Хятадын ардын чөлөөлөх арми биологийн чадварыг нь сайжруулсан, супер цэрэг бүтээх туршилтаа хүн дээр хийж дуусгасан хэмээн АНУ-ын тагнуулын албаны өндөр албан тушаалтан өнөөдөр/2020.12.04/ мэдээлжээ.
Үндэсний тагнуулын албаны захирал Жон Ратклифф маш урт нийтлэл Wall Street сэтгүүл дээр хэвлүүлжээ. Тэрбээр нийтлэлдээ АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эсрэг Бээжин мөнхийн аюул заналхийлэл гэж үзэж байгаагаа тайлбарласан аж.
“Улам хүчирхэгжсээр байгаа Бээжинг зогсоох юу ч алга. Хятадын ардын чөлөөлөх арми өдгөө АНУ-ын эсрэг, ардчилал, эрх чөлөөний эсрэг хоёрдугаар дайнаас хойш хамгийн том аюул заналхийлж байна. Тагнуулын мэдээлэл ойлгомжтой, тодорхой байна. Тухайлбал, Бээжин эдийн засаг, цэргийн хүч, технологийн чадвараараа АНУ-ыг төдийгүй бүх дэлхийг байлдан дагуулахаар зэхэж байна” хэмээн Ратклифф бичжээ. Бүгд найрамдах намын гишүүн тэрбээр өмнө нь Техасаас сонгогдсон Конгрессийн гишүүн байсан юм. Одоогоор Радклифф нийтлэл дээрээ бичсэн зүйлсийг үнэн эсэх талар болон Хятадын бүтээж буй супер цэрэг гэдэг нь үнэхээр “Captain America”, “Bloodshot”, “Universal soldier” гэх мэт Холливудын кинонд гардаг шиг супер цэрэг мөн үү гэдэгт ямар ч тайлбар өгөөгүй байгаа гэнэ.
Өнгөрсөн жил хоёр ч америк эрдэмтэн Хятадыг дайны талбарт биотехнологи, тэр дундаа генийг нь өөрчилж, биологийн чадварыг нь өөрчилсөн цэрэг ашиглах өндөр сонирхолтой байгаа талаар өгүүлэл бичиж байсан удаатай. Тэгэхдээ тэдгээр эрдэмтэд Хятадыг ген өөрчлөх “тогтмол хэлбэлзэлтэй богино палиндромик давтамжийн кластерууд” төхөөрөмжийг онцгой анхааран хөгжүүлж байна хэмээн баталсан юм. Дээрх төхөөрөмжийг ихэвчлэн ургамал судлах, сорт өөрчлөх зэрэгт хэрэглэдэг ч барууны эрдэмтэд ген өөрчлөх зорилгоор эрүүл мэндийн салбарт ашиглах боломжтой хэмээн үзсээр иржээ.
Түүнээс өмнө нь ч уг сэдвийг хэд хэдэн эрдэмтэд, батлан хамгаалахын өндөр албан тушаалтнууд хөндөж сонин, сэтгүүлүүдэд ярилцлага өгч байсан билээ. Тэр байтугай Хятадын нэгэн генерал 2017 онд “Орчин үеийн биотехнологи болон түүний мэдээллийн хүч чадал, нано технологи гэх зэрэг нь цэрэг, хүчний байгууллагын зэвсэглэл, чадвар, дайны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой ашигтай” хэмээн ярьж байсан юм.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ