжлэг вэ?

-Хөл хорионы дэглэмийн улмаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт цахим хэлбэр рүү шилжсэн. Үүнээс улбаалан манай яамнаас үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа гаргасан.  Хөл хорио тогтоосон энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүнс тэжээлийн хомсдолд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгаа гарган зорилтот бүлгийн эдгээр хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүнийг түгээх ажлыг зохион байгуулахаар асуудлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулан “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2020 оны 188 дугаар тогтоол гаргуулсан. Тогтоолыг хэрэгжүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” 2020 оны А/162 дугаар тушаал мөн гарсан. Энэ ажлыг энэ долоо хоногт орон даяар эхлүүллээ. Одоогоор 3000 гаруй хүүхдэд хүнсний бараа бүтээгдэхүүний дэмжлэгийг хүргээд байна. Хүнсний дэмжлэг үзүүлэх ажил энэ сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

-Манай улс 2006 оноос Үдийн цайны үйлчилгээг эхлүүлж, улмаар суралцагчдыг эрүүл, шим тэжээлллэг хоол хүнсээр хангах, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хэрхэн хангагдаж байна?

-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 820 сургуульд 1-12 ангийн 680 гаруй мянган хүүхэд сурч байна. Эдгээр суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах юм. Хуулинд зааснаар 2021 оны 9 сарын 1-нээс сургуулийн бага ангийн сурагчдад үдийн хоол өгч эхлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлэхэд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг стандартын шаардлага хангуулах, хүний нөөцийг бэлтгэх, хүнсний хангамжийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудал бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацааны хувьд, хөрөнгө санхүүгийн хувьд нэлээд зардал зарцуулагдахаар судалгаа, тооцоо гарч байгаа. Тухайлбал,

206 сургуулийн гал тогоог засварлах, 372  сургуулийн гал тогоог зориулалтын тоног төхөөрөмжөөр хангахад 40 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Мөн гал тогоогүй сургуулиуд ч  байна,  хүүхдийн тоо ихтэй гал тогооны хүчин чадал бага өргөтгөх шаардлагатай газрууд нэлээдгүй байна.

Улмаар сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай үүнийгээ дагаад цалингийн зардал, үдийн хоолны зардал гээд нэлээд тооцоо гарч байгаа. 2021 оны улсын төсөвт үдийн хоолны зардал хуучин үдийн цайны зардлын хэмжээгээр батлагдсан.

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 үйл ажиллагааны төлөвлөгөөнд Үдийн цайг Үдийн хоол болгох чиглэлээр тодорхой зорилтууд тусгагдсан. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Eрөнхий боловсролын хоол үйлдвэрлэлийг дэмжсэн үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Сайдын тушаалаар батлуулаад байна. Мөн хуульд заасан холбогдох дүрэм журам, жагсаалтуудыг бусад яамтай хамтран боловсруулж байна. 

Үдийн цаг үдийн хоол болгох ажил нэг жилээр хойшилж магадгүй гэсэн үг үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Covid-19 цар тахлын нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Нэг хүний хайрхамжгүй үйлдэлээс түүний гэр бүл, хамт олон, цаашлаад оршин суугаа газрынх нь иргэдэд эрсдэл тулгарч байна. Дам утгаараа нийгэм, эдийн засгийн чанартай нөхцөл байдлын шалтгаан ч болж байна. Тиймээс хариултыг шууд хэлэхэд эрт байна.

Ер нь бол хүүхдийн оюуны болон бие бялдарын өсөлт хөгжилтийг дэмжсэн эрүүл шим тэжээллэг хоол хүнс өгөхөд одоо өгч байгаа үдийн цайны мөнгийг зайлшгүй нэмэх шаардлагатай. Зардлыг зөвхөн төр хариуцахаас гадна эцэг, эхчүүдийн оролцоо дэмжлэгийг авахаар төлөвлөж байгаа. Бид зөвхөн төсвийн мөнгийг харж суух биш хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хандаж, тэдний дэмжлэгийг авч эхэлсэн. Гадаадын хэд хэдэн төслүүд хэрэгжихээр болж байгаа ч үр дүнгээ өгөхөд 2-3 жил болно. Гэтэл хууль маань хэрэгжээд эхэлсэн. Ирэх оны есдүгээр сараас 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд өдөр бүр халуун хоолоор үйлчлэх ёстой.

Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Өнөөдрөөс л бид ирээдүйн иргэнийхээ эрүүл мэнд, боловсролд анхаарах ёстой.  Хөрөнгө оруулалтыг нь бага багаар ч болов ахиулж байж хэдэн жилийн дараа үр дүнгээ өгөх ажил. Энд зөвхөн хүүхдүүдийг хооллох асуудал биш тэдний хоол шим тэжээлийн боловсрол, эрүүл зөв хооллох дадал суулгах гээд хүүхдийн боловсрол, хүмүүжилд чиглэсэн давхар бодлого явж байгаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн гал тогооны зориулалтын, стандартын техник тоног төхөөрөмжтэй болгоход төрөөс илүү анхаарч байгаа тул энэ чиглэлийн төсвийг нэмэгдүүлэх нь зүйтэй.

-Хуулийг хэрэгжүүлэхэд дан ганц хөрөнгө оруулалтын хүчин зүйлээс гадна хүний нөөц чухал. Сургуульд ажиллах тогооч нараа хэрхэн бэлтгэж байна?

-Яг үнэн. Мэргэжлийн боловсон хүчин, тэрдундаа тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх асуудал маш чухал. Бидний хэрэгжүүлэх бодлого тэдний гараар дамжиж хүүхдэд хүрнэ. Тиймээс яамны зүгээс нийслэл орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай сургалтуудыг зохион байгуулж  байна. Энэ удаагийн сургалтаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамтай хамтран тогооч нарын ур чадварыг үнэлэн баталгаажуулж, цахим бүртгэлд бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн. Цаашдаа  бид олон улсын байгууллагын дэмжлэгээр хоолзүйч, тогооч, бэлтгэгч болон  эцэг эхчүүд, хүүхдүүд, хүнсний ханган нийлүүлэгчид гээд сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд оролцогч бүх талуудад зориулсан орчин үеийн  тоног төхөөрөмжөөр хангагдсан онолын болон туршилтын анги, онлайн танхим бүхий сургалтын нэгдсэн бааз суурийг байгуулахаар ажиллаж байна.

Ш.Чимэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж