Засгийн газрын танхимын сайдууд дотроос рейтинг нь олон нийтийн дунд гэрлийн хурдаар унаж яваа хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд түүнтэй холбоотой сөрөг мэдээлэл сэвэгдэхийн хэрээр хуулийн сайд уур бухимдлаа ч нууж хаахаа больжээ. Түүнийг чиглүүлсэн "сум"-ны эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж сайд хардаж байгаа бололтой. Тэрбээр "Covid-19-ийн хажуугаар Монголд улс төрийн вирус хяналтгүй тархчихсан хүндхэн байдалтай байна. Зарим нэг нэр бүхий вирус мутацид ороод зомбинуудыг амилуулан Монголыг минь хордуулаад байх юм. 2021 онд аль алинаас нь салах боломж бий" гэж нүүр номдоо жиргэжээ. Жиргээндээ онцолсон "2021 оны сонгуулиар аль, алинаас нь салах боломж бий" гэдэг нь Ерөнхийлөгч рүү чиглэсэн үг болох нь ойлгомжтой. Учир нь, Х.Баттулгад дахин Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхол нэн их бий. Харин нөгөө "аль нь" хэн бэ, МАН-ын дарга уу гэж олон нийт таамаглаад эхэлж. Ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшинэ гэсэн яриа улс төрийн хүрээнээс сонсогдох болсон.
Нэгэн үе Х.Нямбаатарыг Х.Баттулгын хүн гэх хардлага ч дагалддаг байсан. Харин тэд өнөөдөр бие, бие рүүгээ хэдийнэ нумаа нуугаад сумаа тавиад эхэлчихэж. Түүний бичсэн жиргээний дор нийтлэлч Б.Баабар "Хамгийн аймаар вирус нь энэ гар өөрөө ш дээ" гэж хариу барьжээ.
Ямар ч байсан Х.Нямбаатар өнгөрсөн жилийн өдийд М.Энхболдыг огцруулах операцийг гардан зохион байгуулсан ордны таван тэмцэгчийн нэг байсан. Тиймдээ ч УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаар "амаа тослосон". Гэвч, сайд болохдоо л буруу хөл дээрээ боссон тэрбээр анх ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн штабынхантай уулзахдаа тосож авсан бие бүрэлдэхүүнтийг үл тоож, гар утсаараа ярьсан бичлэг нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгатай сошиалаар ана мана үзэлцэж байна. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар вирус үү, вирус устгагч уу гэдгийг 2021 онд харах нь. Хэрэвзээ 2021 оны сонгуульд Х.Баттулга ялагдвал түүнийг төмөр замын замын хэргээр нь хуулийн өмнө дуудах хүн нь Х.Нямбаатар болж чадах уу гэсэн асуулт эндээс тавигдаж байна.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ