Музейн бүтээн байгуулалтуудад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Музейн бүтээн байгуулалтуудад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

Музейн бүтээн байгуулалтуудад хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

Засгийн газрын шийдвэрээр соёлын салбарт дөрвөн том бүтээн байгуулалт өрнөж буй. Өнгөрсөн хавраас эхлэн Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр Чингис хаан хаад язгууртны  музейн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Харин нураасан Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөөд байгаа юм. Мөн Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрыг шинээр байгуулахаар болсон. Үүнийг Соёлын салбарт сүүлийн 100 жилд хийгдээгүй бүтээн байгуулалт хэмээн онцолж буй. Эдгээр дөрвөн том бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа үргэлжилж байгааг танилцуулъя.


                      ЧИНГИСИЙН МУЗЕЙН БАРИЛГА ДУУСАХ ШАТАНДАА ОРЖЭЭ

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан, хаад язгууртны  музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын ажил 60 хувьтай байгаа аж. Үндсэндээ музейн барилгын ажил дуусах шатандаа оржээ. Тус музейн барилгад Засгийн газар өнгөрсөн онд 53 тэрбум төсөвлөхөөр мэдүүлсэн ч Улсын их хурал 48.7 тэрбумаар баталсан юм. Музейн барилгын ажлыг ирэх оны зургадугаар сард бүрэн дуусгаж, долдугаар сард үүдээ нээхээр төлөвлөөд байгаа юм. Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас VIII Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулах аж. Музейн төлөвлөсөн 3.300 мкв эдэлбэр газрын 2.500 мкв талбайд долоон давхар барилга төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзлэх бөгөөд үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулах аж.

            БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН ЦОГЦОЛБОРЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ НЭЭХ ҮҮ?

Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музейн цогцолбор 2023 онд ашиглалтад орохоор төлөвлөөд буй. Үүнээс наана Байгалын түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, 2022 онд дуусгах тооцоо байна. Уг цогцолборын төсөвт өртгийг 2020 онд санхүүжих дүнг 96.9 тэрбум гэж тооцжээ. Музейг барих гүйцэтгэгчээр шалгарч, эрхээ авсан "Хатанбаатар" компани одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33,000 мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төсөл боловсруулснаа танилцуулсан билээ. Гэхдээ шинээр барих Байгалийн түүхийн музейн барилгын тендерийг буцаасан гэдгийг албаныхан мэдээлээд буй. Шинэ Байгалийн түүхийн музейн тендерийг хуучнаар БСШУЯ-наас зарлаж, гурван компани оролцсон байна. Гэвч нэг нь ч шаардлага хангаагүйн улмаас тендер шалгаруулалт нь буцжээ. Музейн шинэ барилга Сүхбаатарын талбайгаас 1.8 км-ийн зайтай, Маршаллын гүүрнээс холгүй байрлах юм.

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫГ 2022 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Улсын төсвөөс 152 тэрбум төгрөг зарцуулж барихаар яригдаж буй Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт бол зууны гэж хэлж болохуйц онцгой ажил юм. Сүхбаатар дүүргийн 9, 10 дугаар хорооны нутагт нийт 10 га газарт сүндэрлэх театрын барилгыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Одоогоор газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм.

ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН БАРИЛГЫН АЖИЛ АРВАНХОЁРДУГААР САРД ДУУСАХ БАЙВ

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг Америк Элчингийн урд талд 0.3 га газарт сүндэрлэж буй Үндэсний номын сангийн барилга анх 2008 онд яригдаж эхэлсэн ч олон жил царцсан. Энэ хугацаанд хоёр ч удаа шав тавих ёслол хийж байсан түүх бий.  Нийт 11 давхар бүхий номын сангийн барилга өнгөрсөн жилээс эхлэн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлсэн. Барилгын ажлыг арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөөд байв. Гэвч хөл хорионы улмаас зогсоод байна. Тус номын сан олон улсын стандартад нийцсэн бүх насны хүн ном унших боломжийг хангасан. Тус номын сан ирэх онд ашиглалтад орохоор төлөвлөөд байгаа юм.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН АСУУДЛЫГ СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН  ХАРИУЦАЖ БАЙНА

Дээрх бүтээн байгуулалтын талаар БШУЯ-ы  Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.ДАВААЦЭРЭН: 

-Чингис хаан, хаад язгууртны музейг ирэх онд ашиглалтад оруулна.  Музейн  үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө  бэлэн болсон. Музейд нийт 4300 орчим үзмэр эд өлгийн зүйл дэлгэхээр тооцоолсны 4100 орчим нь биет үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлс. Мөн гадаадын улс орнуудад хадгалагдаж буй түүхийн дурсгалт зүйлсээс 100 орчим хуулбарыг Гадаад харилцааны яамаар дамжуулан авчирна. Харин музейд үзмэр огт байхгүй, шинээр хуулбар авчирна гэдэг нь ташаа мэдээлэл болохыг онцлоё. Мөн Их тэнгэрийн аманд баригдах Байгалийн түүхийн музейн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг хоёр удаа сонгон шалгаруулах тендерийг зарласан ч амжилтгүй болсон. Уг асуудал Соёлын яаманд  буюу шилжиж, салбарын сайд С.Чулуун хариуцаж байна. Салбарын яамнаас дахин тендер зарлах шаардлагатай хэмээн үзэж Худалдан авах ажиллагааны газарт хүсэлт хүргүүлсэн байгаа. Харин цаашид музейн үзүүлэлт дэглэлт ямар байх талаар Чингис хаан хаад язгууртны музейтэй адилаар эрдэмтэд болон салбарын мэргэжилтнүүд зураглал хийж байна. Музей ашиглалтад орсны дараа үзмэрүүдийг дэглэн байршуулна хэмээсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж