Хүүхдээ гадуур дагуулж явж, эрсдэлд оруулахаа зогсоо!

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

Хүүхдээ гадуур дагуулж явж, эрсдэлд оруулахаа зогсоо!

Хүүхдээ гадуур дагуулж явж, эрсдэлд оруулахаа зогсоо!

Монгол Улс цар тахлыг дотроо алдаж, хөл хорионы дэглэмд шилжээд 20 гаруй хоног өнгөрчээ. Энэ хугацаанд иргэдийг “Шаардлагагүй бол гэрээсээ битгий гар, гадуур битгий сэлгүүц, ариун цэвэр сахь” хэмээн албаны хүмүүс сануулсаар байна. Гэвч уг зөвлөмж сануулгыг нийслэлийнхэн сүүлийн үед чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, назгайрах болов. Эл хуль байсан гудамж талбай, зам хөдөлгөөнд орж, хөл хориогүй мэт аашлах болов. Ялангуяа бага насны хүүхдээ дагуулсан хүмүүс автобусаар зорчиж, олон нийтийн гудамж талбайд “сэлгүүцэж” байгаа нь маш том эрсдэл. Саяхан л дэлгүүр, эмийн сангаас бусад газарт орж гарахаа  хүртэл цагдуулж байсан нийслэлийнхэн ийнхүү дураараа аашлах болсон нь нийтийн тээврийн хязгаарлалтыг цуцалсантай холбоотой.

Цар тахлын үед автобус нь халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй орчин. Харин хэнэггүй эцэг эхчүүд  бага насны хүүхдээ дагуулан автобусаар зорчих нь ихэсчээ. Мөн ахмад настнууд ч нийтийн тээврээр зорчих болов. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр бага насны хүүхэд, өндөр настнуудаа дагуулсан хүмүүс автобусанд олноороо зорчиж, бөөгнөрөл үүсгэх нь нийтийн тээвэрт нийтлэг үзэгдэл болсон аж.

Угтаа бол нэг автобусанд 12-оос илүү хүн зорчихгүй, хоорондын зай барихыг дэглэмдээ тусгаж өгсөн. Гэвч иргэд гадаа хүйтэн тул дараагийн автобусаа хүлээхгүй гэх шалтгаанаар олноороо нэг дор “чихэлдэх” болжээ. Иймд 10-17 цагийн хооронд автобусны тоог 50 хувиар  багасгах арга хэмжээг мэргэжлийн хяналтын байгууллагаас авчээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд нийтийн тээврийн ачаалал нэмэгдэх болж, бага насны хүүхдээ дагуулсан эцэг эх, өндөр настнуудын хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь халамж, тэтгэвэр буусантай холбоотой байхыг үгүйсгэхгүйг албаныхан мөн хэлж буй.

Нийгмийн даатгалын байгууллагаас сар бүрийн эхэнд олгодог уг мөнгийг энэ сарын 1-ээс арилжааны зургаан банкаар дамжуулан 446.4 мянган хүн авчээ. Үүний дотор 71.9 мянга нь тахир дутуугийн, 21.0 мянга нь тэжээгчээ алдсаны, 353.5 мянга нь тэтгэврийн мөнгө тус тус авсан байна.

Хэдийгээр мэргэжилтнүүд иргэдийг тэтгэвэр,  халамжийн мөнгөө авахдаа банкинд  биечлэн очиж, урт дараалал үүсгэх шаардлагагүй.  Картаар болон цахим банк ашиглахыг зөвлөсөн ч бас л хэрэгжсэнгүй бололтой. Халамж, тэтгэврийн мөнгөндөө залгасан иргэд нэг захаас нөгөө зах хүртэл нийтийн тээврээр дамжин, худалдааны төвүүдээр хүүхдээ дагуулан хэсэх болсон нь цар тахал дотоодод алдагдсан үед гэр бүлээ эрсдэлд оруулсан үйлдэл болж байна.  

Мөн цар тахлын үед хүн амын эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг гэхэд хилсдэхгүй.  Covid-19 халдвартай нэг хүн бусадтай харилцаанд ороход 7-23 хүнд халдвар тараах аюултайг ХӨСҮТ-өөс сануулсныг энд тодотгоё. Үүнийг батлах олон жишээ батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудаас халдвар нэмж илэрсээр байгааг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлж буй.

Монгол Улсын хувьд гэр бүлийн хүрээнд халдвар хамгийн их тархаж байгаа нь нэг хүний хариуцлагагүй үйлдэл бусдынхаа  эрүүл мэндийг хохироож буйг харуулсаар байна. Ялангуяа халдварын цар хүрээг бүрэн хяналтад оруулаагүй, аюул ард хоцроогүй энэ үед томчуудын буруутай үйлдлээс болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирох ёсгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж