Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлжээ. Үүнээс өмнө Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид иргэдийг 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах ажил зохион байгуулжээ. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулсан байна.
Энэ жил самар их ургасан тул Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явсан олон хүн тус аймагт хөл хорионд орсон. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар өмнө нь мэдээлэхдээ Хүдэр суманд 680 гаруй, Мандал суманд 1600 гаруй самарчин хөл хорионд гацсаныг мэдээлсэн юм. Эдгээр иргэнийг шинжилгээнд хамруулж, нутагт нь буцаах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг мэдэгдсэн билээ.
Б.ЦЭЦЭГ