“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочоос Covid-19-ийн халдвар илэрч, онош батлагдсан талаар өнөөдөр /2020.12.04/ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.
Тус автобус баазын 17 хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн өнгөрсөн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамруулж байна гэдгийг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд 100 автобус явах боломжгүй болжээ.
Энэ талаар Нийтийн тээврйин үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа. Тэрбээр “Өнөө өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд 14 чиглэлд 100 автобус явах боломжгүй болсон. Тиймээс хувийн хэвшлийн компаниуд болон “Автобус бааз 2”, “Автобус бааз 3” компанийн нөөц автобусыг үйлчилгээнд гаргалаа. Жишээлбэл, бид 10 автобус явах байсан чиглэлд 6-7 автобус явуулж байна. Эдгээр чиглэлд зорчиж буй иргэд автобус удаан хүлээх, цөөн автобус явах асуудал гарсан. Урьдчилсан байдлаар бид ирэх долоо хоногт жолооч нарын шинжилгээний хариу гарна гэж ажлаа төлөвлөж байна” гэв.