"Уэстбрук, Бил хоёр дорнод бүсийг айлгах болно"

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

"Уэстбрук, Бил хоёр дорнод бүсийг айлгах болно"

"Уэстбрук, Бил хоёр дорнод бүсийг айлгах болно"

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн эргэн тойронд өчигдөр/2020.12.02/ нэгэн сонирхолтой, олон хүний анхаарлыг татсан солилцоо болов. Тодруулбал, Хьюстон Рокетс баг өөрсдийн бүх одод холбон тоглогч Расселл Уэстбрукийг Вашингтон Уизардс баг руу явуулж, оронд нь өөр нэг бүх одод холбон тоглогч Жон Уолл болон ирээдүйн драфтын нэгдүгээр тойргийн эрхийг авлаа.

Солилцоо хийх шалтгаан

Ердөө ганцхан улирлыг Хьюстон Рокетс багийн бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн Рассел Уэстбрукийн хувийн амжилт, үзүүлэлтүүд нь гайхалтай байсан ч багт үзүүлэх нөлөө нь сөрөг байв. Рокетсын удирдлагууд ч энэ намар хүнд сорилтой нүүр туулсан. Крис Полоор сольж авсан бүх одод холбон тоглогч нь эхлээд багаас явах хүсэлтэйгээ илэрхийлж, удалгүй багийнх нь гол цөм болсон Жэймс Харден мөн багаасаа явах хүсэлтэйгээ илэрхийлэв. Рассел Уэстбрук болон Жэймс Харден нарын хоорондын харилцаа сайн хэдий ч талбай дээр бие биенээ ойлголцох тал дээр асуудалтай гэдэг нь тэдний Лос Анжелес Лэйкерс багт хожигдсон плей-оффын цувралаас хангалттай харагдсан. Ийнхүү Хьюстон Рокетс багийн удирдлагууд хоёр “Үнэ цэнэтэй тоглогч”-оо хоёуланг нь явуулах уу? Эсвэл аль нэгийг нь хадгалж үлдэх үү? Гэсэн хүндхэн шийдвэрийг гаргах хэрэгтэй болж эцэст нь Рассел Уэстбрукийг явуулав. Гэхдээ хоосон алдсангүй.

Сүүлд гарсан мэдээллээр Жэймс Харден багийн удирдлагууддаа Рассел Уэстбрукийг түргэн солилцоонд оруулахыг шаардсан гэнэ.

Нөгөө талд Жон Уолл ч гэсэн Вашингтон Уизардс багийн удирдлагуудын толгойны өвчин болж байв. Сүүлийн жилүүдэд бэртэл, гэмтлийн улмаас тогтвортой тоглолтыг үзүүлж чадахгүй байсан Жон Уоллын хувьд багийн лидерийн үүргээ Брэдли Билд алдсан. Жон Уоллд 10 жил багаа даатгаад амжилт олоогүй Уизардсын удирдлагууд Рассел Уэстбрукт итгэл хүлээлгэхээр шийджээ.

Багт үзүүлэх нөлөө

Хьюстон Рокетс багийн удирдлагууд сүүлийн хэдэн жил Жэймс Харденд туслуулахаар Крис Пол болон Рассел Уэстбрук нарыг авчирсан ч тусыг эс олсон. Харин энэ удаа Жон Уолл. Өдгөө 30 настай түүний хувьд хамгийн сүүлд 2018-2019 оны улиралд 32 тоглолтонд оролцож, 20.7 оноо, 8.7 оновчтой дамжуулалт дунджилжээ. Ид үедээ лигийн хамгийн хурдтай, хамгийн тэсрэлттэй тоглогчдын нэгт зүй ёсоор тооцогддог байсан тэрбээр хоёр өвдгөндөө ээлж дараалан хүнд хагалгаа хийлгэж удаан хугацаанд тоглоогүй. Түүнтэй холбоотой нэг таатай мэдээ байгаа нь Кентакигийн их сургуульд хамт тоглож байсан Демаркус Казинс нь Хьюстон Рокетс багтай нэгдсэн. Демаркус Казинс ч сүүлийн жилүүдэд Жон Уоллтой адил бэртэл гэмтлийн улмаас хүссэн тоглолтоо үзүүлж чадахгүй хэцүү байгаа. Их сургуулийн найзууд эцэст нь хамтдаа замналаа сэргээхийн тулд нэг багт тоглох боллоо. Тэд Жэймс Хардены арыг даах болно. Жон Уоллын хувьд Рассел Уэстбрукийг бодвол лигийн “Бүх хамгаалалтын баг”-т сонгогдож байсан туршлагатай, арай илүү хамгаалалт, шидэлттэй.

Нэг сонирхолтой үзүүлэлт байгаа нь Жон Уолл 2016-2017 оны улиралд эрүүл саруул бүтэн тоглохдоо лигийг бөмбөг эзэмшиж буй хугацаагаараа тэргүүлж байжээ. Тэрбээр довтолгооны 24 секундын 9.5-ыг нь ганцаараа бөмбөг эзэмшиж өнгөрүүлсэн бол 2018-2019 онд цөөн тоглолтонд оролцохдоо Жэймс Хардены ард 7.8 секунд бөмбөг эзэмшсэн үзүүлэлтээрээ жагсчээ. Өөрөөр хэлбэл лигийн хамгийн их бөмбөг эзэмшдэг хоёр тоглогч ирэх улиралд хамтдаа талбайд нэг бөмбөгөөр тоглоно.

Эсрэг талд Вашингтон Уизардс баг ашигтай солилцоо хийв үү гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь Рассел Уэстбрук Брэдли Бил шиг тоглогчид төгс тохирдог нэгэн. Пол Жорж 2018-2019 оны улиралд Рассел Уэстбруктай хамт тоглохдоо замналынхаа хамгийн өндөр буюу 28.0 оноо дунджилж, тухайн ондоо “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналд дээгүүр өрсөлдөж байлаа. Пол Жорж, Брэдли Бил нар хоёулаа шидэлттэй, хурдан довтолгоонд төгс тохирдог хамгаалагчид. Ямартай ч Вашингтонд Рассел Уэстбруктэй бөмбөг булаацалдах тоглогч байхгүй. Мөн өдгөө 27 настай Брэдли Бил өнөө цагийн NBA-ийн шилдэг оноо түүгчдийн нэг болсон гэдгээ өнгөрсөн улирал 30.1 оноо дунджилж харуулсан.

Скотт Брүүкс дасгалжуулагч, Рассел Уэстбрук нар дахин нэгдэж байна.

Хоёр тоглогчийн ирэх жилүүдэд баталгаатай авах цалингийн хувьд ямар ч ялгаагүй. Рассел Уэстбрукт одоогоор гурван жилийн 132 сая ам.долларын үнэ бүхий гэрээ үлдсэн байгаа бол Жон Уоллд мөн адил гурван жилийн 132 сая ам.долларын гэрээ үлдээд байна.

Энэхүү наймааны талаар хэн юу ярив?

Вашингтон Уизардс багийн менежер Томми Шеппард:

-Рассел шиг тоглогчийг багтаа авах нь манай багийн ойрын болон хэтийн ирээдүйн аль алинд нь сайнаар тусах болно. Нөгөө талд манай багийн түүхэн дэх агуу тоглогчдын нэг Жон Уоллтой салах ёс хийж байгаадаа харамсч байна. Түүний энэхүү багийн төлөө хийсэн зүйлс, хандсан хандлага нь хэмжээлшгүй, мөн мартагдашгүй. Бидэнд Жоныг солих төлөвлөгөө байгаагүй. Жон үргэлж л бидэнтэй холбогдож, үнэхээр ойр байсан. Бидний хооронд ямар ч асуудал байхгүй ээ.

NBA-ийн домогт тамирчин Мэжик Жонсон:

-Одоо хүн бүр Вашингтон Уизардс багийг анхааралтай ажиглах хэрэгтэй. Тэд өнөөдөр Рассел Уэстбрукийг солилцоогоор авчихлаа. Уэстбрук, Бийл хоёр дорнод бүсийг айлгаж, Уизардсыг дахин плей-оффын баг болгож чадна.

Вашингтон Уизардс багийн эзэн Тед Леонсис:

-Жон Уолл болон түүний гэр бүлд манай багийн төлөө хийсэн бүхэнд нь талархаж байна. Тэрбээр миний анхны драфтын сонголт байсан юм. Би багийг худалдаж аваад л арван жилийн өмнө эхний драфтаараа түүнийг сонгож байлаа. Тэр бол гайхалтай, чадалтай бүх одод тоглогч. Мөн Вашингтон хотын хүндэтгэлийн хүлээсэн иргэн. Чиний лигт эргэн ирэх гэж хийсэн бүхнээр чинь бахархаж байна. Хөгжөөн дэмжигчид, багийнхан чамайг үнэхээр их санах болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж