УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хэсгийн шатны тавдугаар тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр/2020.12.02/ боллоо.
- Истанбул Башакшехир 3 – 4 РБ Лейпциг
Туркт явагдсан тоглолтонд нийт долоон гоол орж, 90+2 дахь минутанд Александр Сорлотын оруулсан гоолын ачаар Германы РБ Лейпциг баг хожлоо. Ингэснээр тэд хасагдах шатанд шалгарах боломжоо хадгалж үлдэж чадав. Харин Истанбул Башакшехир багийн хувьд хэсгийн сүүлийн байранд бичигдэх нь тодорхой болжээ. Энэхүү тоглолтонд тус багаас Турк хагас хамгаалагч Ирфан Кавечи онцгой байж, гурван гоол буюу хет-трик толилуулсан ч баг нь харамсалтайгаар ялагдлаа.
- Краснадор 1 – 0 Ренн
Хасагдах шатанд шалгарах боломжгүй болсон хоёр баг хэсгийн гуравдугаар байрны төлөө тоглолоо. Краснодар цэнгэлдэхэд явагдсан уг тоглолтонд талбайн эздээс Маркус Берг 71 дэх минутанд тоглолтын цорын ганц гоолыг оруулж, багаа ялалтад хөтлөв. Багийнхаа түүхэнд анх удаагаа УЕФА Аваргуудын лигт оролцож буй Краснадор баг анхныхаа ялалтыг байгуулжээ.
- Манчестер Юнайтед 1 – 3 Пари Сен-Жермен
Энэ өдрийн онцлох гол тоглолт дээрх хоёр багийн хооронд явагдсан. Тоглолтын эхний гоолыг ПСЖ багийн Бразил довтлогч Неймар наймдахь минутанд оруулж, баг нь тэргүүлж эхлэв. Гэвч талбайн эздээс Маркус Рашфорд 32 дахь минутанд хариуг нь барьж, тоглолтын тооны харьцаа тэнцсэн. Ийнхүү нэгдүгээр үе 1-1 гэсэн харьцаатай өндөрлөж, хоёрдугаар үед хоёр багийн Бразил тоглогчид тодорсон. Эхлээд 69 дэх минутанд ПСЖ багийн Бразил хамгаалагч Маркиньос гоолдож, багтаа тэргүүллийг авчирсан бол үүнээс ганцхан минутын дараа Манчестер Юнайтедын Бразил хагас хамгаалагч Фред хоёрдахь шар хуудсаа хүртэн талбайгаас хөөгдөв. Хүн дутуу болсон “Улаан чөтгөрүүд” энэхүү тоглолтоос оноо авахын тулд боломжит бүхий л довтолгооны тоглогчдоо талбайд гаргасан ч тусыг эс олжээ. Тоглолтын эцсийн цэгийг Неймар 90+1 дэх минутанд тавьж, баг нь хүчтэй өрсөлдөгчөө 3-1 гэсэн харьцаатай хожлоо.
H хэсгийн байдал тавдугаар тойргийн дараачаар улам ярвигтай болж ирэв. Учир нь ПСЖ, Манчестер Юнайтед, РБ Лейпциг багууд бүгд адил есөн оноотой байна. Ирэх зургадугаар тойргийн чухал тоглолтууд энэ хэсгээс аль аль багууд хасагдах шатанд шалгарахыг шийднэ.
- Боруссиа Дортмунд 1 – 1 Лацио
Боруссиа Дормтунд талбайдаа Лациог хүлээн аван тоглож, 1-1 гэсэн эвийн гэрээгээр тоглолт өндөрлөв. Талбайн эзэд энэхүү тоглолтоос нэг оноо авч, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан бол Италийн Лацио багийн хасагдах шатны эрх ирэх тойргийн тоглолтоос шалтгаалах болно.
- Ференцварош 0 – 3 Барселона
Лионель Мессиг амраасан Барселона Унгарт зочлон тоглож, талбайн эздийг 3-0 гэсэн харьцаатай хожлоо. Испанийн багаас Антуан Гризманн, Мартин Брайтвайт, Усман Дембеле нар гоолдож, багтаа хожил авчирчээ. Барселона баг 2002-2003 оны улирлаас хойш анх удаагаа УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний таван тоглолтондоо бүгдэд нь ялалт байгуулжээ.
- Ювентус 3 – 0 Динамо Киев
Италийн аваргууд талбайдаа Динамо Киевийг хүлээн аван тоглож, Федерико Кьеза, Кристиано Роналдо, Алваро Мората нарын гоолоор хожжээ. Кристиано Роналдо энэхүү тоглолтонд нэг гоол оруулснаар мэргэжлийн хөлбөмбөгчний замналынхаа 750 дахь гоолыг оруулсан аж. Мөн тэрбээр УЕФА Аваргуудын лигийн анхны гоолоо 13 жилийн өмнө 2007 онд Динамо Киев багийн эсрэг оруулж байжээ.
Одоо Кристиано Роналдогийн өмнө 767 гоол оруулсан Пеле, 772 гоол оруулсан Ромарио, 805 гоол оруулсан Йозеф Бицан нар бичигдэж байна.
Кристиано Роналдо 750 дахь гоолоо оруулж түүх бүтээхээс гадна энэхүү тоглолтын талбайн шүүгчээр Стефани Фраппар хэмээх бүсгүй ажиллаж, УЕФА Аваргуудын лигийн түүхэнд талбайн шүүгчээр эмэгтэй хүн ажилласан анхны тохиолдол болжээ.
- Брюгге 3 – 0 Зенит
Хасагдах шатанд шалгарах боломжоо хадгалж үлдэхийн тулд Бельгийн Брюгге баг энэхүү тоглолтонд заавал хожих шаардлагатай байлаа. Тэд ч үүнийгээ ухаарсан нь илт харагдаж, талбайдаа Оросын аваргууд болох Зенит багийг 3-0 гэсэн харьцаатай хожив. Сергей Семакын баг энэ жилийн УЕФА Аваргуудын лигт таван тоглолтын дараагаар ердөө ганц оноо авсан байдалтай байна.
- Севилья 0 – 4 Челси
Сүүлийн үед хожигдол гээчийг мартаад буй Челси Испанид зочлон тоглож, гэртээ ялагдашгүй байсан Севилья багийг буулган авлаа. Энэхүү тоглолтонд Челсигийн Франц довтлогч Оливье Жиру дийлдэшгүй байж, дөрвөн гоол оруулав. Тэрбээр Челси багийн түүхэнд УЕФА Аваргуудын лигт дөрвөн гоол оруулсан анхны тоглогч болжээ. Харин эсрэг талд Севилья багийн талбайдаа сүүлийн 14 тоглолт дараалан ялагдаагүй гэх амжилт нь зогслоо.
Холбоотой мэдээ