🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Thursday, December 3, 2020
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг дахин анхны хэлэлцүүлэгт буцаав
Баасан гаригийн чуулганы хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэхээр төлөвлөсөн боловч байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгүүлэхээр буцаалаа.
Учир нь Нутгийн удирдлагын дэд хорооноос ирэх долоо хоногт цахимаар шинээр сонгогдсон орон нутгийн удирдлагуудтай уг хуулийн төслийг хэлэлцүүлэх санал гаргажээ. Мөн нийслэлээс сонгогдсон гишүүдээс Хот тосгоны тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиудтай дээрх хуулийн төслийг уялдуулах шаардлагатай гэсэн саналуудыг тус тус гаргажээ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж гүйцээн боловсруулах чиглэлийг УИХ-ын дарга өгснөөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг дахин анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.
Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг баталлаа. Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Мөн малын бүх төрлийн өвс, тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль эрхзүйн орчин бүрдлээ.
Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь толилуулж байна.
УИХ-аас баталсан “Апсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах” зорилтын хүрээнд зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна.
Нэг.Авто замын салбарын бүтээн байгуулалтын ажлын талаар:
Монгол Улс нь нийт 112,414.2 км авто замын сүлжээтэйгээс 14918.7 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаардаг бөгөөд үүний 48.5 хувь буюу нийт 7227.5 км нь хатуу хучилттай зам байна.
2020 оны 10 дугаар сард Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдлоо.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 75.4 хувыай байна. Энэхүү авто замыг 2021 онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.
Авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд нийт 123 чиглэлийн 1,902.7 км авто зам болон 27 байршилд 1376.6 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж байна.
2020 онд 703.21 км авто зам, 1000 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж, одоогийн байдлаар 185 км авто зам, 668 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулаад байна.
Авто замын салбарт 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлын гүйцэтгэл дараах хувьтай байна. Үүнээс:
-улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто зам, гүүрийн барилга угсралтын ажил 90 хувь;
-гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 62 хувь;
-төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй нийт авто замын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ онд ашиглалтад оруулах томоохон төсөл, арга хэмжээнээс дурдвал:
-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто зам, Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн 12.82 км, Баян-Өлгийн аймгийн төвийн 10.4 км хатуу хучилттай авто зам, Туул гол дээрх 205.1 у/м,
-Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын голын 62 у/м, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Онон голын 150 у/м, Хэнтий аймгийн Дадал сумын 238.9 у/м төмөр бетон гүүр;
-Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Баруун босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум хүртэлх 20.3 км хатуу хучилттай авто зам.
Монгол Улс 2004 онд “Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орж, уг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ үе шаттай биелүүлж байгаа боловч олон улсын авто тээврийн харилцааг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох ажил удаашралтай байна.
Тухайлбал, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамрагдаж буй авто замын сүлжээний ашиглалтын байдлыг авч үзэхэд Азийн авто замын сүлжээний ангилалаар БНХАУ-ын авто замын сүлжээ нь бүхэлдээ нэгдүгээр зэргийн, ОХУ-ын авто замын сүлжээ нь хоёрдугаар зэрэгт хамаарагдаж байна.
Харин манай улсын авто замын сүлжээ нь дээрх ангиллын 2-3 дугаар, зарим хэсэгтээ гуравдугаар зэрэгт ч хүрэхгүй байгаа нь коридороор үр ашигтай, аюулгүй тээвэрлэлт явуулахад сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд авто замын сүлжээний ашиглалтын байдал, чанар, стандартыг сайжруулах, хөрш орнуудын жишигт хүргэх зайлшгүй шаардлагатай.
Энэ хүрээнд олон улсын авто замын сүлжээг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг бий болгох зорилгоор Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн Улаанбайшинт- Ховд-Ярант чиглэлийн нийт 756 км авто замын сүлжээг 2021 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгалтай- дөрвөн эгнээ бүхий нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж, шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн ажил болох хоёр эгнээ авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр таван багц хэсгээр эхлүүлсэн. Гэрээний дагуу барилгын ажлыг 2020 оны 6 дугаар сард багтаан дуусгах байсан боловч КОВИД-19 халдварын цар тахлын улмаас гадаад ажиллах хүч Монгол Улсад төлөвлөсөн хугацаанд орж ирж чадаагүй тул гурван багц хэсгийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.
Харин Багц-2, Багц-4 хэсгийн гүйцэтгэгч гэрээ цуцлах хүсэлтээ 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн тул гэрээ цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хоёр багц хэсгийн нийт 90.58 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг энэ онд багтаан зохион байгуулж, ажлыг 2021 оны 3 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Одоогоор Багц-1 хэогийн ажлын гүйцэтгэл 85.43 хувь, Багц-3 хэсгийн ажлын гүйцэтгэл 69.75 хувь, Багц-5 хэсгийн ажлын гүйцэтгэл 70.46 хувьтай байгаа бөгөөд авто замын үндсэн трассаар 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээгээд байна. Нийт 204.11 км авто замын 135.19 км-т хатуу хучилттай авто замаар /үүнээс 65.03 км шинээр баригдсан, 70.16 км хуучин хучилтаар/, 68.92 км-т цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар нээсэн болно.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км, Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км тусгай зориулалтын авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, концессын “зураг төсөл боловсруулах-барих- ашиглах-шилжүүлэх” гэрээ байгуулан хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд авто замын салбарт зам барилгын ажил богино хугацаанд хурдтай хийгдэж, авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын урт нэмэгдэж байгаа боловч авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, засвар арчлалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай байна.
Энэ хүрээнд олон улсын болон улсын чанартай авто замын урсгал засвар арчлалтын ажилд 2020 оны улсын төсөвт батлагдсан 52.0 тэрбум төгрөгийн санхүүжилтэд багтаан авто замын засвар арчлалтын 32 байгууллага авто замын бэлэн байдлыг хангаж, засвар арчлалтыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 97.8 хувьтай байна.
2020 онд олон удаагийн давтамжтай орсон аадар борооны улмаас үер бууж, нийт 18 аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 46 байршилд улсын чанартай авто зам, замын байгууламжид гэнэтийн эвдрэл, гэмтэл үүссэн. Иймд 2020 оны төсвийн тодотголын хүрээнд нийт 5.8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, үерийн улмаас звдэрсэн авто зам, замын байгууламжийг засварлахад шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын чанартай авто замуудын засварын ажлыг бүрэн гүйцэтгүүлэх, халтиргаа, гулгаанаас хамгаалах хуурай элс, дайрга, давс, бодис нөөцлөх, машин механизм, хүн хүч бэлтгэх ажлыг хангуулж байна. Мөн өвлийн улиралд зам, даваа цасанд хаагдаж боогдох, халтиргаа гулгаа үүсэх үед шуурхай арга хэмжээ авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний саадгүй нэвтрүүлэх, авто замын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд нийт 43 цэгт шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.
Авто зам, гүүрийн арчлалт, урсгал засварын ажлын зардлын хэмжээг суурь нормын дагуу тооцож үзэхэд олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахад урсгал засвар, арчлалтад жилд 113.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд цаашид хөрөнгө оруулалтыг үе шаттай нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Нөгөө талаар нийт хатуу хучилттай авто замын сүлжээний 55 хувь нь нормативт хугацаагаар ээлжит болон их засвар зайлшгүй хийгдэх шаардлагатай байгаа бөгөөд ээлжит засварын шаардлагатай хөрөнгө оруулалт жил бүр хангалттай хэмжээнд төлөвлөгддөггүйгээс дараагийн шатны буюу өртөг их шаарддаг их засвар, шинэчлэлтийн ажлыг хийх шаардлага бий болж байгааг анхаарах шаардлагатай байна.
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй
УИХ-ын Баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа.
УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу санал хураалтыг гараа өргөж явуулах горимын саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гаргасан тул хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувиар уг саналыг дэмжив.
Ингээд төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.
Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна хэмээн үзээд төсөвт бүхэлд нь хориг тавьсан боловч УИХ хүлээж авсангүй.
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн юм. МАН-ын олонх гишүүд хоригийг дэмжээгүй учраас АН-ын бүлэг санал хураалтанд оролцохгүйгээ илэрхийлээд хуралдааныг орхин гарав.
АН-ын бүлгийн гишүүд ирэх оны төсөвт вакцин худалдаж авах мөнгийг зайлшгүй тусгах ёстойг хэлж, мөн ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдал, хил гаалийн байгууллагад хийх хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж бусдыг нь ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд нэг их наяд 158 тэрбум төгрөгийн өртөгтэй 149 төслийг царцааж, 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэх боломжтой. Түүнчлэн уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хүртэлх хувь буюу нэг их наяд төгрөгийг ЖДҮ-ийн санд төвлөрүүлж, импортыг орлох ажлын байр бий болгож аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Манай улсын хувьд вакцины захиалга өгөхөөр Дэлхийн банкнаас 50.6 сая ам.долларын зээл хүссэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр “Дэлхийн хөгжиж байгаа ядуу буурай орнуудад зориулсан вакциныг түрүүлж авах боломжоор хангаж байгаа цорын ганц хөтөлбөр бол Ковакс. Энэ хөтөлбөрийг дэлхийн дөрвөн байгууллага санаачилсан. Санаачилсан байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид дэлхийн банкинд хандаж байгаа. Хэн нь мөнгөө төлсөн нь вакцинаа түрүүлж авна. Том хөгжилтэй орнууд мөнгөө өгөөд захиалчихсан байгаа. Тэгэхээр манайх шиг орнууд захиалга өгөхөд хүндрэлтэй байдаг учраас бид Ковакс хөтөлбөрт орж, Дэлхийн банкаар дамжуулан авах хүсэлтээ өгсөн. Дэлхийн банк санаачлагчийн нэг учраас тус банкнаас мөнгө авбал худалдан авалт дотор Монгол ороод вакцин авчих боломж бүрдэж байгаа юм. Хоёр, гурван сарын өмнө бусдаас урьтаж, богино хугацаанд коронавирусийн эсрэг вакцин авах гээд бүх бололцоогоо дайчилж байна” гэсэн юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан “Ковакс” хөтөлбөрт орсноор вакцин авах очер дарааллын урдуур орж байна гэж ойлгох хэрэгтэй хэмээн тайлбарлав.
Ерөнхийлөгч хоригтоо дараах дөрвөн саналыг тусгаад байсан юм.
- Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
- Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
- Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
- Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.
Т.Доржханд: Ерөнхийлөгчийн хориг болгон алдаатай байх юм
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. Ерөнхийлөгч төсвийн хоригт дөрвөн саналыг тусгасан. Тухайлбал, Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, Эрсдэлийн сангаас өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглаж нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавирусын эсрэг вакцин худалдаж авахад зарцуулах гэсэн саналуудыг тусгасан.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Бодит эдийн засаг 7.4 хувиар уначихаад байхад сэргэлт ажиглагдаж эхэлж байна. Ийм учраас Ерөнхийлөгчийн төсөвт тавьж байгаа хоригийг боломж гэж үзэж хүлээж авах ёстой. Төсвийн хоригийг хүлээж авах өөр нэг үндэслэл нь энэ төсөвт шинээр хийх 457 ажил байгаа. Үүний 800 тэрбум төгрөгийн санхүүжилттай, үүний зөвхөн 384 тэрбум төгрөг нь 2021 онд гарахаар байгаа. Хэрвээ одоо энэ хоригийг хүлээж авахгүй бол он гараад гуравдугаар сард ч юм уу тодотгол хийхэд тэр үед энэ ажлууд аль хэдийн хөдөлчихсөн шал өөр ангилал руу орчихсон байх болно. Шинээр эхэлж байгаа ажлуудыг яг одоо шинэ байдалд нь зогсоох боломжууд байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Ерөнхийлөгчийн хоригт ажил хэрэгч саналууд байна лээ. Гэтэл зөвлөх Л.Болд сануулга гэх юм. Төсвийг дагаж гарах хоёр тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сануулгыг тусгах боломжтой. Шийдэл л яръя. Зовсон ард иргэдээ баярлуулан гомдоодог ийм л болчихлоо. Бөөн хүлээлт болдог. Тэгээд иргэд бухимддаг. Зөв тооцож байж төсөл хөтөлбөрүүдээ зарладаг баймаар байна. Дунд нь иргэд учраа олдоггүй. Төрийн сан хоосон сан. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв бид баталдаг. Авдар нь хоосон, дээр нь цоорхой. Гэхдээ авдрын ёроолоос атга гурил гарна. Засгийн газрын тусгай сангууд бий. Эхний 10 сарын гүйцэтгэлээр үйлдвэрийн ослоос хамгаалах даатгалд 131 тэрбум төгрөг, Ажилгүйдлийн даатгалд 24 тэрбум төгрөг байна. Нийт бидэнд өнөөдөр 200 гаруй тэрбум төгрөг байна. 1 сая хүн өнөөдөр нийгмийн даатгалд мөнгө төлж байна. Энэ хүмүүс ажилгүй, орлогогүй болчихлоо. Даатгуулагчдын мөнгийг одоо л иргэддээ зарцуулах ёстой. Эрсдэлтэй нөхцөлд эгүүлэн авна гэж төлсөн шүү дээ. 48 мянган ажил олгогчдын төлж байгаа мөнгө бас бий. Эдгээр мөнгийг нэгтгээд ажлын байраа алдсан, орлогогүй болсон, эмзэг бүлгийн иргэддээ зориулсан арга хэмжээ авбал өргөс авсан мэт асуудал шийдэгдэгдэнэ. Бодит санаачлагыг иргэд хүсч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Бэлэн мөнгө, ваучер өгсөн тохиолдолд эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Хэдэн компани дампуурахгүй үлдэх юм бэ. Хий дэмий ярих бус, тооцоо судалгаатай яримаар байна. Уг нь дэмжмээр байдаг, гэтэл Ерөнхийлөгчийн хориг өөрөө улстөржилт болоод байна. Өмнөх жилийн нэгдүгээр сард ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй адил энэ удаад бас нэг сая төгрөг өгье гээд оруулаад ирлээ. Хажуугаар нь МАН-ынхан төсөвт баахан халамж чихдэг. Ийм бодлого оруулж ирмээргүй байна. Эсрэгээрээ хувийн хэвшлээ яаж дэмжих үү, ажлын байраа яаж хамгаалах уу гэдэг бодлого шаардлагатай. Олон улсад судалгаагаар нэг ажлын байрыг таван мянган ам.доллараар, харин нэг ажлын байрыг бий болгоход 10 мянган ам.доллар зарцуулж бий болгодог. Маш их зардал. Төсвийн зарлагын 90 хувь нь халамж байхад ийм тохиолдолд дахиад л мөнгө тараах гээд оруулаад ирлээ. Ерөнхийлөгчийн хориг болгон алдаатай байх юм. Өнгөрсөн жилүүдийн хориг нь мөн адил алдаатай байсан. Бүхэлд нь хориг тавих шаардлагагүй байсан юм. Хэсэгчлэн хориг тавьсан бол МАН-ынхан яаж ч чадахгүй. Ерөнхийлөгч нь мөн вакцин ярьж байна. Ковакс хөтөлбөр бол ядуу орнуудын голомтод ажиллаж байгаа хүмүүсийн 20 хувьд нь вакцин үнэгүй өгье гэсэн л онцлогтой. Хятадын Засгийн газартай хорио цээрийн яриа хийх гэхээр Монголыг тоодоггүй. Эсрэгээрээ Азийн хөгжлийн банкны платформ ашиглаад яривал ижил түвшинд ойлголцдог. Тиймээс вакцин авахад Дэлхийн банкыг ашиглах ёстой.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир:
Ерөнхийлөгчийн хоригийг хамгийн эхэнд хүлээж авах гишүүний нэг нь Т.Доржханд гишүүн гэж харж байгаа. Та Сангийн яам мөн олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүн. ДНБ-ний 39 хувийг үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэр долоо хувь, бөөний болон жижиглэн 12 хувь гэсэн бүтэцтэй. 100 мянган ААН-ийн дийлэнх нь таг зогсчихлоо.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Ерөнхийлөгч яагаад төсөв дээр хориг тавих боломж байдаг вэ гэхээр өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд зориулагдсан, хуулийн боломж юм гэдгийг бид бүгд ойлгож байгаа. Харамсалтай нь асуудлыг улстөржүүлж байгаад харамсч байна. Дайны байдалтай цар тахлыг зүйрлэж байгаа. Ерөнхий сайд нь ч хэлсэн. Бодит байдлаа дүгнээд зөв арга хэмжээг авах боломжийг Ерөнхийлөгч олголоо. Тодотгох асуудал бол арай өөр хэлбэр. Төсвийн тодотголын цагийг хүлээхээс илүү хоригийн асуудлыг хийх ажил байна. Эдийн засгийг богино хугацаанд хэрхэн сэргээх хэрэгтэй вэ гэдэг бол энэ үндэсний ваучер гэж ойлгож байгаа. Эдийн засгаа сэргээх нь хамгийн чухал. Ингэхийн тулд үндэсний үйлдвэрүүдээ дэмжих ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Хоригийг дэмжиж байна. Улстөржих асуудал биш. Дайн байлдааны онцгой нөхцөл байдалд бид ирээд байна. Засгийн газарт онцгой эрх мэдэл өгсөн. 5.1 их наяд төгрөгийг зарцуулах дээр нь нэмээд хандивын 700-800 сая ам.долларыг зарцуулах эрхийг өгсөн. Одоо хүртэл тайлан нь алга. Гэтэл Дэлхийн банкнаас 50 сая ам.доллар зээлнэ гэж онигоо болж байхын оронд бусад улс орны вакцинд хүсэлтээ өгч эртхэн орох боломж байсан шүү. Иргэдийн амьдрал хэцүү байна. Ядуурал 30 хувь байсан бол өнөөдөр 50 хувь болж нэмэгдсэн. ААН-үүдийн 20хан хувь цалингаа тавьж байна. Энэ байдал удаан үргэлжлэвэл 430 мянган иргэн ажилгүй болно. Төв аймгаас иргэд ярьж байна. Өмнө нь 20-30 мянган төгрөгөөр авдаг байсан бараагаа авч чадахаа больчихлоо, тор дүүрэхгүй байна гээд ярьж байна. Бид үнийн өсөлтийг бодитоор нь харьцуулж үзэсгэлэн гаргахад та нар шоолоод л байсан.
Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдээсээ эхлээд зардлыг хэмнэх боломжтой
Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Байнгын хороодоор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Харин АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, тус саналын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав.
Төсөвт тавьсан хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулснаар гишүүд асуулт асууж эхэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Бүхэл бүтэн улсын төсөв алдаатай буруу бодлогоор явах юм бол бид маш том хохирол амсана. Тиймээс бид онцгой ач холбогдол өгөөд байгаа юм. Засгийн газрын гишүүд хямралын үед эдийн засгаа хумихгүй байх ёстой гэж байгаа. Би эдийн засагчийн хувиар дэмжиж байна. Гэхдээ энэ үед тэнцвэрийг хангах нь чухал байна. Төсвийн нөөц хязгаарлагдмал энэ үед айл өрх, ААН-үүдээ дэмжиж байж тэнцвэрийг хангах хэрэгтэй. Түүнээс биш хэдэн жилийн дараачаас үр ашгаа өгөх нь тодорхойгүй далд уурхайн музейд хөрөнгө оруулалт хиймээргүй байна. Тендер авсан компаниудын үйл ажиллагаа нь жигдрээд явна гэж зарим хүмүүс хэлээд байгаа. 300 компанид тендер олгох уу, 30 мянган ААН-д дэмжлэг үзүүлэх үү гэдэг нь хүртээмжийн маш чухал асуудал юм. ААН-үүдээс ваучер маягаар иргэд худалдаж авч ганцхан удаа дэмжлэг үзүүлье л гэж байгаа юм. Ингэснээр эдийн засаг эргэлтэд орно. ААН-үүдэд ваучер олгодоггүй юм гэхэд хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй. Иргэдийн амьдрал өнөөдөр маш хүнд байна. Бидэнд туслаач, зургаан хүүхэдтэй хоолны мөнгөгүй болчихлоо, зээлээ төлж чадахгүй байна гэсэн мессеж утсаар дүүрч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Хөрөнгө оруулалт гэдэг бол аймшигтай зүйл биш. Эдийн засгийн дахин хуваарилалт үүгээр дамжин явж байна. Төсвийн цалин аваад түүнийгээ хадгалаад байдаггүй худалдан авалт хийнэ, тэр компаниуд нь татвараа төлөөд буцаад төрдөө ирнэ. Энэ мөнгө төрөөс зайлахгүй. Аж ахуй нэгж дээр очоод татвар болоод буцаад төрдөө ороод ирнэ гэсэн ойлголтыг нийгэмдээ зөв өгч байх хэрэгтэй. Улс орон эдийн засгаа зогсоох тухай асуудал ярьвал дараа нь маш гүнзгий эдийн засгийн хямралд өртөж магадгүй. Тэр тусмаа өрийн дефолтод орж, гадаад өрөө буцааж төлж чадахгүй асуудал үүснэ. Харин сайн мэдээ нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ явуулах арга хэмжээ авч эхэлсэн байна. Эдийн засгаа хөдөлгөөнд оруулах, бизнесээ сэргээх ийм чиглэлийн үед явуулж байгаа нь зөв. Энэ өвчин бүх хүнд тусахаараа амь насыг нь аваад явчихдаггүй. Тиймээс залуучуудаа хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгох хэрэгтэй. Тэр эрсдэлд өртөж болзошгүй суурь өвчтэй иргэдийн дэглэмийг маш сайн сахиулах. Амны хаалт бол вакцины дараа орох хамгаалалт мөн гэж хэлээд байгаа. Бэлнээр мөнгө өгвөл мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ, мөнгөний нийлүүлэлтээс үнэ өснө, үнэ өсөхөөр ядуу иргэдийн тоо өсөх болно. Мөнгө олгоно гэдэг нь нийгмээ улам ядуу орлогогүй иргэдийг улам зовлонтой болгоно. Харин өдрийн орлогоор амьдардаг иргэдээ яах вэ гэдгээ анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Ерөнхийлөгчийн хоригийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хэлэлцэж байна. Хуулиараа арванхоёрдугаар сарын 5-ны дотор орон нутгийн төсвийг батлах ёстой. Ерөнхийлөгч хоригоо бүхэлд нь тавихаар улс төрийн зорилготой болж хувирч байна. Бүхэлд нь хориг тавихаар хууль зүйн хувьд асуудалтай. Төсвийн хэрэгжих хугацаатай давхцаад байна. Төсвийн цаг хугацааны цагалбар гэж бий. Ерөнхийлөгчийн саналуудыг учир дутагдалтай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, бид Венесуэлийн жишээг бодох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн иргэн бүрт нэг сая төгрөг өгөх гэсэн санал нь бодит байдал дээр боломж байхгүй. Иргэдээ, ААН-ээ аварч байна гээд улсаа алж болохгүй. Эдийн засгийн эрүүл мэнд гэдэг нь маш нарийн зүйл. Улс төрийн болон сэтгэлийн хөдлөл байж болохгүй. Вакцин авах мөнгийг төсөвт тусга гэж байна. Яагаад Дэлхийн банкаар дамжуулж вакцин авах нь ач холбогдолтой гэж үзэж байгаа юм бэ. Манай улсын төсвийн хүчин чадал вакцинаа худалдаж авч чадна шүү дээ. Төсвийн орлого гадны зээл тусламжууд, вакцины тооцооллыг яаж хийсэн юм бэ. Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж ядмаг улс төр хийж байна. Бидэнд өнөөдөр цар тахалтай тэмцэх нь чухал. Яарвал даарна гэдгийн адил мөнгө хэвлээд тараачихвал эдийн засгийн хямрал үүснэ шүү.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:
Вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдаж байгаа. Дэлхийн ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авах боломжийг хангах цорын ганц хөтөлбөр бол Ковакс юм. Үүнийг хэд хэдэн байгууллага санаачлан байгуулсны нэг нь Дэлхийн банк. Үүнд хамрагдснаар вакцин худалдаж авахад оочер дарааллыг дайрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хоёр сая хүний вакцин авна гэдэг үйлдвэрлэгч талаасаа ч тэр, бизнес талаасаа ч тэр бага хэмжээний худалдан авалт болно. Хэрэв бид энэ төсөлд хамрагдахгүй бол магадгүй хамгийн сүүлд вакцин авах орны тоонд орж болзошгүй. Хоёрт хүн амынхаа 20 хувьд үнэгүй худалдан авалт хийх боломжтой гэдгээрээ онцлог. Үлдсэн 80 хувийг нь худалдаж авна.
Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спортын зөвлөх С.Ламбаа:
Олон улсын байгууллагаар дамжуулж бүх вакцинаа авчихна гэж байгаа бол үүн шиг худлаа юм байхгүй. ДЭМБ 192 орондоо бүгдэд нь нэг юм амсуулахаа бодно. Бид энэ зовлонг үзсэн хүмүүс шүү дээ. Ихдээ 10-20 хувийг л өгнө. Бусдыг нь дандаа бид төсвийнхөө мөнгөөр авдаг. Вакцины зарлагдаж байгаа үнэ нь 25-37 ам.доллар байна. Хоёр тун хийлгэхээр 400 орчим тэрбум төгрөг болно. Маш өндөр үнээр тээврийн зардал төлдөг. Тиймээс улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаад аль хэзээ захиалгаа өгсөн байх ёстой. Covid-19-ийн вакцин жил бүр хэрэг болно. Төгс эмчилгээний ганц арга вакцин.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Засгийн газар 2021 оны төсвийг зохицуулалт хийгээд үйл ажиллагааг хэвийн явуулах боломж нь байгаа. 2021 оны төсөв дээр тодотгол хийх нь цаг хугацааны асуудал байх болно. Төсвийн хууль хэрэгжээд эхэлсний дараа тодотгол хийх нөхцөл үүснэ гэж бодож байна. Бид Covid-19 цар тахлын үед эдийн засгаа хумиж хүндрэлийг давах уу, эсвэл тэлж үү гэдэг сонголтын өмнө байна. 2021 оны төсөвт суусан хөрөнгө оруулалтуудыг гишүүд хас гэж хэлж байгаатай би санал нийлэхгүй, харин ч хасах нь буруу эдийн засгаа дэмжих ач холбогдолтой. Ажлын байрыг хадгална. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд цар тахлын дэгдэлттэй холбоотой хэд хэд арга хэмжээг Засгийн газраас авсан. Тухайлбал, хүн амын орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд тэглэсэн. Аравдугаар сарын 1-нээс ХАОТ-ыг тэглэсэн хуулийн үйлчлэл зогсоод эргээд татварыг хуулийн дагуу авч байгаа. Цаашид цар тахлын дэгдэлт намжихгүй бол 2021 оны төсөвт тодотгол хийхээр болбол хүн амын орлогын албан татварыг тэглэх асуудлыг авч үзэх нь зүйтэй. 2021 оноос ажил олгогч болон ажилтны төлөх НДШ тус бүр нэг нэг хувиар буюу нийтдээ хоёр хувиар нэмэгдэх хууль хэрэгжинэ. Цар тахлын дэгдэлт арилаагүй байгаа үед НДШ-ийг хоёр хувиар нэмэгдэх асуудлын хугацааг сунгах уу эсвэл эргэж харах уу гэдгийг эргэж харах шаардлагатай. Төсвийн тодотголд Засгийн газар дээрх асуудалд анхаараарай.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах цаг хугацааны боломж байхгүй байна. Шаардлага цаг хугацаа, нөхцөл бүрдмэгц төсвийн тодотголыг хийнэ. Төрийн албаны даргалах бүрэлдэхүүний хэрэглээ, цалин, урсгал зардлыг хэмнэх тал дээр төлөвлөж байгаа зүйл байна уу? Шаардлагатай бол УИХ-ын гишүүдээсээ эхлээд, зөвлөх, туслахуудын орон тоо, хууль боловсруулах, орон нутагт ажиллах зардалуудаас хэмнээд явах боломж байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүд 32 их наяд төгрөгийн хөрөнгөтэй үр өгөөж байхгүй байна гэж байгаа. Тэгэхээр төрийн өмчит компаниудын хэл ам татлаад байгаа асуудлуудыг нэг мөр болгоод захирал удирдаж байгаа менежерүүдийнх нь ажлын үр дүнтэй нь холбоод цалин урамшуулал зэрэг нь тодорхой байдаг чиглэлээр бодож үзэж байгаа юм байна уу?
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:
Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өргөжилт, ийм нэрээр төсвөөс гадуур маш их хөрөнгө оруулалтууд хийдэг болсон нь нэгэнт ил болсон. Үүнийг цаашид томоохон хэмжээний бүтцийн ажлыг энэ дөрвөн жил Засгийн газар, УИХ-аар эрчимтэйгээр эхлүүлэх шаардлагатайн.
Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ
Баасан гаригийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг,
2.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсал /эцсийн хэлэлцүүлэг/,
3.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,
4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/,
5.”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/,
6.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/.
Үдээс хойших хуралдаан:
7.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.
Холбоотой мэдээ