Эрх баригч МАН өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЖДҮ хэмээх дөнгөтэй УИХ-ын сонгуультай золгож, нэр холбогдсон зарим гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлээгүй. Шүүхээр хэргүүд эхнээсээ хэлэлцэгдсэн ч хуулийн хариуцлагаас илүү торгууль хүлээгээд өнгөрсөн байдаг.
Мөн хариуцлага хүлээж байгаа нэртэй сонгуульд өрсөлдүүлээгүй ЖДҮ-д холбогдсон гишүүдийн олонх нь өнөөдөр албан тушаал хашиж суугаа. Жишээ татвал, ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар өнөөдөр Шадар сайдын алба хашиж, Улсын онцгой комиссыг ахалж байгаа бол Ж.Энхбаяр нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх болсон.
Гэвч МАН-ын гишүүдэд энэ нь багадсан бололтой, хатуу хөл хоритой Сovid-19 гэж олноороо бужигнах зуур дахиад нэг ЖДҮ-чин Л.Энхболд нь “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдохоор тохиролцоогоо хийжээ.
Өмнөх парламентын үед Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг эгүүлэн татах саналаа хүргүүлж байсан ч олонхийг бүрдүүлж суусан МАН авч үлдсэн. Улсын ерөнхий прокурорын зүгээс эдгээр дөрвөн хүний хэрэг нь илт хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдгийг ч тухайн үед тодотгож байв. Тэгвэл энэ дөрвөн хүний хоёр нь буюу УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар ял авсан бол Б.Ундармаа торгууль төлөөд өнгөрсөн.
Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байсаар өнөөдөртэй золгож байгаа бөгөөд тэрбээр бүр “шагнуулахаар” болжээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар Гишүүн асан Л.Энхболдын "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажилласан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Энэ нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүд, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэж Ерөнхий прокурор мэдээлж байсан юм. Гэхдээ түүний дээрх хэрэг хуулийн байгууллагын аль хэсэгт гацсан нь тодорхойгүй, хэрхсэн нь ч тодорхойгүй байсаар ийн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилогдох нь.
Угтаа бол ЖДҮ-ээс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээл авсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон цөөн хүний нэг нь хэрнээ тэр өнөөдөр албан тушаалаар “шагнуулж” байгаа нь хэр зэрэг шударга үйлдэл вэ, МАН-ын дарга аа.
Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ойр дотны хүн учраас ял шийтгэлгүй, ямар ч хариуцлагагүй үлдэж байна гэх албан бус яриа байдаг бөгөөд энэ удаад ч түүнийг сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” руу зүтгүүлж байгаа гэх.
“Эрдэнэс Монгол” компанийн дэд захиралд горилж яваа Л.Энхболд гэж хэн бэ. Түүний хувьд Өмнөговь аймгийн угшилтай, УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө тус аймагт дөрвөн жил ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан, түүнээс өмнө зөвхөн бизнесийн байгууллага, төрийн бус байгууллага тэргүүлж байсан намтартай. Өөрөөр хэлбэл, улс төрд хожуу орж ирсэн нэгэн.
ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан түүнийг сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамтын бизнестэй байсан, түүнийх нь "но"-г хуулийнхан илрүүлсэн ч Л.Энхболдын нэр яригдсанаас биш хамтрагчийнх нь нэр дарагдсан. Үүнд хуулийн байгууллага ч буруутай, хэнийг хэргийг сэвэх үү, хэнийхийг нь дарах уу гэдгээ шийддэг нь зарим нэгэнд нь олз болж, гэмгүй царайлан хойно нь үлддэг гэх яриа хөөрөөг ч өдөөж байсан билээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ