Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Сумъяа Гамбит

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нийтлэлийг хүргэж байна.


Олны сэтгэл орчин цагт оргож бусгахыг ажихуй зуур. Хөнгөн бийрийг хөл хорионы хүнд үед хөндөхүй. Төлөвлөөгүй, төөрсөн бичвэр болой.

Хотын дарга гоё хаалгатай болж гэнэ. Ухаалаг төхөөрөмж гэнэ. Халуун хэмждэг юм байх. Халдвартай, халдваргүйг ялгадаг юм байх. Хотын даргатай хаалга нь олон шижмээр холбогддог бас түүнийг хамгаалдаг гэнэ. Хотын дарга хаалганыхаа цаана эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжтой болжээ. Гэвч тэр хаалганы тухай яриа их хотод түймэр адил асаж гэнэ.

Цар тахал дэлгэрсэн цаг. Иргэд айж сандарч, хотод хатуу хөл хорио гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байх. Хий хөллөсөн адил тэр ёрын өвчин хотын хаана ч, хэний ч гэрт ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Нэг мэдэхэд гарт, хувцсанд, аманд, амьсгалд улмаар уушгинд асаж, хүрч халдах халдвар. Хот бүхэлдээ нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд. Тэр тахал хаана хэнд тусаж, хэнээс хэнд халдаж, бас хэн нэг, хоёр, гурав дугаар хавьтагч болж байгааг мэдэхэд хэцүү. Олон түмэн, хэвлэл, сошиал буцалж өглөө.

  • Хотын дарга өөртөө хаалга хийлгэжээ.
  • Хот ийм ч даргатай байх гэж дээ.
  • Тэр хаалгыг албаны өрөөндөө биш төрөх эмнэлэгт байрлуулах байсан юм.
  • Хотын дарга аюулгүй хаалганы цаана, хот нь халдварын голомтод. Арай ч дээ.
  • Ийм юм хийсэн хотын дарга огцрох, улс төрөөс хүртэл зайлах ёстой…

Хотын иргэд шуугиж эхлэв. Суудал нь шатаж эхэлсэн хотын дарга гэнэтийн мэдэгдэл хийв. Гэхдээ хаалганы талаар биш. Сумъяа тэр тухай яриагүй биш ярьсан. Хариу жиргэж үзүүлсэн. “Туслахаа явуулж хувийн мөнгөөрөө захиалж авсан юм. Одоо болох уу” гэсэн утгатай.

Би энд шуугиант хаалганы тухай бичье гэж бодоогүй юм. Хотын иргэн хүний хувьд “хотод шар айраг, дарс мэтийн 17-гоос доош хатуулагтай ундаа зарахгүй. Согтууруулах ундаа өөрөө эрсдэл юм” гэсэн Сумъяабазар даргын мэдэгдэл, тэр ярианы үүсгэсэн эффект, үр дагаврын тухай ажиглалтаа хуваалцах гэсэн юм. “Хичээлд ашиглаж болох алтан санаа”. “Чөлөөт” уналтан дунд санамсаргүй газраас шүхэр бууж ирэв. Гарт таарсан юмнаасаа Сумъяа атгав. Аврал. Улс төрийн өнцөг, олон нийттэй харилцах урлаг, хямралын удирдлагын хувьд сургамж болох үйл хөдлөл. Энэ яриа олны хошууг билүүдлээ. Хотод хүмүүсийн ярианы сэдэв хормын зуур өөрчлөгдөв.

  • Даргаараа оролдвол дарсгүй.
  • Ил зарахгүй бол далдуур илүү ууна.
  • Зөв шийдвэр гэж баярласан чинь, ердөө садизм байж.
  • Хорих тусам уумаар санагдах юм.
  • Уух гээгүй, үсээ угаах гэсэн юм.
  • Хотын дарга шагчдын барьцаанд оржээ.
  • Архи, ковид хоёр ямар хамааралтай юм бол.
  • Захиргаадаж шийддэг байсан бол Улаанбаатарт социализм амьд байх байлаа.
  • Насаараа дээрэлхүүлчих юм байна л даа.
  • Зөв, зөв. Хэд хоног уухгүй бол яачих гээд байна хүмүүс ээ…

Сумъяа өөрөө ямар алхам хийснээ мэдээгүй байх. Мэдэж хийсэн бол түүний архи зарахгүй тухай мэдэгдэл ангасан олныг оносон нь гарцаагүй. Хотынхон даргынхаа хаалганы тухай бус архи, пивоны хоригийн талаар шуугиж эхлэв. Галыг галаар унтраадаг. Гайхалтай нүүдэл. Их сургуульд бол “case” жишээ болгож олон өнцгөөс ярьж болох сэдэв. Мэдрэмжийн л асуудал.

Нэгэн их мэдэгч, бас өөр нэгэн пиарчин сошиалд дээрхийн тухай ингэж бичжээ. “Оготны нүхээ онолоо”. Нөгөө нь “Бөхийн мэх уран байлаа. Сумъяагийн сүүлчийн түшиц архи пиво” гэж дүгнэсэн бол гуравдахь хүн “базари” гэж эрхий хуруугаа гозойлгожээ.

Их хотод орой болжээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж