НЭМЭЛТ: 20:30 цаг
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан С.Баярт оноосон таван жилийн хорих ялыг өөрчлөн 2 жил зургаан сар болгон бууруулжээ. Харин Ч.Даваанямд оноосон хоёр жил хорих ялыг нэг жил болгон тус, тус бууруулсан байна.
НЭМЭЛТ: 13:00 цаг
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2020.12.03/ Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2020.12.04/ үргэлжлүүлэн зөвлөлдөж шийдвэрээ гаргасан ч С.Баяр, Ч.Давааням нарын хэрэгтэй нэгтгэн шүүхийн шийдвэрийг танилцуулна гэж мэдэгдлээ. Учир нь дээрх хүмүүсийг шүүх болон шүүх бүрэлдэхүүн нэг аж.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 12.40 цагт С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хурал эхэллээ. С.Баяр Цагдан хорих 409, Ч.Давааням Цагдан хорих 461 дүгээр ангиас шүүх хуралд цахимаар оролцож байна. Дашрамд дурдахад, арванхоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүх С.Баяр, Ч.Даваанямд холбогдох хавтаст хэргийн материалыг дутуу ирүүлсэн” гэх шалтгаанаар С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэн шүүхээр шийдвэрлэсэн. Гэтэл өчигдөр болсон шүүх хуралдаанаар хэргийг эргэн тусгаарласан юм. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг буцаан тусгаарлаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь хэлэлцсэн.
С.БАЯРЦОГТОД ОНООСОН АРВАН ЖИЛИЙН ЯЛЫГ 4.8 ЖИЛ БОЛГОН ӨӨРЧИЛЖЭЭ
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилжээ. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг 1 жил гурван сар болгон өөрчилсөн байна. Мөн Б.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жил хорих ял оногдуулсан бол давж заалдах шатны шүүхээс 1 жил болгон тус, тус бууруулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2020.12.03/ 11.00 цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэлсэн. Шүүгдэгч нар шүүх хуралд цахимаар оролцсон юм. Гэхдээ С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч буцаан тусгаарласан юм. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг буцаан тусгаарлаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь хэлэлцсэн.
Ингээд бүхэл өдөржин үргэлжилсэн шүүх хурал 22.00 цагт завсарласан бөгөөд шүүхийн шийдвэрийг өнөөдөр /2020.12.04/ албан ёсоор танилцуулахаар болсон юм.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн арван жил хорих ял,гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.
Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан.
Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ