Дэлхийн орнуудад Covid-19-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан зарим иргэд өөрийгөө гэртээ тусгаарлаж буй. Харамсалтай нь, энэ нь цар тахал тархах хамгийн аюултай эх үүсвэр болж, гэр бүлийн гишүүддээ Covid-19 халдаах эрсдэлийг өдөр бүр нэмэгдүүлж байгааг эрдэмтэд “Science” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ тэмдэглэжээ.
Тухайн гэр бүлд нэг л халдвартай хүн байгаа тохиолдолд тээврийн хэрэгслээр зорчиж, зоогийн газраар үйлчлүүлэх үед халдвар авахаас ч илүүтэй аюултай аж.
Эрдэмтэд цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэн БНХАУ-ын Хубей мужтай хил залгаа Хунань мужид Covid-19 туссан 1178 өвчтөний мэдээлэлд хийсэн Хятадын эрдэмтдийн дүн шинжилгээг үндэслэн дээрх дүгнэлтэд хүрчээ.
Хятадын судлаачид халдварын бүх эрсдэлийг үнэлсэн бөгөөд халдвар авах хамгийн бага эрсдэлээр эмнэлгийн байгууллага тодорсон байна. Гэвч энэ нь эмнэлэгт халдвараас сэргийлэх арга хэмжээ харьцангуй сайн байгааг харуулсан үзүүлэлт гэдэгтэй эрдэмтэд санал нэгджээ.
Тэдний дүгнэж буйгаар, тээврийн хэрэгслээр зорчих, концерт, театр, кафе, ресторанаар үйлчлүүлсэн тохиолдолд халдвар авах эрсдэл халдвартай хамаатан садантайгаа ойр байж, тогтмол харьцахаас хавьгүй бага байсан аж.
ХБНГУ-ын эрдэмтэд Covid-19 зөвхөн амьсгалын замаар халдварладаг болохыг тогтоожээ. Вирус судлаач Хэндрик Штрекээр ахлуулсан эрдэмтдийн баг судалгаа хийсний дүнд Covid-19 ямар ч гадаргуу дээр амьд байх чадваргүй, зөвхөн амьсгалын замаар халдварладаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
“Роспотребнадзор”-ын тэргүүн Анна Попова ОХУ-д цар тахлаар өвчилсөн хүмүүсийн 80 орчим хувь нь тээврийн хэрэгслээр зорчих үедээ Covid-19-өөр халдварлаж буй болохыг онцолсон билээ.
Судлаачид саяхныг хүртэл Covid-19 тархах анхны эх үүсвэр нь өмнө нь дэгдэж байсан коронавирусийн шалтгаант SARS болон MERS өвчнүүдийн адил сарьсан багваахай хэмээн үзэж байв. Уг халдвар нь сарьсан багваахайнаас шууд хүнд халдсан уу, эсвэл завсарын ямар нэгэн амьтан дамжин халдварласан уу гэдэг нь өнөөдрийг хүртэл хараахан бүрэн тодорхой болоогүй.
Энэхүү халдвар нь сарьсан багваахайнаас Өмнөд Хятадын эрээн крайт (Bungarus multicinctus., The many-banded krait) хэмээх нэгэн зүйл хорт могойгоор дамжин хүнд халдварласан байж болох талтайг судлаачид тогтоожээ. Тайвань крайт, Хятадын крайт хэмээн бас нэрлэгддэг энэхүү зүйлийн могой нь маш хүчтэй хорт могойн төрөл бөгөөд Төв болон Өмнөд Хятад, Зүүн өмнөд Азид тархсан байдаг аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ