Токио хотын Прокурорын газар Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогоос мэдүүлэг авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Эрх баригч Либерал-Ардчилсан намын дэмжигчдэд зориулсан хүлээн авалтыг зохион байгуулахдаа сонгуулийн хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж Прокурорын газар үзэж байгаа юм.
Японы Засгийн газар нь энэхүү арга хэмжээг 1952 оноос хойш жил бүрийн сакура цэцэглэх үеэр зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээнд Япон дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын дарга нар, урлаг, соёл, спорт, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй хүмүүсийг урьдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд Абэ Шинзо оролцжээ. Прокурорын газар Японы Ерөнхий сайд асан руу сайн дураараа ирж, мэдүүлэг өгөх зарлан дуудах хуудас илгээсэн гэсэн ч Абэ Шинзо үүнийг мэдээгүй гэж мэдэгдсэн байна.
Хэргийг тодруулбал, Абэ Шинзогийн экс нарийн бичгийг Прокурорын газраас дээрх арга хэмжээнд зориулсан 40 сая иений санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаар байцааж байгаа юм. Түүний нарийн бичиг энэ мөнгийг оройн зоогны зардалд зарцуулсан гэж мэдүүлсэн бөгөөд маш олон тодорхойгүй зүйлс байгаа юм.
“Ёмиүри” сонинд бичсэнээр 14 сая иенийг нь зочдын тасалбарт, найман саяыг нь үдэшлэгийн бусад зардалд зарцуулагдсан гэсэн боловч албан ёсны тайланд дурдаагүй байгаа аж. Мөн үлдсэн 18 сая иенийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Абэ Шинзо нь өнгөрсөн есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт албан тушаалаасаа бууж байгаагаа зарлаж, түүний ойрын хүн болох Ёшихидэ Сүгад эрх мэдэл нь шилжсэн билээ.
Энэхүү дуулиан нь “Абэгийн баруун гар” гэгддэг одоогийн Ерөнхий сайд Сүга Ёшихидэг суудлаас нь унагаж ч болзошгүй байна. Японы хуулийн дагуу улстөрчид сонгогчдод бэлэг гэж ойлгож болохуйц зүйлсийг өгөхийг хориглодог. Өнгөрсөн жил Абэгийн танхимын хоёр сайд тойргийнхоо сонгогчдод амтат гуа, хавч, төмс гэх мэт зүйлийг өгснийхөө төлөө дараалан огцорч байв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ