С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шүүх хурлын шийдвэр гарсан ч маргааш танилцуулна

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шүүх хурлын шийдвэр гарсан ч маргааш танилцуулна

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шүүх хурлын шийдвэр гарсан ч маргааш танилцуулна

НЭМЭЛТ: 

Сангийн сайд асан С.Баярцогт болон Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал 20.00 цагийн орчимд завсарлаж, шүүгч нар зөвлөлдөн шийдвэрээ гаргасан ч маргааш танилцуулахаар болсон мэдээлэл байна.

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал үргэлжилж байна

НЭМЭЛТ: 

Сангийн сайд асан С.Баярцогт болон Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн шүүх танхимд үргэлжилж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, гомдол гаргасан юм. Тодруулбал, анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.  Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр 4 жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилээр хассан бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан юм.

Өмгөөлөгч Б.Баяраа анхан шатны шүүхээс тогтоосон ял шийтгэлийн талаар "Б.Бямбасайхан, Д.Ганболд нар УИХ, Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврыг нэр төртэй сайн гүйцэтгэсний төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болчихоод байна. Ажлаа хийх явцдаа хувьдаа хөрөнгө завшсан, хулгай хийсэн, хувийн ашиг сонирхлоо ямар нэгэн байдлаар гүйцэлдүүлсэн бол Эрүүгийн хуулиар ял шийтгэх нь зөв. Гэтэл энэ хүмүүс нэг ч төгрөг завшаагүйн зэрэгцээ нэр төртэй ажлаа хийчихээд шоронд сууж байгаа нь бас үнэн. УИХ-ын эрх олгосны дагуу Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж, Дубайн төлөвлөгөөний төсөл, удирдамжийг баталсан юм" гэдэг тайлбар хийж буй.

 

С.Баяр, С.Баярцогт нарыг шүүж эхэлсэн ч хэргийг тусгаарлав

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.12.03/ 11.00 цагт Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэлжээ. Шүүгдэгч нар шүүх хуралд цахимаар оролцож байгаа бөгөөд шүүх хурал мөн нээлттэй болж байгаа юм. Гэхдээ С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч буцаан тусгаарласан гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг буцаан тусгаарлаж, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэргийг тусад нь хэлэлцэхээр болжээ. 

С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийг нэгтгэн, өнөөдөр шүүнэ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арванхоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис" -ийг үүсгэн байгуулагч Ч.Давааням  нарт холбогдох шүүх хурал болсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хэргийг нэгтгэх шүүхийн шийдвэр гарсан юм. Ингэснээр өнөөдөр /2020.12.03/  товлогдсон  С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарын хэрэг С.Баяр, Ч.Давааням нарын хэрэгтэй нэгтгэн шүүгдэнэ гэсэн үг.

Өнгөрсөн өдрүүдэд шуугиулсан, С.Баяр, Ч.Давааням нарын бие муудаж, Ч.Давааням сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэсэн юм. Тэдний биеийн байдал хэвийн, С.Баяр Цагдан хорих 409, Ч.Давааням Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа аж.

Дашрамд дурдахад, мөрдөх байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн  долдугаар сард С.Баярыг  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн Гарын үсэг зурах эрх олгох тухай 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон.

Харин С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж  үзэн арван жил хорих ял оноосон юм.

С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ЯАГААД НЭГТГЭХ БОЛОВ

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал, Ч.Даваанямд тус, тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр хүлээн авчээ. Ингээд долдугаар сарын 6-ны өдөр  шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад прокурор, өмгөөлөгч нарын “…хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх…” санал, хүсэлтийг үндэслэн шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг  тусгаарлах шийдвэр гаргажээ.

Улмаар долдугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргүүдийг тусгаарлаагүй байхдаа үндсэн хавтаст хэрэгт авагдсан материал, нотлох баримтаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг гаргасны дараа эрүүгийн 1702 00165 0085 дугаар бүхий хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох баримтуудыг түүвэрлэн хуулбарлаж давж заалдсан гомдлуудын хамт /нийт 64 хавтас 15689 хуудас бүхий материалыг/ тус шүүхэд ирүүлсэн болох нь талуудын гаргасан тайлбаруудаар тодорхойлогдсон байна.

Энэхүү хуулбар хэргийн материалыг  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид судлахад, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад буюу шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээс өмнө хийгдсэн ажиллагааны баримтууд болон хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд авагдаагүй байжээ.

Түүнчлэн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нар нь нэр бүхий бусад шүүгдэгч нараас тусдаа үйлдэлтэй бөгөөд үндсэн хэргийн материалаас тэдэнд холбогдох баримтуудыг эх хувиар нь салгах байдлаар тусгаарласан хэргийн материалыг бүрдүүлэх боломжтой байхад прокурорын өгсөн зааварчилгааны дагуу холбогдох материалуудыг хуулбарлан дугааргүй хэргийн материал бүрдүүлсэн байна.  Анхан шатны шүүхийн хэргийг тусгаарлах  шийдвэрийн үндэслэл нь уг хэргүүдийг давж заалдах шатны шүүхэд хянах явцад арилсан тул тэдэнд холбогдох хэргийг нэгтгэх боломжтой гэж үзжээ.

АНХАН ШАТНЫ ШҮҮХ С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРТ ХОЛБОГДОХ ХАВТАСТ ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭН

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “ Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үздэг. Ингэхдээ юуны өмнө хэргийн материалд авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэх асуудалд үнэлэлт өгдөг.

Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн 1702 00165 0085 дугаартай үндсэн хэргийн материалаас шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох нийт 64 хавтас бүхий материалыг хуулбарлан бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэсэн заалтуудыг баримтлаагүй.

Үүнээс үүдэн хаанаас, хэдэн хуудас, ямар баримтуудыг хуулбарласан нь тодорхойгүй материалууд ирүүлсний сацуу дээрх баримтуудыг хэн, яаж хуулбарласан талаарх үнэн зөвийг баталгаажуулаагүй, ийнхүү бүрдүүлсэн хэргийн материалаа дараалалд оруулж дугаарлаагүй, зарим хавтас хэргийн материалыг хоёр  удаа хуулбарлаж, эдгээр тусгаарласан хэргийн материалыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулалгүйгээр тус шүүхэд хүргүүлжээ.

Шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй хуулбар хэргийн материалд үндэслэж шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим, үзэл баримтлалд үл нийцнэ” хэмээн мэдэгдсэн юм.

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС ДАРААХ ХҮМҮҮСТ 2-10 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 6-ны өдрөөс хойш зургаан өдөр үргэлжилж, долдугаар сарын 17-ны өдөр шүүхээс С.Баярцогтод арван жил хорих, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон.  

Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр гурван жилээр хасч, дөрвөн жил хорих ял, Б.Ариунсан, Б.Бадрал нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 1.6 жил хорих ял тус тус оногдуулсан.

Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг  2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд  Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж