Америкийн “Time” сэтгүүл 2020 онд анх удаа "Оны хүүхэд"-ийг нэрлэлээ. Энэхүү өргөмжлөлийг өдгөө 15 настай, дэвшилтэт технологийн судлаач Гатанжали Рао охин хүртсэн байна.
Жил бүр "Оны хүн" шалгаруулдаг тус сэтгүүл энэ жил "Оны хүүхэд" гэсэн шинэ номинаци нэмжээ. “Time” сэтгүүлийн хамт олон "АНУ-ын шинэ үеэс тодорч буй хамгийн залуу ‘удирдагчид’-ыг үнэлэх хэмжүүр байх ёстой” гэж үзсэн байна.
Дээрх номинацид АНУ-ын 8-16 насны нийт 5000 хүүхэд нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд тусгайлан байгуулсан комисс тэднээс тавыг нь шигшиж, улмаар Рао охин ялагчаар тодорсон байна.
“Time” сэтгүүлд тэмдэглэснээр, эдгээр хүүхдүүд хямралд орсон хүмүүст хоол хүнс цуглуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж тоглоом бүтээж, арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг зогсож, шударга ёсны төлөө дуугардаг ажээ.
Тусгай комисст Раогийн хичээл зүтгэл хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэрбээр хиймэл оюун ухаан, нүүрстөрөгчийн нано хоолой цэвэрлэх технологи зэрэг шинжлэх ухааны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг судалдаг, тэдгээрийг өдөр тутмын амьдралд тохиолддог бэрхшээлийг даван туулахад ашигладаг аж.
Гатанжали Рао Холливудын нэрт жүжигчин, хүмүүнлэгийн үйлст 10 гаруй жил хүчин зүтгэж буй нийгмийн идэвхтэн Анжелина Жолитой Колорадогоос хичээлийнхээ завсарлагаанаар Zoom-ээр холбогдож, сургалтын үйл явцын талаар мэдээлсэн байна. Тэрбээр нано технологи ашиглан бохирдсон ундны уснаас эхлээд опиоид донтолт, кибер гадуурхалт хүртэлх асуудлыг шийдвэрлэх тухай гайхмаар ажлынхаа талаар, дэлхийн өнцөг булан бүрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн залуу шинийг санаачлагчдын нийгэмлэг байгуулах зорилтынхоо талаар ярьжээ.
Видео чатаар түүний гайхалтай оюун ухаан, өгөөмөр сэтгэл бусад залууст урам зориг хайрлаж, маш их сэтгэгдэл хүлээн авсан байна. Гатанжали Рао “Асуудал болгоныг засах гэж бүү хичээ. Зөвхөн сэтгэлийг тань хөдөлгөсөн асуудалд л анхаарлаа төвлөрүүл. Хэрэв би үүнийг хийж чадвал бусад хүмүүс ч хийж чадна" гэж хэлжээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: THE TIME
Холбоотой мэдээ