Б.Баяраа: Б.Бямбасайхан, Д.Ганболд нар гэмт хэрэг хийгээгүй | News.MN

Б.Баяраа: Б.Бямбасайхан, Д.Ганболд нар гэмт хэрэг хийгээгүй

Б.Баяраа: Б.Бямбасайхан, Д.Ганболд нар гэмт хэрэг хийгээгүй

Б.БЯМБАСАЙХАН, ДА.ГАНБОЛД НАР ГЭМТ ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ. ТҮҮХ ЦАГААТГАХЫГ ХҮЛЭЭХГҮЙГЭЭР ШҮҮХ ҮНЭН МӨНӨӨР НЬ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА.

Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК-ийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.

-Оюутолгой төслийг гэмт хэрэг гэж шүүж байгаа талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ олон жил яригдсаны эцэст 2009 онд байгуулагдсан. Тухайн үед дэлхий нийтийн эдийн засгийн хямрал Монгол Улсад ч нүүрлэсэн, иргэд банкинд эргэлзэж эхэлсэний улмаас төрөөс хадгаламжинд баталгаа гаргах зэрэг хүндхэн арга хэмжээ хэрэгжүүлж байсан. Энэ үед Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийг хөдөлгөснөөр 2012 онд эдийн засаг 17 хувиар өсч Монгол Улс дараагийн Азийн бар гэж яригдаж эхэлсэн. Харамсалтай нь Оюутолгой төслийг дараагийн Засгийн газрууд гацааж үл ойлголцол үүссэнээр олон мянган ажилтнуудаа халж үндсэндээ зогсонги байдалд шилжиж эргээд эдийн засгийн хямрал нүүрлэж эхэлсэн. Чухам энэ нь Дубайн төлөвлөгөө батлагдах нөхцлийг бүрдүүлж 2015 онд дахин гацаанаас гарсанаар Оюутолгойн төсөл өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

-Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг ямар үндэслэлээр гэмт хэрэгт буруутган ял шийтгэсэн бэ?

-УИХ-ын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 2014 оны 34 дүгээр, Эдийн засгийн хүндрэлээс гарах тухай 2015 оны 41 дүгээр тогтоолоор  Засгийн газарт Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийхийг үүрэг өгсөн. Зүгээр ч үүрэг өгөөгүй, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд саад учруулсан албан тушаалтанд хуулийн хариуцлага тооцож энэ талаар эргэж УИХ-д тайлагнаж байх хугацаатай үүргийг Засгийн газарт өгсөн. Ингээд Засгийн газрын 2015 оны 21, 27 дугаар хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын 4 удаагийн захирамжийн дагуу “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, түүний охин компани “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар албан үүргийнхээ дагуу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зураад өнөөдөр буруутгагдаад явж байна.

-Гэхдээ төр засгийн шийдвэрийг хэрэгжүүлээд гэмт хэрэгтэн болсон гэдэг нь ойлгомжгүй байна?

-Харин тийм. УИХ, Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын нэр төртэй сайн гүйцэтгэсний төлөө өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгтэн болчихоод байна. Ажлаа хийх явцдаа хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо ямар нэгэн байдлаар гүйцэлдүүлсэн бол Эрүүгийн хуулиар ял шийтгэх нь зөв. Гэтэл энэ хүмүүс нэг ч төгрөг завшаагүйн зэрэгцээ нэр төртэй ажлаа хийчихээд шоронд сууж байгаа нь бас үнэн. УИХ-ын эрх олгосны дагуу Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, Дубайн төлөвлөгөөний төсөл, удирдамжийг баталсан байхад шүү.

-Ямар хууль зөрчсөн гэж буруутгадаг вэ?

-Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг тухайлбал, кабинетын зарчмаар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд дангаар шийдвэрлэж эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэх үйлдэлд хамаатуулан буруутгадаг. Засгийн газрын тухай хуулийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зөрчих боломжтой, харин иргэд, аж ахуйн нэгж зөрчих боломжгүй. Засгийн газрын шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж биелүүлж хэрэгжүүлэх үүргийг хуулиар хүлээхээс биш зөв бурууг хэлэлцэн шүүх эрх байхгүй. Гэтэл прокуророос Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх, хэрэгжүүлэхгүй байх, хуулийн байгууллагад мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан. УИХ, Засгийн газрын бүх түвшинд шийдвэр гарчихаад байхад төрийн өмчит компанийн захирал түүнийг хэрэгжүүлэхгүй, наад шийдвэр чинь зөв буруу, хууль зөрчсөн гэж эсэргүүцэх эрх байхгүй. Өнөөдөр цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд Засгийн газраас олон тогтоол, захирамжууд гарч байна. Шийдвэрийн биелэлтийг хариуцан ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцээд улдан чангаагаад хууль хяналтын байгууллагад хов зөөгөөд ажлаа хийхгүй бол наанадаж ажилгүй болохоос эхлээд цаашид хуулийн хариуцлагын асуудал яригднаадаа. За бараг олон нийтийн доог тохуу болоод л дуусах байх. Засгийн газрын шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хянаж байдаг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэмээх дарга нь сайдын статустай томоохон мэргэжлийн аппарат хэрэгжүүлж байдаг. Түүнээс биш доод шатанд төрийн өмчит компанийн захирлууд Засгийн газрын шийдвэрийг шүүн хэлэлцэх эрхгүй, зөвхөн биелүүлэх үүрэгтэй.

-Олон нийтийн дунд Оюутолгойн гэрээг байгуулаад баахан хөрөнгө мөнгө завшсан гэх ойлголт байдаг? 

-Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын тухайд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн гэх асуудал яригддаггүй юм. Хуулийн байгууллага нууцаар мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгэсэн боловч ажлаа хийж явсан гэмгүй хүмүүсээс буруу юм илрэхгүй нь тодорхой.

-Тэгээд хэнийг хохироосон гэж буруутгаад байдаг юм?

-Дубайн төлөвлөгөө батлагдсанаар Оюутолгой ХХК-ийн татварыг тогтворжуулсан, зардлын санхүүжилтийн хэтрэлтийг хүлээн зөвшөөрч татварын давуу байдал үүсгэсэн гэж буруутгадаг. Нэгд, Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр татварыг тогтворжуулсан байдаг, өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдах үеийн татварын хувь хэмжээг нэмэхгүй, шинэ төрлийн татвар үүсгэхгүй буюу татварын эрх зүйн орчин тогтвортой байлгахыг Монголын төр хөрөнгө оруулагчийнхаа өмнө хүлээсэн. Дубайн төлөвлөгөөнд Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлөөрөө татвар авна гэсэн болохоос ямар нэгэн байдлаар татвараас хөнгөлж, чөлөөлөх тусдаа тохиролцоо хийгээгүй. Монголын төр ч Хөрөнгө оруулагчийнхаа өмнө татварыг тогтворжуулах үүрэг хүлээчихээд маргааш нь аашаа хувиргаж хуулиар шинэ төрлийн татвар үүсгэх, эсхүл хувь хэмжээгээ нэмээд нэхээд байх нь утгагүй биз дээ. Хоёрд, уурхайн анхны техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан зардлын санхүүжилт хэтэрсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж буруутгадаг. ТЭЗҮ бол урьдчилсан таамаг, төсөөлөл юм, зайлшгүй биелэгдэх шинжгүй. Анхны босоо аманд хөрсний нуралт үүссэнээр лифтээр баяжмал тээвэрлэх боломжгүй болсон, мөн Монголын Засгийн газар эрчим хүчний цахилгаан станцаа бариагүйн улмаас БНХАУ-аас цахилгаан импортолсон зэрэг олон хүндэтгэн үзэх шалтгаанаар төслийн анх төлөвлөсөн зардал нэмэгдсэн байдаг. Үүнийг манай Засгийн газраас шалгаад дүгнэлт гаргасан. Нэгэнт хэтэрсэн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй бол төслийг зогсоохоос өөр сонголт байгаагүй. Өнөөдөр 2020 онд ч мөн зардлын санхүүжилт тооцоолсоноос хэтрээд Оюутолгойн ТУЗ-аас олон улсын хөндлөнгийн аудит оруулахаар шийдвэрлэж байгаатай адилхан. Дахиад зардал өссөн асуудлаар хэн нэгнийг яллахгүй байх гэж найдья. Уурхайн ТЭЗҮ бүү хэл, хуулиар батлагддаг улсын төсөв ч өөрчлөгдөж төсвийн тодотгол хийгддэг биз дээ. Жишээ нь өнөөдөр дотоодод ковид алдагдсанаас шалтгаалж 2020 оны төсөвт тодотгол хийх тухай яригдаж байгаатай адил. Анхны техник эдийн засгийн үндэслэлээр 1 километрийн гүнээс лифтээр бүтээгдэхүүнээ зөөвөрлөхөөр байсан боловч хөрсний нуралтаас шалтгаалж налуу замаар тээврийн хэрэгслэлээр зөөхөөр болсон байдаг. Зүйрлэвээс Цэцээ гүний оройг газрын гадарга гэж үзвэл Сүхбаатарын талбай хүртэл газрын гүнд налуу хонгил нэмж барьсан гэсэн үг. Энэ зардлын санхүүжилтийг УИХ-аас  ч ажлын хэсэг байгуулан хэд хэдэн удаа шалгасан.

-Да.Ганболд нарт төлөвлөгөөг батлахаас сонголт байгаагүй гэсэн үг үү?

-Оюутолгой төслийг гацаанаас гаргах шийдэл дээр бол өөр сонголт байхгүй. Нэгэнт бодитой гарсан Оюутолгой төсөлд зарцуулагдсан зардлыг шалгаад зөвшөөрөхгүй гээд яах билээ, нөгөөтэйгүүр өмнө нь гэрээгээр тогтворжуулсан татварын нөхцлөөсөө буцаан ухарч болохгүй шүү дээ. Монголын төр тэгвэл хөрөнгө оруулагчийнхаа өмнө цайрсан луйварчин шиг харагдана. УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, толгой компанийн шийдвэр гарчихаад байхад төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажил үүргээ гүйцэтгэхээс өөр сонголт байхгүй.

-Төрийн албан хаагч нарт их халгаатай нөхцөл байдал үүсчээ?

-Шүүхийн эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Хэрэв ажлаа хийснийхээ төлөө шоронд суудаг болвол өнөөдрийн мянга мянган ажил үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад хууль зүйн ямар ч баталгаа байхгүй болно гэсэн үг. Тухайн үед шагнаж урамшуулж байснаа хожим засаг төр солигдохоор гэмт хэрэгтэн болгоод байвал Монголын төр зүтгэсэн албан хаагч нартаа 2 нүүр үзүүлдэг, загасны ой санамжтай болж байна гэсэн үг.

-Энэ хэрэгт тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шууд холбогддог талаар?

-Хэргийг уншихаар Ч.Сайханбилэгийг шууд буруутгасан байдаг юм. Бусад нь Засгийн газар, Ерөнхий сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх ялтай. Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг тусгаарлахдаа түүнийг үүрэг даалгаврыг биелүүлсэн албан хаагчдыг хаа хамаагүй 6 жилийн өмнөх 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шалгагдсан С.Баяр, С.Баярцогт нарын хэрэгт үхрийн бөөр шиг нийлүүлсэн. Энэ хэргийн гол зангилаа болсон Ч.Сайханбилэгийн гэм буруугийн асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа үүрэг даалгавар биелүүлсэн хүмүүсийн асуудлыг ярих нь зөв юм. Тухайн үед Ч.Сайханбилэг “Би Дубайн төлөвлөгөөг хар толгойгоороо хариуцна, улс төр нь миний хэрэг. Та нар зүгээр л ажлаа хийцгээ” гэж үүрэгдэж байсан атал өнөөдөр өөрөө эзгүй, харин ажлаа хийсэн нь шоронд сууж байна даа. Ер нь бол Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээ яллачихсан.

-Да.Ганболд нар Дубайн төлөвлөгөөг боловсруулсан юм уу?

-Одоо буруудаад байгаа хүмүүс өөрсдөө санаачлаад төлөвлөгөө боловсруулж баталсан юм байхгүй. Хувьцаа эзэмшигчдийн урт хугацааны хэлэлцээрийн үр дүн. УИХ-аас Засгийн газарт үүрэг болгож, Засгийн газраас төлөвлөгөөний төслийг заалт нэг бүрээр хэлэлцэж үүрэг өгөөд Ерөнхий сайдын Ажлын хэсэг байгуулах, Удирдамж батлах, Гарын үсэг зурах эрх олгох тухай захирамжийн хүрээнд гарын үсэг зурсан. Салбар хариуцсан сайд нь Засгийн газрын хуралд танилцуулсан бөгөөд Дубайн төлөвлөгөөний биелэлтийг УИХ-ын тогтоолын дагуу хагас жил тутам УИХ-д тайлагнаж байсан.

-Гэмт хэрэг үйлдэхэд хувийн сэдэл, санаа зорилго ямар байсан гэж яригдмаар юм?

-Албан тушаалаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг шууд санаатай үйлдэгддэг. Ажлаа хийгээд үүрэг даалгавраа биелүүлж явсан хүмүүст хаанаас тийм санаа зорилго байв гэж. Хариуцлагатайгаар хэлэхэд хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн гэж яллаагүй гэдгийг дахин сануулья. Оюу толгойд тал засаж татварын давуу тал үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. Энэ төслийг гацаанаас гаргах тухай төрийн бүх түвшинд гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн. Прокуророос нэмээд бүлэглэж үйлдсэн гэж буруутгасан. Ажлын хэсэгт орохоороо бүлэглэн болдог бол Монголын төр мөн ч олон бүлэг гэмт хэрэгтэнтэй болох байх (инээв).

-Оюутолгой ХХК-д давуу байдал үүсгэсэн бол цаад утгаараа хувьцаа эзэмшигч Монголын Засгийн газар давуу байдал олж авах уу?

-Оюутолгой ХХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, мөн хамгийн их хэл ам дагуулж улс төр хийдэг нь. Хөрөнгө оруулагч Туркойз хилл компанийн 50.8 хувийг Рио тинто эзэмшдэг бөгөөд эцсийн эзэмшигчийн хувиар Монгол Улсад 33 хувийг эзэмшдэг 2 дахь том хувьцаа эзэмшигч юм. Бид 66 хувиа бүхэлд нь Рио тинто гэж эндүүрдэг. Оюу толгой татварын хөнгөлөлт эдэлсэн бол хувьцаа эзэмшигч Засгийн газарт ч хамааралтай болж байгаа юм.

-Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж хувьдаа ашигласан гэж яллаагүй юм байна гэж ойлголоо зөв үү?

-Хувьдаа хөрөнгө завшсан, давуу байдал, ашиг хонжоо олсон гэх ойлголт байхгүй. Бусдад өөрөөр хэлбэл Оюутолгойд татварын давуу тал үүсгэсэн гэж яллаад байгаа. Дубайн төлөвлөгөө гэх хувьцаа эзэмшигчдийн хэлцлийг гэмт хэрэг гэж үзээд шүүгээд байгаа юм. Төр засгийн шийдвэр, улс төрийн бодлого, гэрээ хэлцлийг гэмт хэрэг мөн биш гэж шүүдэг жишиг дэлхийд байхгүй. За яахав Дубайн төлөвлөгөөг өөрийг нь эрүүгийн шүүх хуулиа зөрчин шүүмээр байгаа бол ядаж энэ хэлцлийн алдаа, оноо аль алиныг хамтатган шүүх нь шударга ёсонд нийцнэ биз дээ?

-Хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн талаар өмгөөлөгч өмнө нь мэдээллэж байсан?

-Шударга ёсны бурхан Фемидагийн баримлыг та үзсэн байх. Нэг гартаа дэнс, нөгөө гартаа илд барьж нүдээ боосон байдаг даа. Энэ нь дэнсэн дээр хар цагаан, зөв буруу, үнэн худлыг дэнсэлж өнгөнд автахгүйгээр шүүнэ гэсэн утгатай. Орчин үед ч үзэл санаа нь хэвээр хадгалагдаж манай хуулиудад хэргийг цагаатгах, яллах бүх талын баримтыг бүрэн цуглуулна гэж туссан. Гэтэл манай хэрэг дээр прокурор, шинжээч зөвхөн яллах талын баримтыг цуглуулж цагаатгах талын баримтуудыг зориуд нүдээ аниад орхигдуулсан байдаг. Прокурор яллах цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлүүдийг эргэлзээгүй тогтооно гэсэн хуультай байтал зөвхөн яллах талыг дагнаж, цаашлаад шүүх нь ялын дүгнэлтийг нь улам сайжруулсан шийдвэр гаргасан.

-Дубайн төлөвлөгөөний Монгол Улсад үзүүлсэн үр өгөөжийг дурдвал?

-Дубайн төлөвлөгөөгөөр Монгол улсад илт ашигтайгаар шийдсэн олон асуудлыг хэрэгт дурдаагүй. Жишээ нь татварын орлого нэмэгдсэн, менежмэнтийн зардал бууруулсан, Оюу толгойн уурхайн кадастрын асуудлыг тодорхой болгосон, зээлийн хүү бууруулсан, АМНАТ-ыг илүү том сууриар тооцон авах болсон, Монгол талын хяналтыг сайжруулсан, мөнгөөр үнэлэгдэхгүй технологи, know how зэрэг олон асуудлыг сайжруулсны зэрэгцээ, Монгол Улсыг хөрөнгө оруулахад таатай орчин гэж зарласан, ялангуяа Монголын ханган нийлүүлэгч үндэсний олон зуун компаниуд, уг компаниудад ажилладаг хэдэн арван мянган ажилчид, бизнесмэнүүд олон жилийн турш тасралтгүй хэдэн их наядаар хэмжигдэх орлоготой болж байна. Дубайн төлөвлөгөөгөөр монголчуудын зүгээс хамгийн их шүүмжилдэг менежментийн зардал болох “шар толгойтнуудын цалин”-г 50 хувиар бууруулсан, олон жил яригдсан боловч албажаагүй байсан монголчууд нийт өгөөжийн 53 хувийг хүртэх талаар анх удаа бичгээр тохиролцсон зэрэг чамлахааргүй амжилтанд хүрсэн. Да.Ганболд нар сайрхаад байдаггүй болохоос тухайн үед алт, зэс экспортлогч улсаас хэт хамааралтай байж болохгүй гэсэн бодлогоор урд хөршийн банкуудын санхүүжилтээс татгалзаж, олон улсын тэргүүлэх банкуудаас хөрөнгө оруулалт татсан байдаг юм.

-Гэтэл шүүмжлэгчид их байдаг.

-Дэлгүүрээс талх авчихаад авсан талхаа мартаж, төлсөн мөнгөө алдсан гээд гаслаад байж болохгүй биз дээ. Ихэнх шүүмжлэгчид гарч буй баяжмалын хэмжээг дөвийлгөж ярихаас биш эргээд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлсэн, бид юу хожсоныг огт ярьдаггүй. Зүйрлэвээс гэрийн чинээ цагаан дээр суучихаад аргын чинээ хар луу уралдан нулималдаж улс төр хийж байгаа юмуу даа. Үүнийг нь гэрээний талаар мэдлэг, мэдээлэл муутай хэсэг шууд хүлээгээд авчихдаг. Гэхдээ УИХ, Засгийн газрын хэн нь ч Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгоогүй, ер нь болгох ч үгүй байх. Оюутолгой төсөл зогсвол эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэдгийг цаанаа бол бүгд мэдэж байгаа болохоор төрийн бүх шийдвэр төслийг үргэлжлүүлэх талаар гардаг. Дубайн төлөвлөгөөгөөр зогсонги байдалд ороод байсан Оюутолгой төсөл амь орж, гадаадын хөрөнгө оруулалт, валютын урсгал нэмэгдсэн, ханш тогтворжсон, Оюутолгойгоос халагдсан ажилчид ажилдаа эргэж орсон, төслийг дагаад ханган нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдсэн, орон нутаг дахь дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн, эдийн засаг өссөн зэрэг өгөөжийг ярьсан нь ад үзэгддэг болж.  Монголын эдийн засаг Оюу толгой төсөл дээр мордсон явааг цаадуул чинь уул нь мэдэж байгаа.

-Өнөөдөр ч гэсэн зардлын санхүүжилт хэтэрсэн талаар олон улсын хэвлэлээр мэдээллэж байна?

-Дубайн төлөвлөгөөг эрүүгийн шүүхээр шийдвэрлэхтэй зэрэгцээд олон улсад цар тахлаас шалтгаалан Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн хугацаанаас хэтрэх, зардал нэмэгдэх нөхцөл үүссэн. Өнөөдөр цар тахлын улмаас хил хаагдаж гадаадын мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа талаар яригдаж байна. Зардал ч нэмэгдэж ТУЗ-өөс шалгахаар болсон байна. Амьдрал дээр үүсч л байдаг бизнесийн хэвийн хүндрэлээс болж ажлаа хийж байгаа хэн нэгнийг дахин бүү хэлмэгдүүлээсэй. Зардлын хэтрэлтийг арай энгийн жишээгээр тайлбарлах гээд үзье. Тухайлбал, сэтгүүлч та албан томилолтоор орон нутагт ажилладаг байх. Томилолтын хугацаанд машин эвдрэх, шаварт суух гэх мэт төлөвлөгөөгүй саатлаас болж шатахуун, томилолтын зардал хэтрэхэд байгууллагаас зөвшөөрөхгүй гээд байх нь утгагүй биз.

-Шинжээч нарын асуудал нэлээд шүүмжлэл дагуулдаг?

-Шинжээч нар УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа хэлэлцэж баталсан 2009, 2011 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад үргэлжлүүлээд Дубайн төлөвлөгөө нь хууль бус хэлцлийг үргэлжлүүлсэн гэж үзсэн.  Уул нь шинжээч хараат бус хөндлөнгийн бие даасан байх хуулийн шаардлагатай. Гэтэл Засгийн газрыг төлөөлж Сангийн яамыг хохирогчоор тогтоосон атлаа Сангийн яамны харьяа Татварын ерөнхий газрын татварын байцаагчдыг шинжээчээр томилсон байдаг юм. Угтаа бол хохирогч, шинжээч бүгд л Засгийн газрыг төлөөлж байгаа юм. Ингээд татвар хураагчийг татварын шинжээчээр томилсон, нөгөө талаас хохирсон гэх Сангийн яамны шууд албан тушаалын эрхшээлд байдаг шинжээч нар татвар авахгүй гэвэл ажилгүй болно биз дээ. Шинжээч нар Монголын төрийн бүх удирдах байгууллага хууль зөрчсөн гээд сүүлдээ шүүхийн эрх хэмжээнд халдаж хууль тайлбарласан дүгнэлт гаргасан нь хараат бусаар ажиллаж чадаагүйн илрэл болов уу. Татварын байцаагчийг шинжээчээр ажиллахыг хуулиар шууд хориглодог. Хохирогч, шинжээч нь нэг этгээд болвол юу болох талаар арай энгийн жишээ хэлье, хүнд зодуулсан хохирогчийг гэмтлийн зэргээ өөрөө тогтоогоод ир гээд шинжээчээр томилвол алахаас наагуур юм болсон гэхээс илэх төдий өнгөрсөн гэхгүй л биз дээ. Үүнтэй л адилхан. Оюутолгойд татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх асуудлаар хариуцсан татварын байцаагчийг шинжээчээр томилоод хохирогч нь танай дарга шүү гэхээр ямар шийдвэр гаргах нь тодорхой шүү дээ. Мөн татварыг зөвхөн татварын байцаагчийн акт, дүгнэлтээр ногдуулахаас шинжээчийн дүгнэлтээр ногдуулах тухай хууль байхгүй.

-Хохирлын асуудал шүүхийн явцад маш ойлгомжгүй болсон санагдаж байна?

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирол байхгүй болсон. Шинжээч сонирхлын шууд зөрчилтэйн дээр дүгнэлт нь үндэслэл муу гарсан, хууль зөрчсөн байсан. Мөн дээрээс нь хохирогч хохирлоо Оюу толгойгоос нэхэмжилнэ гэдгээ илэрхийлж, улмаар прокурор хохирлыг жич нэхэмжлэх санал гаргасан. Материаллаг бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол шаарддаг гэмт хэргийн тухайд хохирол нотлохгүйгээр ял шийтгэдэггүй хуультай. Гэтэл манай шүүх хохирлоо хожим нэхэмжлээрэй урьдчилаад ялаа өгчихье гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газар Оюутолгойгоос хохирол нэхэмжлэхгүй бол яахав, нэхэмжлээд нотлогдохгүй бол яахав, хожим нөхөж цагаатгах юм уу гэдэг олон асуулт үлдээсэн. Үнэн хэрэгтээ Дубайн төлөвлөгөө огт хамаарахгүйгээр Оюу толгойд татварын акт тавьсан нь Лондонгийн арбитр, Захиргааны хэргийн шүүх дээр зэрэг дуудагдаад тэвдэж яваа нь бодит байдал шүү дээ.

-Оюутолгойг оролцуулахгүй шийдвэрлэсэн гэж үнэн үү?

-Оюутолгойг энэ хэрэгт огт оролцуулаагүй. Татварын хөнгөлөлт эдэлсэн гэж байгаа бол энэ хэрэгт шалгах, ядаж иргэний хариуцагчаар оролцуулж давуу байдал олж авсан гэх татварын талаар байр суурийг нь сонсох нь зөв биз дээ. Оюутолгойг мэдээгүй явахад нь татварын давуу байдал олж авсан гээд эзгүйд нь буруутгаж болохгүй. Эрүүгийн шүүх татварын маргаан шийдвэрлэх ч эрхгүй.

-Шүүхээс цагдан хорьсон шийдвэр өнөөдрийг хүртэл хуульчдын шүүмжлэлд их өртөж байна?

-Шүүгдэгч нарт 3 хоног 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул гэсэн биелэгдэшгүй даалгавар тулгаж улмаар барьцаа байршуулаагүйгээр шалтаглан цагдан хорьсон.

-Хууль хэрэглээний талаар гомдол гаргасан уу?

-Эрүүгийн шинэ, хуучин хуулийг нийлүүлээд эрх зүйн байдлыг дордуулсан нөхцлөөр хууль буцаан хэрэглэсэн. Эрүүгийн процессын журмыг олон удаа зөрчиж, шүүх “дүрэмгүй” юм шиг аашилсан. Хамгийн сүүлд өчигдөр давж заалдах шатны шүүх олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу гээд хэрэг нэгтгэсэн байна. Монголын шүүх зөвхөн өөрийн улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хэрэглэх үндэслэлтэй. Олон улсын байгууллага, бусад улсын хууль тэр дундаа процессын хуулийг хэрэглэх эрхгүй. Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн хуулийг хэрэглэсэн атлаа хэргийг түдгэлзүүлээгүй, нэгэн зэрэг гүйцэтгэгч бөгөөд хамжигчаар оролцуулсан гээд тоочоод байвал олон хууль зөрчсөн. Огт хамааралгүй С.Баяр, С.Баярцогт нарын хэрэгттэй Дубайн төлөвлөгөө баталсан гэх хэргийг нэгтгэсэн, дараа нь тусгаарласан, төд удалгүй хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой байхад давж заалдах шатанд эргэж нэгтгэсэн гээд ойлгохын аргагүй шийдвэрүүд гарч байна. Шүүхээс шийдвэр, тэмдэглэлээ хуулийн хугацаанд гаргахгүй хэдэн сараар иргэдийг хорьж залхаасныг ч зөвтгөх үндэслэл байхгүй.

-Танд өөр нэмж хэлэх санал байна уу?

Оюутолгойн далд уурхайн төслийг зогсоовол гэдэг Оюу толгой төслийг зогсооно гэсэн үг. УИХ-аас 2019 онд 92 дугаар тогтоол гаргахдаа Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох биш сайжруулж үргэлжлүүл гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл жил гаруй хугацаанд сайжруулж тохиролцсон юм алга. Ер нь дэлхийн аль ч улсад засгийн газрын  бодлого, шийдвэр хэрэгжүүлсэний төлөө хэн нэгнийг эрүүгийн хэрэгт шүүдэггүй. Ялангуяа макро эдийн засгийн томоохон ач холбогдолтой, мега төслийн асуудлыг ямар нэгэн хууль зөрчөөгүй байтал Эрүүгийн хуулиар шүүх нь утгагүй юм. Энэ чиглэлээр дагнаж төрөлжөөгүй шүүхийн мэдлэг ч дутна шүү дээ.

Харамсалтай нь, энэ төслийг явуулах шаардлагатай гэчихээд зориглоод хийсэн мэдлэг, чадвартай албан хаагчдаа юу ч хийдэггүй гараа хумхиж шүүмжлэхээс өөр ажилгүй хэсэг улс төрчдийн үгээр ялладаг жишиг үүсч байна. Оюутолгойн оролцоогүйгээр Монголчууд сэм ажил хийсэн нэгнийгээ улс төрийн зорилгоор нударч байна л даа. Цаашид төрд ажиллах зориг зүрхтэй боловсон хүчингүй болвол яахав. Өнөөдөр цар тахлын үед эдийн засгийг чирж яваа үндсэн хөдөлгүүр болох Оюутолгойн төсөл зогсвол юу болох уу, эдийн засгийг хүнээр зүйрлүүлвэл зүрхтэй нь зүйрлэж болохоор төсөл шүү гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Сүүлийн өдрүүдэд харин УИХ-аас Оюутолгой төслийг цар тахлын үед зогсоохгүйн тулд халдвар хамгааллын нарийн дэглэм тогтооно, Засгийн газрын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дэмжиж ажиллана, дэлхийн хэмжээний томоохон уурхай ашиглалтанд орж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна гэх мэт эрүүл мэдэгдлүүд гарах боллоо. Энэ бүхнийг хэрэгжүүлсэн хүмүүсээ шагнадаггүй юм гэхэд ядаж шоронд хоримооргүй баймаар.

Ц.Баасансүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ТэнэглэлТэнэглэл
79
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж