Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хүртэл хямдруулсан. Харин түлшийг орон нутаг руу тээвэрлэх боломжгүй гэж холбогдох албаны хүмүүс анхааруулав. Сайжруулсан шахмал түлш өчигдрөөс хямдарч нэг шуудай нь 1875 төгрөг болсонтой холбоотойгоор орон нутаг руу тээвэрлэхийг завдсан зөрчил гарчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр /2020.12.04/орон нутаг руу явах хоёр иргэн машиндаа шахмал түлш тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг авч гарахгүй байхыг сануулжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах бөгөөд зөвхөн энэ хороодод сайжруулсан түлш хэрэглэх юм. Сайжруулсан шахмал түлшийг хямдралтай үнээр борлуулж байгаа нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшний хомсдолд оруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ гэдгийг холбогдох албаны хүмүүс тодотгов.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ