Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын туршлага

Хуучирсан мэдээ: 2020.12.04-нд нийтлэгдсэн

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын туршлага

Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудын туршлага

Дэлхийн олон улс оронд цар тахлын эсрэг хэрхэн ажиллаж байгааг endcoronavirus.org сайт ажиглаж, цаг тухайд нь дүгнэн мэдээлдэг билээ. Тус сайт улс орнуудын өдөр тутмын шинэ тохиолдлын талаар мэдээллийг цуглуулан долоо хоногоор дундажлан график болгон тухайн орон дахь цар тахлын нөхцөл байдлыг гурван янзаар ангилдаг аж. Тухайлбал, шинэ халдварын тохиолдол өдрөөс өдөрт эрчимтэй буурч байгаа орнуудыг цар тахлыг ялж байгаа, шинэ тохиолдол өсөхөө байсан орнуудыг цар тахалтай тэмцэж байгаа, шинэ тохиолдол өсч байгаа орнуудыг цар тахалд ялагдаж байгаа хэмээн ангилдаг байна.

Дээрх сайтын мэдээлж байгаагаар цар тахлыг ялж буй орнуудын жагсаалтад Австрали, Барбадос, Монгол, Шинэ Зеланд, Сингапур, Тайвань, Тайланд, Вьетнам тэргүүтэй 28 улс багтжээ.

Харин цар тахалтай тэмцэж буй орнуудаар Белги, БНХАУ, Франц, Израил зэрэг 13 орныг нэрлэсэн бол цар тахалд ялагдаж буй орнуудын жагсаалтад АНУ, Япон, Турк, Нэгдсэн Вант улс гэх мэт 98 улсыг багтаан нэрлэжээ.

Австрали цар тахлыг хэрхэн ялсан бэ?

Цар тахлын тархалтыг тогтоон барих, цөөрүүлэх зорилготой ажиллаж буй бусад орнуудаас ялгаатай нь Австрали улс анхнаасаа цар тахлыг бүрэн устгах зорилго тавин ажиллажээ.

Австраличууд цар тахлын эхний давалгаа амжилттай давснаас хэдхэн долоо хоногийн дараа хоёр дахь давалгаа долдугаар сард эхэлж, Засгийн газар дэлхийн хамгийн урт үргэлжилсэн хөл хорионы дэглэмийг тогтоосон юм. Хөл хорионы дэглэм дөрвөн сарын турш маш хатуу, өөрөөр хэлбэл эмнэлэг, хүнсний дэлгүүрээс бусад бүх газрыг хаан үргэлжилсэн билээ.

Түүнээс гадна олон хотуудад хүмүүсийг гэр гэрт нь байлгахын тулд зам хааж байсан бөгөөд хожим хөл хорионы дэглэм суларсан хойно ч гэсэн шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлаж, иргэдийг гэрээсээ 5 км холдвол 1300 австрали доллараар торгох хүртэл арга хэмжээ авч байв.

Сургуулиудыг эхлээд амрааж байсан бол удалгүй бүх төрлийн хичээл, сургалтыг цахимаар зохион байгуулж эхэлсэн юм. Мужуудын удирдлагууд хөл хориог ард иргэдийн эсрэг биш, эсрэгээр ард түмний төлөө хийж буй зүйл хэмээн ярьцгааж байлаа.

Гадаад орнуудаас ирсэн австраличуудыг засгийн газраас заасан зочид буудлуудад тусгаарлан, зарим тохиолдолд цэргүүдээр мануулж байсан юм.

Австралид олон мянган аж ахуй нэгж дампуурч, нэг сая ажлын байр үгүй болсон хэмээн ажиглагчид мэдээлж байгаа билээ. Гэвч зарим мэргэжилтнүүд үүнээс өөр арга үгүй бөгөөд эдийн засгийг хүний аминаас дээгүүрт тавьж болохгүй хэмээн тайлбарласан байна.

Зарим орнуудаас ялгаатай нь Австрали далайгаар хүрээлэгддэг нь гадаад орноос ирэх хүмүүсийн урсгалыг зогсоох, хянахад амар болгосон аж.

Өдгөө Австрали хөл хорионы дэглэмээ сулруулж, удаан хаалттай байсан үйлчилгээний газруудаа нээсэн ч маш өндөр сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой ажиллаж байгаа юм. Жишээлбэл, өнгөрсөн есдүгээр сард Covid-19 өвчнөөс бүрэн ангижирсан хэмээн зарласан Аделайда хотын эмнэлэгт энэ сард нэг өвчтөн ханиалгасныхаа төлөө зургаан өдөр тусгаарлагджээ. Шинжилгээний үр дүнд тухайн өвчтөн халдвар авсан нь тогтоогдож, 30 хавьтагчийг нь олж, тусгаарласан байна.

Шинэ Зеланд цар тахлыг хэрхэн ялсан бэ?

Шинэ Зеланд улс ч гэсэн Австралийн адил цар тахлын хоёр дахь давалгааг амжилттай даван гарчээ. Ингэхдээ наймдугаар сард эхэлсэн хоёр дахь давалгааг эхнийхээс илүү хатуу хөл хорионы тусламжтай дуусгасан аж.

Эрх баригчид иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг тушааж, халдвар авсан хүмүүсийн явсан газар, уулзсан хүмүүсийг тогтоох ажлыг эрчимжүүлж, чухалчлан гүйцэтгэсэн байна. Мөн муж бүрт нөхцөл байдлаас шалтгаалан хүнд, хөнгөн янз бүрийн хөл хорионы дэглэм тогтоожээ.

Хөл хорионы дэглэмийг ард иргэд үнэнчээр мөрдөж, биелүүлсний үр дүнд Шинэ Зеландын шинэ халдварын тоо эрс буурсан аж. Өдгөө эрх баригчид халдварын тохиолдлыг эрт дээр нь илрүүлж, олон хүнд халдварлахаас нь өмнө зогсоохын тулд нисэх онгоцны буудлуудыг маш нарийн ажиглаж, тогтмол шинжилгээ хийж байгаа гэнэ.

Сингапур цар тахлыг хэрхэн ялсан бэ?

Азийн худалдаа, санхүүгийн том төв болон хөгжиж буй Сингапурын иргэд амны хаалтаа тогтмол зүүж, зай барих дүрмээ ягштал баримталсаар цар тахлыг ялж чаджээ.

Сингапур бол энэ оны эхээр цар тахал анх дэгдсэн орнуудын нэг билээ. Тухайн үед өвчний талаар мэдээлэл тун хомс байсан нь богино хугацаанд олон хүн өвчлөх шалтгаан болсон юм. Гэхдээ Сингапурын эрүүл мэндийн салбар гайхалтай чадварлаг ажиллажээ. Өнөөдрийн байдлаар тус улсад цар тахлаар нийт 29 хүн нас барсан нь дэлхийд хамгийн багадаа орж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Сингапурын эрүүл мэндийн салбараас гадна хэвлэл мэдээлэл маш хурдтай ажиллаж, өвчний тухай зөв мэдээллийг цаг тухайд нь ард иргэдэд түгээж байсан нь цар тахлыг ялах нэг гол хүчин зүйл болсон гэнэ.

Эмч нар бүх өвчтөнд анхаарлаа сарниулахын оронд хамгийн эрсдэлтэй бүлгийн буюу өндөр настай, хавсарсан өвчтэй хүмүүст онцгой анхаарал хандуулан ажилласан байна.

Эх сурвалж: DIPLOMAT, WIRED, REUTERS, ENDCORONAVIRUS.ORG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж