Оросын арми анхны БМП-Т танк дэмжих зэвсгийн салаагаа хүлээн авчээ. Гэхдээ тус технологи анх 30 жилийн өмнө бүтээгдсэн ч тухайн үедээ онц шаардлагагүй гэдэг шалтгаанаар үндсэн зэвсэглэлд багтаж чадаагүй гэнэ. БМП-Т машиныг өөрөөр терминатор хэмээн нэрлэдэг бөгөөд тулааны талбарт дэмжлэг үзүүлэхийн сацуу дайсны бүх танк эсэргүүцэгчийг илрүүлэн устгаж, өөрийн талыг аюулаас хамгаалах зориулалттай юм.
Харин өдгөө ОХУ-ын армийн хуурай газрын хүчнийнхэн эхний найман терминаторыг хүлээн авч цэргийн туршилтад оруулахаар бэлдэж эхэлсэн байна. Тийнхүү туршихдаа терминаторуудыг Челябинскийн 90-р танкийн салаатай хамт ажиллагаанд явуулж турших гэнэ.
БМП-Т машинууд Оросын гол танк болох Т-90 танкны явах эд ангийг ашиглан бүтээгдсэнээс гадна их бууны оронд олон янзын зэвсэгтэй гэнэ. Терминатор өөр дээрээ 30мм хоёр ширхэг пулемёттой, хоёр ширхэг АГД-17 автомат бөмбөг харвагч, дөрвөн ширхэг 9М120-1 Атака танк эсэргүүцэгчтэй бөгөөд нэмэлтээр алсын удирдлага бүхий 7.62мм пулемёт суурилуулах боломжтой аж. Харин удирдлагыг нэг жолооч, дөрвөн зэвсгийн оператороос бүрдсэн таван хүний баг удирдах аж.
БМП-Т машиныг анх 1980-аад оны сүүлээр зохион бүтээсэн ч ашиглагдалгүй байсаар 1994-1995 онд үргэлжилсэн Чечений дайны дараачаас чухал ач холбогдолтой болох нь ойлгогджээ. Учир нь ОХУ-ын танк, хуягтууд Чечений цэргүүдийн эсэргүүцлээс болж маш их хохирол амссан юм. Жишээлбэл, 1994 оны шинэ жилийн үдэш ОХУ-ын цэрэг Грозни хотод бут ниргүүлсэн юм. Тэрхүү тулаанд 131-р Майкоп бригад л гэхэд 800 цэрэг эрсийн амь, 26 танкийнхаа 20-ыг, 120 хуягт машиныхаа 102-ыг хоёр өдрийн дотор алдсан аж.
ОХУ, ЗХУ-ын танкууд жижиг эх бие, намхан цамхагаараа онцлогтой байдаг. Энэ нь тэдэнд тулааны талбарт анзаарагдахгүй байх, өнгөлөн далдлахад амар зэрэг давуу тал олгодог ч намхан цамхаг нь их бууг босоо чиглэлд хөдлөх боломжгүй болгодгоороо сул талтай юм. Ингэснээрээ орчин үеийн тулааны талбарт тэдгээр танкийг олон давхар барилгаас төвөггүй устгах боломжтой бөгөөд танк их буугаа хангалттай өндөрт өргөж чадахгүй тул эсэргүүцэх ямар ч аргагүй юм. Хэдийгээр тэдгээр танканд дээшээгээ буудах зориулалттай 12.7 мм пулемёт байдаг ч тэр нь нисдэг тэрэг, онгоц буудах зориулалттай тул пулемётын ажиллуулах үед танкийг удирдах боломжгүй болдог юм.
Харин терминатор машинууд нь олон давхар барилга бүхий орчин үеийн тулааны талбарт төгс зохицон ажиллаж, барилга доторх танк эсэргүүцэгчдийг шуурхай илрүүлэн гал нээхээс нь өмнө устгах чадвартай гэнэ.
Барууны армиудад БМП-Т машинтай төстэй техник огт байдаггүй, тэд ч өөрсдөө энэ төрлийн техникийг онц шаардлагагүй хэмээн үздэг билээ. Учир нь сүүлийн үед болсон тулаануудаас харахад АНУ-ын армийн танкууд орчин үеийн тулааны талбарт ч сайн зохицон ажиллах чадвартай байна. Тэгээд ч Барууны армиуд танкийг зөвхөн шаардлагатай тохиолдолд ашигладаг гэнэ.
Эх сурвалж: POPULAR MECHANICS
Холбоотой мэдээ