Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа энэ үед дотоодын халдварыг тархаахгүйн тулд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Ийм цаг үед олон аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажлын байраа хадгалж үлдэх боломжгүй болж, МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар 152 мянган ажлын байр үгүй болж, цаашид нөхцөл байдал хүндэрвэл 430 мянган ажлын байр цомхотголд орохыг тодотгосон. Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн зүгээс ч төрөөс бодитой дэмжлэг байхгүй байна гэдгийг хэлсээр буй.
Тэгвэл энэ цаг үед төр ч бас хэмнэлт хийх ёстой, ачааныхаа хүндийг тэгж хуваарлах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл чуулганы хуралдааны үеэр онцолсон. Тэрбээр "Бид нийтээрээ тооцоолоогүй хүндрэлд орж, тооцоолоогүй ачаалал ирж байна. Тэгвэл энэ ачааллыг хэн үүрэх вэ. Нэг хэсэг нь төр гэж байгаа бол нөгөө талдаа иргэд, бизнес эрхлэгчид бий. Ачааны хүндийг үүрэлцэж болох нэг хэсэг нь төрийн албан хаагч, төрийн өмчит компаниуд гэж бодож байна. Эдгээр байгууллагын 2,4 их наядын цалингийн сангийн 20 хувийг танах боломж бий юм бишүү. Хэмнэлт хийснээр ойролцоогоор 504 тэрбум төгрөг танах боломж байна гэж харж байна. Ингэхдээ тодорхой ялгаатай, зэрэглэлээс дээш албан тушаалтнуудын цалин, урамшууллыг танах боломж бий. Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Илүү өндөр хувиар байх гэх мэт зохицуулалт хийх боломжтой юм шиг харагдаад байна. Тэгэхээр энэ ачааг тэнцүүлэх боломж байна” гэдгийг тодотгосон. Ингэхдээ тэрбээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг ч хамруулах ёстой гэдгийг онцолсон юм.
Харин түүний асуултад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Таны санал их чухал санаа байна. Бид авдраа уудлаад үзвэл удирдаж, ашиглаж чадахгүй зүйл олон байна. Төрийн өмчит компаниуд гэхэд 30 их наядын өгөөжгүй хөрөнгө байгаа юм. Хямрал бол боломж гэж үг байдаг. Тиймээс бид төрийн өмчит компаниудын менежмент, 200 мянган ажилтан, албан хаагчдын цалин урамшууллыг эргэн харж, төсвийн боломж, нөөц гэж харах боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тогтоол гарч байгаа. Энэ тогтоолд төрийн өмчит компаниуд дээр байгаа боломжуудыг төсвийн эх үүсвэр болгон ашиглах боломжтой” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Монголд 200 мянга орчим төрийн албан хаагч бий. Гэхдээ эндээс төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит компанийн удирдлагын цалинг хамгийн түрүүнд танаж, ачааллыг тэнцүүлэх боломж бий. Төрийн өмчит компаниудын захирал, газрын дарга нарын цалин гэхэд 4-6 сая орчим төгрөг бий. Гэвч төрийн өмчит компаниуд төсөвт орлого оруулж, татвар төлдөг нь цөөхөн, ашиггүй ажиллагаа, өр, зээлтэй нь илүү олон. Тиймээс төрийн өмчит компаниудыг ашигтай ажиллуулах, менежментийг нь сайжруулж, төсөвт орлого төвлөрүүлэх боломжийг судалж, Засгийн газар санаачлагатай ажиллах хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын удирдлагууд ч мөн энэ асуудалд эмзэглэхгүй байх нь хүнд цаг үед ачааллыг тэнцүүлэхэд чухал үүрэгтэйг сануулъя.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ