"2,4 их наядын цалингийн санг 20 хувиар танах боломжтой"

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Live"2,4 их наядын цалингийн санг 20 хувиар танах боломжтой"

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, December 2, 2020

14 : 49
2020-12-3

О.Цогтгэрэл: 2,4 их наядын цалингийн санг 20 хувиар танах боломжтой

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Нөхцөл байдал ийм хурдацтай үргэлжилж байхад тогтоолоо шуурхай баталж болоогүй юм уу. Онцгой нөхцлийн үед ес хоног гэдэг удаан байна. Тогтоолын төсөлд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг хэрхэн цахимжуулах, бизнес эрхлэгчид, эдийн засагт ямар арга хэмжээ авах гэдэг тодорхой зүйл алга байна, төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд чиглэсэн уриалга байх ёстой байх. Хэрэв бид долоо хоног бүр түр хороо мэдээлэл авч Улсын онцгой комисс, Засгийн газарт чиглэл өгөөд явсан бол илүү үр ашигтай байх байсан. Бид тогтоолд нэмж халдвар алдахгүй байвал 2-3 хоногт 4-5 чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг дэмжих, бэлтгэлээ хангах зэргийг тодорхой болгох ёстой болов уу. Бүх үйл ажиллагааг нэгэн зэрэг эхлүүлэхгүй ч тодорхой хүрээнд хэсэгчлэн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр тогтоолд тусгавал илүү зөв байх.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Түр хороо байгуулагдсан нь зөв алхам. Түр хорооноос гарах тогтоол, шийдвэрийг гаргахад шуурхай хандах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Энэ тогтоол зөвхөн өнөөдөр эхний хэлэлцүүлэг явж байгаа үед хэлэлцүүлэг хойшлогдох, цаг алдах зүйл байна. Хэрэв энэ тогтоол ирэх долоо хоног руу орвол зарим заалт нь үр ашиггүй болж байна. Тиймээс ийм шуурхай асуудлыг шуурхай хэлэлцээд, шийдвэрээ гаргаад явах шаардлага үүсч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Түр хорооны тогтоолыг дэмжиж байна. Гэхдээ тогтоолыг маш шуурхай гаргах ёстой. Энэ өвчин өөрөө цаг минутаар өөрчлөгдөж байна. Энэ цар тахал зөвхөн халдвар аюултай гэх талаас нь илүү нийгэм, эдийн засагт нөлөөлж байгааг нь анхаарч, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Маск бол хамгаалалтын том зэвсэг, халдвар гарсан газар хязгаарлалт тавьж, зарим эдийн засгийн үйл ажиллагааг хатуу хөл хорио гэхгүй зөөлрүүлэх шаардлагатай байна. Вакцины шийдвэр гарч байгаа ч бид олон төрлийн вакциныг иргэн сонгох нь нээлттэй байх ёстой гэдгийг анхааруулмаар байна. Халдвар тархаахгүй байх хамгийн гол зэвсэг бол маск байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хамгийн чухал нь цар тахлын үед Засгийн газрын тусгай сангууд буюу эрүүл мэндийн даатгалын санд байгаа 400-500 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа учраас ганцхан Дэлхийн банкны зээл хүлээхгүйгээр шийдэх боломжтой. Юуны өмнө галын шугам дээр ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийнхон зэрэг 20 мянга орчим төрийн албан хаагч нараа юуны түрүүнд вакцинжуулж, халдвар авахгүй байх арга хэмжээг төр яаралтай авч хэрэгжүүлэх ёстой. Тэр үүднээс вакцин гаргаж буй орнуудтай даруй хэлэлцээр хийж, эрсдэлийн голомтод байгаа, эрсдэлтэй хүмүүсээ вакцинжуулах шаардлага байгаа. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан, үүн дээр Түр хороо ч мөн идэвхтэй ажиллах ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Шинэ Дэгийн тухай хуулиар УИХ шууд батлах боломжтой. Гэхдээ гишүүд боловсруулах шаардлагатай гэвэл хэлэлцүүлэгт бэлтгээд явах боломжтой.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

УИХ хурдтай ажиллах хэрэгтэй. Түр хороонд дандаа байнгын хорооны дарга нар, бүх сөрөг хүчний төлөөлөл орсон учраас тэр түвшинд шийдвэрээ гаргаад, шаардлагатай бол шуурхай хуралдаанд явах ёстой. Энэ  тогтоолд орсон 13 заалт маш ерөнхий байна. Банкинд байгаа муу зээлүүдийг чанартай зээл болгох эрсдэл байна. Бодит салбарууд, зээлдэгч нар дээр очих мөнгө байхгүй болох гээд байна. Тиймээс УИХ-аас зөвлөмж байдлаар маш тодорхой гаргах хэрэгтэй байна. Төсвийн тодотгол хийх ёстой ч түүнээс их боломж нь Монголбанкин дээр хадгалагдаж буй 6 их наядын үнэт цаас. Ачааллыг Засгийн газар, банкууд, бизнес эрхлэгч гэх зэргээр хуваарилахгүй бол маш олон эрсдэл үүсэхээр байна. Судлаачид маш олон зөвлөмж гаргаж байгаа ч түүнийг тусгахгүй байна. Вакциныг олон улсын байгууллагуудын саналыг үндэслэж явуулах нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Тогтоолд цар тахлын үед иргэн хуулийн этгээд хоорондын гүйлгээг мөнгөн тэмдэгтээр хийх ёстой гэх мэт тодорхой заалтууд оруулж өгсөн. Ипотекийн зээл хүү хойшилсноос бусад зээлүүдийг хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй, Монголбанк арилжааны банк, иргэн хоёрыг хоорондоо зохицохыг чиглэл болгоод орхисон. Төр оролцох чиглэл рүү тогтоолын төсөлд заалт оруулах нь зайлшгүй гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

13 заалттай тогтоолын төсөл шийдэлгүй харагдаж байна. Тооцоолоогүй хүндрэлд орж, ачааллыг хэн хэн үүрэх вэ. Нэг хэсэг нь төр гэж байгаа, нөгөө талдаа иргэд, бизнес эрхлэгчид бий. Ачааны хүндийг үүрэлцэж болох тэр хэсэг нь төрийн албан хаагч, төрийн өмчит компаниуд гэж бодож байна. Эдгээр байгууллагын 2,4 их наядын цалингийн сангийн 20 хувийг танах боломж бий юм бишүү. Ойролцоогоор 504 тэрбум төгрөг байна. Тодорхой зэрэглэлээс дээш албан тушаалтнууд илүү өндөр хувиар байх гэх мэт зохицуулалт хийх боломжтой юм шиг харагдаад байна. Тэгэхээр энэ ачааг тэнцүүлэх боломж байна. Мөн энэ тогтоол асуудлын хойноос явах бус covid-19-ийг түгжрэл, онлайн ажиллагаа гэх мэт дэд бүтцийг бий болгох боломж байгаа учраас асуудлыг хөөж биш маргаашийн дэвшилтэт зүйлийг бэлтгэх чиглэлээр тусгах нь зөв болов уу.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Таны санал их чухал санаа байна. Бид авдраа уудлаад үзвэл удирдаж, ашиглаж чадахгүй зүйл олон байна. Төрийн өмчит компаниуд гэхэд 30 их наядын өгөөжгүй хөрөнгө байгаа юм. Хямрал бол боломж гэж үг байдаг. Тиймээс бид төрийн өмчит компаниудын менежмент, цалин урамшууллыг эргэн харж, төсвийн боломж, нөөц гэж харах боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас тогтоол гарч байгаа. Энэ тогтоолд төрийн өмчит компаниуд дээр байгаа боломжуудыг төсвийн эх үүсвэр болгон ашиглах боломжтой. Төрийн 800 орчим үйлчилгээг цахимжуулах бодитой алхам хийж эхэлсэн. Нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээнүүд иргэдэд цахимаар хүрч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

МАН-ын эрх баригчид Сovid-19-ийн үед 770 мянган хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, 60 мянган жижиг бизнес эрхлэгчдийн зээлийг тэглэх ёстой гэсэн саналуудыг оруулж ирэхгүйгээр хэрэггүй тогтоол гаргаж байна. Ингэхдээ олон соёлын төвөө танах боломж байгаа ч та бүхэн ашиглахгүй байна. Эрх баригчид банкуудын халаасанд орж, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа учраас Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудалд хариуцлага ярих хэрэгтэй. Том компаниудад л чиглэсэн тогтоол, хууль баталж байна.  МАН хариуцлагагүй ажиллаж байна. Энэ тогтоолд хувиараа эрхлэгчид, жирийн иргэдийг хамгаалах чиглэлээр нэг ч заалт алга байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Бусдын зовлонгоор улс төр хийж болохгүй, тоглоом тоотой нь дээр шүү. Та өөрөө ажлын хэсэгт байгаа, хоёр удаа хуралдахад та зарчмын зөрүүтэй санал гаргах бүрэн эрхтэй. Ажлын хэсгийн гишүүд маш олон зарчмын зөрүүтэй санал гаргасныг дэмжээд явсан. С.Ганбаатар гишүүн та ярьж байгаа зүйлүүдээ хууль болгож, ажлын хэсгийн хуралдаа суу, зарчмын зөрүүтэй саналуудаа гарга. Камерын өмнө хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг жүжиг тоглохоо боль, та. Оюутолгойн асуудал дээр би таниас илүү хатуу байр суурьтай байгаа. Бидний хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол 150-180 мянган үйлчилгээний байгууллага такси эрхэлдэг, үсчинх гэх мэт ажлын байруудыг хадгалах, хамгаалах чиглэлээр арга хэмжээ авах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Тогтоол гаргахыг дэмжиж байна. Бидэнд анхаарах зүйл байна. Энэ өвчин биднийг тодорхой хэмжээнд харж үзлээ л гэж үзэхээр байна. Биднийг бэлтгэлээ хангах, дэлхийн бусад орнууд яаж тэмцэв гэдэг туршлага, сургамжуудыг өглөө, эдийн засгийн олон салбарын ажил цэгцэрцэн байдаг үед хатуу хөл хориог тогтоолоо. Одоо бид энэ асуудалд бодитой үнэлэлт хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхой болгох ёстой. Бодлого үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд гүйцэтгэл, сахилгыг сайжруулах чиглэлээр онцгой анхаарах хэрэгтэй. Энэ олон ярьж байгаа зүйлүүдийг яг одоо авч хэрэгжүүлэх аминд тулсан асуудал, өвчнөөс иргэдээ хамгаалах, эдийн засгийг нураахгүй байх чиглэлээр бэлтгэлээ хангаж, авч хэрэгжүүлэх чиглэл гэсэн хоёр түвшинд авч хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, дотоодын махны нөөц хангах, мах экспортлох, тариаланчдад олгох хөнгөлөлттэй зээлийн асуудал зэрэг олон асуудлууд бий шүү. Хөгжлийн банк болон бусад тусгай сангуудаас бодлогын эх үүсвэр гаргаж, жижиг үйлдвэр, бизнес эрхлэгчдэд нэг удаагийн дэмжлэг үзүүлэх чиглэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зөв санагдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Засгийн газрын тусгай сангуудыг бид одоо л ашиглах хэрэгтэй. Иргэд эрүүл мэндийн эрсдэлтэй нөхцөлд орсон энэ үед эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө, ажилгүйдлийн сан зэрэг мөнгөнүүд аж ахуй нэгж, иргэдийн төлж байгаа мөнгө учраас буцаагаад зарцуулах чиглэлээр тодорхой ажил хийх хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Ажлын хэсэг Сovid-19-тэй холбоотой хууль биелж байгаа эсэх, Засгийн газрын хийж чадахгүй ажлаас УИХ юу хийх вэ гэдгийг тодорхой болгож байгаа гэж ойлгож байна. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулах эсэх, эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгийг хэрэглэх, зээлийн хүү бууруулах зэрэг зайлшгүй байх саналууд байна. Өнөөдрийн энэ тогтоолд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст чиглэсэн ямар тодорхой ажил хийж боломж юу байна гэдгийг Засгийн газарт чиглэл болгож, яаралтай оруулж ирэх чиглэлээр санал тусгах нь зөв болов уу.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн 85 орчим хувь нь эрсдэлд орсон байна. Бизнесийг дэмжих санал санаачлагыг УИХ-аас тогтоолд тусгах санал санаачлага гаргах хэрэгтэй байна. Бизнесийн үйл ажиллагаанд татварын хөнгөлөлт, тодорхой хугацаанд хөнгөлөх, чөлөөлөхийг Засгийн газарт чиглэл болгох нь зөв болов уу. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс гадна эрчим хүч, дулааны зардал аж ахуй нэгжид дарамт болж байгаа учраас Засгийн газраас бодитой арга хэмжээ авах ёстой гэсэн чиглэлийг УИХ-аас өгөх ёстой.

Ийн гишүүд асуулт, тодруулга авч дууссаны дараа  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой төслүүдийг хэлэлцэж, баталсан юм. Үүний дараа чуулганы хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тус Хүний эрхийн дэд хорооны гишүүн болох хүсэлт гаргасныг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ингэснээр Пүрэв гаригийн чуулганы хуралдаан өндөрлөв. Маргааш чуулганы хуралдаанд гишүүд Төрийн ордонд бүгд ирж оролцож, 4-5 танхимд хуваагдаж, чуулганы хуралдаанд оролцоно гэдгийг УИХ-ын дарга онцлов.

Ш.ЧИМЭГ

13 : 22
2020-12-3

Япон улсаас 233 сая долларын зээл авахыг дэмжив

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, December 2, 2020

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Covid-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 63.8 хувь нь дэмжин, баталлаа.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Covid-19 халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм. Нийт 25.0 тэрбум иенийн /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилт олгох ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа  шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байх юм.

Зээлийн хэлэлцээртэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

Энэ зээл Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үргэлжлэл мөн үү. Хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед Монгол Улс гадаад өрүүдээ гадаад зээлийн эх үүсвэрээр төлөх болохоор цааргалдаг байсан. Одоо хөтөлбөр дууссан учраас ирэх онуудад гадаад өрүүдээсээ төлж эхлэх боломжтой юу. Энэ гэрээн дээр хориглосон зүйл байхгүй биз дээ. 

Хоёрдугаарт, зээлийг иениэр хийнэ гэж ойлгосон. Ханшийн эрсдлээс хамгаалсан ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй энэ зээл хамаарахгүй. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авахаар ОУВС-тай тохирсон байсан. Үүнээсээ өмнө Японтой тохирсон байсан. ОУВС-гаас 280-аад сая ам.доллар авсан. Үлдсэнийг нь аваагүй байгаа. 

Энэ зээлийг зөвхөн Covid-19 халдвартай холбоотой асуудалд л зарцуулна. 2020 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын сарын хооронд авч хэрэгжүүлсэн аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ. 

Ханшийн эрсдлийг зохицуулна, Монголбанктай гэрээ байгуулан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Энэ бол сайн зээл. Гэхдээ зарцуулалт нь төсвийн алдагдал нөхнө. 233 сая ам.доллар нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдох юм. Энэ нь иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжинэ. Эсвэл тус зээлийг эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна. Төсвийн алдагдалыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна. Ерөнхий сайд мөнгө байвал хамаагүй иргэддээ тараана гэж хэлсэн. Хэлсэндээ хүрэх хэрэгтэй. Өмнө нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үеэр дотооддоо халдвар алдаагүй байсан. Одоо иргэд бараг нэг сар гаруйн хугацаанд орлогогүй гэртээ сууж байна.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

10 : 52
2020-12-3

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Covid-19 цар тахалтай холбоотойгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтэд хомсдол үүсэх, үнэ өсөхөөс сэргийлэхийн тулд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, бүх төрлийн малын тэжээл, түүхий тосыг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгасан юм. Ингэхдээ 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх нэр төрлийн бүтээгдэхүүнийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байдаг.

Хэлэлцүүлгийн шатанд  УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Жилээс жилд ургац хураалт багасч байна. Цааш цаашид ямар арга хэмжээ авах вэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээхэд ямар бодлого баримтлах вэ. Хивэг тэжээлийн хэдэн үйлдвэр байгаа вэ. Хивэг тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Энэ асуудал дээр ямар бодлого баримтлах вэ?

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

Сүүлийн 10 гаруй жил улаан буудайг дотоодоосоо хангадаг гэсэн ойлголттой байсан. Би ажлаа авснаасаа хойш сүүлийн 5 жил улаан буудайг дотоодоосоо хангаж чадахгүй байгааг ойлгосон. Газар тариалан мал аж ахуй хоёр зөрчилдөж эхэлж байна. Бэлчээрийн аж ахуй газар тариалангаа татаж унагаахад бэлэн болчихлоо. Иймээс энэ асуудлыг ялгаж салгаж шийдвэрлэх хэрэгтэй байна. Хивэг тэжээлийн дөрвөн үйлдвэр бий.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг долдугаар сарын 1-н болтол өөрчилснөөр төсөвт дарамт ирэхгүй. Дотоодоосоо өвс, тэжээлийг хангана гэсэн. Гэтэл төсөлд санал тусгасангүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Баянхонгор аймаг нэн эрсдэлтэй аймаг. Ган, зуд, корона давхцаад гарлаа. Баянбулаг, Баян-Өндөр суманд өвс, тэжээл хэдэн төгрөгөөр хэдэнд очих вэ. Яаж тооцох вэ. Улсын онцгой комисс Хүнс хөдөө аж ахуйн яамны өвсний фондод байгаа өвсөө үнэгүй өгчиж болохгүй юу. Манай Улаанбаатарынхан махаа хямдхан идэх дуртай мөртлөө малчдад туслахгүй дургүй.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хууль гарсан ч гадаад зах зээл дээр үнэ өсөөд байна. Улаанбуудайн үнэ ОХУ-д өсч, квот тогтоосон. Бид дутагдал, үнийн өсөлт, нийлүүлэлтийн хомсдлоос сэргийлж, арга хэмжээ авч байгаа. Нийлүүлэлт, үйлдвэрлэлийн тоо хэмжээ  нэмэгдээд ирэхээр үнэ буурдаг зах зээлийн зарчмаар явна. Өнжсөн өвсийг малчдад үнэгүй өгнө гэдэг шийдвэрийг Улсын онцгой комиссын дарга гаргасан гэв.

Үүний дараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэхүү хуулийн төсөлд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, бүх төрлийн малын тэжээл, түүхий тосыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан юм.

Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүд өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох боломж бий эсэхийг тодруулсан юм. Улсын онцгой комисс аймгуудын нөөцөд байгаа өнжмөл өвсийг үнэгүй, ингэхдээ шинэ өвстэй холиод малчдад өгөх шийдвэр гарсан бөгөөд аймгуудын удирдлагуудад чиглэл хүргүүлсэн байна. Харин өвс, тэжээлийг зээлээр олгох асуудлыг малчид болон аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцоод, шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Салбарын яамны зүгээс үйлдвэрлэгчидтэй санал солилцон, энэ чиглэлээр бодлогын арга хэмжээ авч ажиллана гэв. Өвөлжилт, хаваржилт нэгэнт хүндрэх нь тодорхой байгаа тохиолдолд боломжоороо малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, үүнд төр зохих хэмжээний оролцоотой байж арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналыг мөн гишүүд гаргасан юм.

Салбарын яам төрөөс ийм төрлийн ажлыг гардан гүйцэтгэх боломж байхгүй, малчин, аж ахуйн нэгж хоорондоо ийм төрлийн тохиролцоо хийх замаар малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, харин төр бодлогын дэмжлэг үзүүлэх байдлаар оролцож, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.

    Ингээд Байнгын хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй 4 саналын томъёоллоор тус бүр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 

10 : 22
2020-12-3

УИХ-ын чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхлээд байна.

Улаанбаатар хотын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа тул УИХ-ын гишүүд зарим нь чуулганы танхимаас зарим нь ZOOM программ ашиглан гэрээсээ хуралдаанд оролцож байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл  /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж