Орхон аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.12.03/ мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт Covid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 24-т хүрээд байгаа юм.
Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.ГАНБААТАР:
Өнгөрсөн хоёр өдөр Дархан-Уул аймгаас иргэд солилцох үйл ажиллагааг зохион байгуулан 134 иргэнийг хүлээн авч тусгаарлаад байна. Мөн Орхон аймагт бусад аймгуудаас ирсэн иргэдийн гар утсанд GPS аппликейшнийг суулгах тохиргоо хийлгэх ажлуудыг зохион байгуулж байна. Маргаашаас эхлэн Булган, Хөвсгөл аймгуудын иргэдийг хүлээн авч, иргэдээ солилцох ажлыг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд www.Erdenet.mn сайт дээр зорчих хөдөлгөөнтэй холбогдолтой шинэчилсэн бүртгэлийг хийгээд явж байна. Учир нь 119 сайт ачааллаа дийлэхүй ажиллахгүй байгаа учраас орон нутагт бүртгэлийг зохион байгуулан дүн мэдээгээ нэгтгэн бусад аймгуудтай мэдээллээ солилцон ажиллаж байна.
Засаг даргын зөвлөх Ц.МӨНХЦЭЦЭГ:
-Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд нэмж тохиолдол бүртгэгдээгүй. Арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд нийт 22 хүнд PCR шинжилгээг хийлээ. Үүнд төмөр замын ажилчид, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдээс тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Түргэвчилсэн оношлуураар халдвар бүртгэгдсэн дөрвөн багийн 200 өрх айл, зайлшгүй зорчих хөдөлгөөн хийх шаардлагатай иргэд болон үйлчилгээний байгууллагын ажилчдаас шинжилгээ авсан. Ингэхэд түргэвчилсэн оношлуураар хоёр хүнээс халдвар илэрч, 700 хүний хариу сөрөг гарсан. Дээрх хоёр хүний шинжилгээний хариуг баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан буюу Covid-19 халдвар илрээгүй. Батлагдсан 24 тохиолдол Улаанбаатар хотын ХӨСҮТ, цэргийн төв эмнэлэг эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн байна. Эдгээр 24 тохиолдлыг насны хувьд авч үзэхэд 4-57 насны хүмүүс байна. Есөн бага насны хүүхэд, 15 том хүн байна. Шинж тэмдгийн хувьд 24 хүнээс зургаан хүнд нь хөнгөн хэлбэрээр шинж тэмдэг илэрсэн. Тухайлбал, хий ханиалгах, хоолой сэрвэгнэх, толгой өвдөх, гүйлгэх шинж тэмдэг илэрсэн байна. Үлдсэн хүмүүст ямар нэгэн шинж тэмдэггүй байсан.
Халдвар аймгийн хэмжээнд тархах юм бол зүрх судас, хорт хадвар зэрэг суурь өвчтэй хүмүүст хүндээр илрэх магадлалтай байна. Тиймээс тусгаарлах, хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна.
Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 169 хүн, халдвартын тасагт нийтдээ 6 хүн байна. Эдгээр зургаан хүн нь халдвар илэрсэн хүмүүсийн ойрын хавьтал юм.
Мөн сэжигтэй тохиолдол, шинжилгээний хариуг хүлээж буй хүмүүсийг халдвартын тасагт тусгаарлаж байгаа. Тусгаарлах байранд байгаа 169 хүний 13 гэр бүлийн 69 хүн байна. Тиймээс GPS аппликейшнийг 125 хүний гар утсанд суулгаад байна. Одоогийн байдлаар гэрийн тусгаарлалтад 728 иргэн шилсэн. Үүнээс том хүн 408, 320 нь хүүхэд юм.
Э.БУРАМ