Их Британи улс “Pfizer” болон “BionTech” компанийн хамтран бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрч, ирэх долоо хоногоос иргэдээ вакцинжуулалтад хамруулахаа өнөөдөр (2020.12.02) зарласан билээ. Ингэснээр тус улс нь дэлхийд Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн анхны улс болох гэж байгаа бол “Pfizer” болон “BionTech” компанийн вакцин нь олон нийтийн вакцинжуулалтад хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин болж байгаа юм.
Дээрх мэдээллийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын бүтээсэн “Sputnik V” вакциныг ирэх долоо хоногт иргэддээ хийж эхлэхийг тушаасан байна. Ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-д олон нийтийн вакцинжуулалт эхлэх бөгөөд эхний ээлжинд эмч, багш нар хамрагдах юм байна.
АНУ-ын “Pfizer” компанийн вакцин 90 хувийн үр дүн үзүүллээ хэмээн арваннэгдүгээр сарын 9-нд дэлхий нийтэд зарласны дараа ОХУ өөрийн бүтээсэн “Sputnik-V” вакцинаа 92 хувийн үр дүн үзүүллээ хэмээн зарласан юм.
“Covid-19”-ийн эсрэг дэлхийн хамгийн анхны вакциныг гарган авснаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 11-нд анх зарлаж байв. Сүүлийн шатны туршилтын үр дүн ч гараагүй уг вакцины үр дүнд дэлхий нийт төдийгүй ОХУ-ын иргэд, эмч мэргэжилтнүүд эргэлзэж буйгаа илэрхийлж байсан билээ. Учир нь уг вакциныг ДЭМБ-аас өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Гамалей судалгааны хүрээлэнгийн бүтээж буй “Sputnik V” вакцин 92 хувийн үр дүн үзүүлсэн гэх мэдээг тус улсын АНУ-аас өрсөх гэсэн хийрхэл байх магадлалтай гэж мэдэгдэж байв.
ОХУ вакцины үнийн хувьд “Moderna” болон ”Pfizer”-ийн вакцинуудаас хямд бодлого баримтална гэж мэдэгдсэн байна. “Sputnik V” вакцины хувьд хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардлагагүйн дээр хөлдөөж, хатаасан хэлбэрээр хадгалах боломжтой байдлаар шийдэж буйг албаны хүмүүс мэдээлсэн юм.
ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Энэтэхэгт 100 сая тун, Бразилд 50 сая тун, Узбекстанд 35 сая, Мексикт 32 сая, Непал, Египет 25 сая тунг худалдаалахаар болжээ. Мөн Унгар, Өмнөд Солонгос, Турк, Франц улсууд тус улсаас вакцин худалдан авахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ