Мөнгөн усны уур нь маш хортой бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг хүчтэй гэмтээдэг

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Мөнгөн усны уур нь маш хортой бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг хүчтэй гэмтээдэг

Дархан-Уул аймгийн Хонгор суманд илэрсэн мөнгөн ус, цианитын хордлогын талаар олон удаагийн судалгаа хийсэн Монголын Мянганы Сорилтын Сангийн байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан захирал, доктор Ш.Пүрэвсүрэн “Орчны бохирдол-Таны амьдралд” ном зохиожээ. Түүнтэй химийн хорт бодис хүний амьдралд хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа болон шинэ номынх нь талаар ярилцлаа.

 -Энэ номын тань агуулга, зорилгын талаар яриагаа эхлэх үү?

-Өнөөдөр Монгол эх орны маань мянга мянган жилээр оршин тогтносон амар амгалан, гол ус, хангай дэлхийн онгон дагшин байдал уул уурхайн салбарын хүчин түрэлтэнд хүчин мөхөсдөж химийн хорт бодисын талаар хааяагүй таагүй мэдээ чих дэлсэх болсонд санаа зовниж энэхүү товхимлыг уншигчдын гарт хүргэхийг зорьсон юм. Ер нь алт дагасан сүйрлийн хар сүүдэр өнгөрсөн 20-р зууны төгсгөлөөс нүүрлэснийг уншигчид санаж байгаа байх. Олз олж л байвал ард нь юу үлдэх нь падгүй хэмээн сэтгэдэг хүйтэн цэвдэг сэтгэл түүнийг хөтөлдөг  шуналын хар дэв нь үр хүүхдийн маань  ирээдүйг баллаж, Монгол хүний удмын санг сүйрүүлэх аюулд хүргэлээ. Үүний тод илрэл болсон мөнгөн усны эмх замбараагүй хэрэглээ, хор уршиг гарах үр дагаврын талаар хүмүүст ойлголт өгөхийг хичээсэн. Ийм байдал газар авснаас үүдсэн сүйрлийн харанга дэлдэж буйг номонд оруулсан хэвлэл мэдээллийн тоймоос харж болно.
Товхимолд агаар, ус, хөрсний бохирдлын талаар дэлгэрэнгүй материал орсноос гадна гэр ахуйд өргөн хэрэглэгддэг зай хураагуур, хуванцар сав суулга, түүний найрлагт ордог хортой химийн бодисуудын талаар уншигчдын асуултанд хариу өглөө.  

 -Химийн хорт бодисын тархалт манай улсад хэр зэрэг байдаг юм бол?

 -Одоогоос тавин жилийн өмнө дэлхийд жилд 1 сая тонн химийн бодис vйлдвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар 100 орчим мянган нэр төрлийн 400 сая гаруй тонн химийн бодис үйлдвэрлэж,   худалдаанд нийлүүлж байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуй амьдралд хэрэглэж буй 10 мянган нэр төрлийн химийн бодисын нь хүний биед ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд эдгээрээс 200 орчим нь хорт хавдар, өмөн үү үүсгэдэг болох нь нэгэнт тогтоогдсон байна.
     Манай улсад химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтын байдалд явуулсан улсын үзлэгийн дүнгээр 8000 нэр төрлийн 10000 орчим тонн химийн бодис уул уурхай болон бусад салбаруудын хэрэгцээнд импортлогдож, тэдгээрээс агаарт 100, усанд 900, хөрсөнд 1000 гаруй нэр төрлийн химийн бодис хаягдаж байгаа нь  тогтоогдсон байдаг.
    Ийнхүү химийн хорт бодисуудын хэрэглээ, нэр төрөл цаашдаа өдрөөс өдөрт өсөх нь тодорхой тул, хорт бодисуудад нарийвчилсан зэрэглэл тухай бүрт нь тогтоох, энэ талаар мэргэшсэн компани сонгон шалгаруулж ажиллуулах, хадгалалт хамгаалалт устгалд төрөөс хатуу хяналт тогтоох зэргээр хүрээлэн орчинд нөлөөлөх хор уршгаас урьдчилан сэргийлэх асуудал онцгой чухал. Химийн хорт бодисоос хамгаалах асуудлыг хөгжингүй орнуудын жишгээр төрөөс зохицуулах арга хэлбэрийг шинэ маягаар тодорхойлсон эрх зүйн үндсийг бүрдүүлэх шаардлага ч зүй ёсоор тавигдаж байна.

– Машины аккумлятор  хортой  болох талаар энэ номонд бичсэн байсан?

   -Төрөл бүрийн зай хураагуур, аккумляторын батерейнд хар тугалга, мөнгөн ус, кадмий зэрэг арав гаруй төрлийн химийн бодис агуулагдсан байдаг. Дунд зэргийн аккумуляторт 18-25 кг хар тугалга, 2-3 л концентрацтай хүхрийн хүчил байдаг ба ашиглалтын хугацаа нь дууссан нөхцөлд ийм хэмжээний хорт бодис хаягдан хүрээлэн орчныг бохирдуулна гэсэн үг. Дээр дурьдагдсан бүх бодис нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд ордог бөгөөд хүхрийн хүчил дусах, асгарах юм бол арьс бие махбодийг түлж гэмтээнэ. Улсын хэмжээнд 160 гаруй мянган автомашин өчнөөн тооны мотоцикл байгаа гээд бод доо. Үүн дээр хөдөө орон нутагт  байгаа  80 гаруй мянган нарны зайн үүсгүүрүүд бүгд аккумлятороор ажилладаг. Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд ямар ч сайн аккумляторыг нэгээс хоёр жил болоод солих шаардлага гардаг гээд тооцоход жил бүр 4-5000 тонн  хар тугалга  хаягдан хуримтлагдаж асар том аюул үүсгээд байна шүү дээ.    Хар тугалга нь бага насны хүүхдийн тархины хөгжлийг сааруулж, оюун ухааныг доройтуулна. Иймээс гэр ахуйн өдөр тутмын хэрэглээ болсон “хуруун” зайг хазаж амандаа хийж огт болохгүй, зайнд полихлорт бифенил /ПБФ/, хар тугалга, мөнгөн ус, кадми зэрэг онцгой хортой химийн бодис агуулагддаг. ШУА, Газарзүйн Хүрээлэнгээс 2006 онд нийслэлийн зарим дүүргүүдэд хийсэн судалгаагаар хар тугалга хөрсөнд байвал зохих хэмжээнээс 4-5 дахин их байгаа нь тогтоогдсон байдаг.

-Мөнгөн усаар хордсон олон иргэн дархан-Уул аймгийн Хонгор суманд байсаар байна. Мөнгөн усны хор хөнөөлийн талаар зарим хүмүүс мэддэггүй мэдсэн ч тоохгүй байх шиг?

-Мөнгөн ус нь тасалгааны температурт шингэн байдаг цорын ганц металл бөгөөд металлтай нэгдэж амальгам үүсгэдэг ба  энэ шинж чанарыг ашиглаж уул уурхайн салбарт хүдрээс металлыг ялгаж авахад хэрэглэдэг. Мөнгөн усны уур нь маш хортой бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг хүчтэй гэмтээдэг, хүний биед орсон тохиолдолд амьсгал давчдуулж, амьсгалахад хүнд болох, толгой өвдөх, булчин татах, цуллаг эрхтнүүд, тэр тусмаа элгэнд хуримтлагдаж гэмтээх, хорт хавдар үүсгэх зэрэг аюултай. Арьс, салстад хүрсэн тохиолдолд түлж, шархлуулна. Мөн арьсаар нэвчиж хүний биед орох аюултай.
    Алт угаах зориулалтаар 1550 оноос хойш Африкд анх ашиглаж эхэлсэн ба тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад нийт 300 мянган тонн орчим мөнгөн ус ашиглажээ гэсэн тооцоо буй.  
 Минимата өвчин илэрсэн 1960-аад оноос дэлхийн бараг бүх оронд алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиар хатуу хориглосон юм. Мөнгөн усны гол үйлдвэрлэгч орон нь Испани байлаа. Европын Холбооны Улсууд 2008 оноос эхлэн нутаг дэвсгэр дээрээ мөнгөн ус хэрэглэх үйлдвэрлэхийг хорьсон учраас одоо тэргүүлэгч орон нь БНХАУ болоод байна.
1980-аад онд дэлхийн мөнгөн усны нийт хэрэглээ 7000 гаруй тн байсан бол 2001 оноос 1800 тн болж одоо бүр буурч байгаа. Мөнгөн усыг уул уурхайн олборлолтонд замбараагүй хэрэглэдэг орнуудыг Бразиль тэргүүлнэ. Тэндхийн “нинжанууд” жилд 200 тн хүртэл мөнгөн ус хэрэглэж байна гэсэн судалгаа байдаг.

   -Тэгвэл манай улсад байдал одоо ямар байгаа вэ?
 
     Улсын хэмжээнд 2007-2008 оны явуулсан хоёр удаагийн үзлэгийн дүнгээс үзэхэд сүүлийн аравхан жилийн дотор бүх нутгийг хамарсан 120 гаруй цэгт мөнгөн ус, цианитын бохирдол үүсэж, 200 гаруй мянган тонн хортой хаягдлаар зөвхөн голомтыг нь тооцоход л 53.2 га талбай бохирдсон байдаг. Ганцхан грамм мөнгөн ус ууршихдаа 20 га хүртэл талбайг бохирдуулдаг гээд бодохоор  дээрх хэмжээний бохирдол ямар их талбайд тархаж амжсан нь мэргэжлийн гэлтгүй хэн бүхэнд ойлгомжтой зүйл. Мөн гуу жалганд хуримтлагдсан, нүх ухан булж нуун дарагдуулсан зэрэг олон тохиолдол илэрч байгааг БОАЖЯ тогтоосон байдаг. Энэ номонд мөн гурван жилийн өмнө Хонгор суманд үүссэн мөнгөн ус цианидын хавсарсан хордлогын тухай нилээд дэлгэрэнгүй материал орсон байгаа.

-Хүнцлийн хор хөнөөлийн тухай та энэ номондоо бичсэн байна лээ?

Хүнцэл буюу оросоор мышьяк нь маш хүчтэй хор. Дээр үеэс хаад ноёдууд нууцаар хэрэглэж нэг нэгийгээ сэмхэн цааш нь харуулдаг байснаас “хаадын хор” хэмээн нэрлэгддэг. Алт, мөнгөний хүдрийн найрлаганд их бага ямар нэг хэмжээгээр заавал агуулагдсан байдаг.  Монголчуудын ярьдаг “алт хар мөртэй” гэдэг үг үүнтэй ч холбоотой байхыг би үгүйсгэхгүй. Хүнцлийн агаарт байх хэмжээ ихсэх тусам хоолой, уушгийг гэмтээнэ. Цусны улаан цагаан бөөм үүсэх үйл ажиллагааг зогсоодог тул зүрхний хэмд шууд нөлөөлдөг. Судас гэмтэснээс хөл гаранд  зүүгээр хатгах мэт хүчтэй өвдөлт өгнө. Арьсны өмөн үү, уушиг, элэгний хавдар үүсгэнэ. Хүнцлээр хордсон хүний шээсэнд цаг алдалгүй шинжилгээ хийж хэмжээг тодорхойлдог. Хэрэв хордоод удсан бол цус, үс, хумсанд шингэж үлддэг тул хүнцлээр хордсон эсэх нь амархан тогтоогддог. Номонд энэ тухай тодорхой бичсэн байгаа.

 -Хром хүний эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөтэй юу?

-Хөрсөнд агуулагддаг ердийн микроэлемент. Байгаль дээр гурван валенттай хром элбэг тохиолдоно, энэ бодисын хувьд хүний эрүүл мэндэд онц нөлөө байхгүй. Ургамлын навч ишинд хүртэл тодорхой хэмжээний хром байдаг. Харин сүүлийн үед арьс шир боловсруулах зориулалтаар урьдаас орж ирж байгаа арьс шир боловсруулах зориулалттай химийн бодисонд зургаан валенттай хром их хэмжээгээр байгаа нь хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Энэ бодис нь ходоод шархлуулахаас гадна цус багадалт үүсгэнэ, мөн  эрчүүдийг үргүй болгодгоос гадна хүн малын уушгины хавдар үүсгэдэг аюултай. Мөн зургаан валенттай хромын нөлөөгөөр хүн малаас гаж үр төл гарсан удаа цөөнгүй.  ДЭБ-ын тогтоосноор ундны усанд 1 мг/л-ээс илүүгүй байх ёстой.

-Бензин хүний эрүүл мэндэд хир хортой вэ?

-Бензин хөдөө хотгүй маш их өргөн хэрэглэгддэг органик бодис. Шатамхай, маш их ууршимтгай шингэн. Ийм учраас хүмүүс бага насны хүүхдийг бензинтэй агаарт удаан байлгавал ухаан алдах тэр бүү хэл амь насаа алдаж болохыг ч хүмүүс тэр болгон анзаардаггүй байх. Шланкаар сорж байгаад зарим хүмүүс болгоомжгүйгээс бензин залгичихдаг тохиолдол ч бишгүй гардаг.  Ийм тохиолдолд бензин ходоодны ханыг маш хүчтэй гэмтээхээс гадна мэдрэлийн  системийг цочроож үхэлд хүргэж ч болно. Бензиний ууранд удаан байх үед толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинжүүд илэрнэ. Бензинтэй агаарт байнга ажилладаг хүмүүсийн элэг бөөр яваандаа өвддөгийг судлаачид тогтоосон байдаг. Бензинд тавигдах чанарын нэг үзүүлэлт бол хар тугалганы агууламж. Хар тугалганы найрлаг ихтэй бензинийг ахуйд хэрэглэхэд агаар орчинд үзүүлэх бохирдлыг  улам ихэсгэнэ.

-Хар тугалгатай будаг худалдаалахыг хорьдог гэж үнэн үү?

 -Хар тугалга нь байгаль дээр нилээд түгээмэл тархацтай бодис. Элдэв төрлийн зай, аккумуляторын батерей болоод керамик эдлэлийн үйлдвэрлэлд ашиглахаас гадна будгийн найрлаганд бас орно. Одоо барууны орнуудын будаганд тавих стандартын шаардлаганд хар тугалганы агууламж байгаа эсэхэд онцгой анхаарал тавих болсон байна. Учир нь амьсгалын болоод хүнсний зүйлээр дамжин биед орсон хар тугалга хүний бараг бүх эд эрхтэнг гэмтээх, өвчлүүлэх аюултайг эрдэмтэд өнгөрсөн зууны сүүлээр олж тогтоожээ. Ялангуяа хүүхдийн мэдрэлийн  системийн үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлнэ, хорт хавдар үүсгэнэ.
  Жирэмсэн эхчүүд хар тугалга ихтэй зүйл хүнсэндээ хэрэглэбэл эсвэл хар тугалгатай саванд хоол хүнс хадгалбал дутуу жинтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрөх гээд үр удамд нь эдгэршгүй ул мөр үлдээнэ. Залуучууд цус багадалт, ахимаг насны хүмүүсийн хувьд цусны даралт өөрчлөгдөх, тархи болоод бөөрний үйл ажиллагаанд хар тугалга сөрөг нөлөөтэй. Жирэмсэн эхчүүд үр зулбах, эрчүүдийн үржлийн эрхтэнд сөргөөр нөлөөлөх гээд хар тугалганы хорыг тоочоод байвал дуусахгүй…

-Шилэн хөвөн яагаад хортой гэж?

-Барилгын дулаалганд ашигладаг шилэн хөвөнгийн жижиг талстууд нь хүний үснээс хэдэн мянга дахин нарийн, нүдэнд үл харагдахаар жижиг хэсгүүд агаарт маш их бужигнаж, амьсгалаар уушгинд орж уушгины өмөн үү үүсгэдгийг эрдэмтэд судалж тогтоожээ. Иймээс барууны бүх оронд шилэн хөвөнтэй материалыг барилгын дулаалганд ашиглахыг хязгаарлаж хорьсон байдаг. Ганцхан жишээ татахад манай улсад хэрэгжиж буй  Мянганы Сорилтын Сангийн төсөлд хамрагдах бүх барилгуудад дотогшоогоо шилэн хөвөнгийн нэвчилт байгаа эсэхийг тусгай багажаар тогтоох шаардлагатай талаар зөвлөмж гаргасан байгаа.
-Удаан задардаг органик бодис /УЗОБ/ гэж юу вэ?
-Байгалийн гаралтай эсвэл хүний үйл ажиллагаагаар үүссэн,  онцгой хортой шинж чанар бүхий байгаль дээр задралгүйгээр удаанаар хадгалагддаг онцлогтой органик бодисуудыг удаан задардаг органик бохирдуулагч (УЗОБ) гэж нэрлэдэг. Эдгээр бодис нь агаар, усаар дамжин үүссэн газраасаа тэлэн тархаж, хөрс, усыг бохирдуулан улмаар ургамал, амьтдыг хордуулах ба уг ургамал, амьтдаар хооллосон хүн ам хордох замаар байгаль дээр бохирдлын гинжин хэлхээг үүсгэнэ.  
УЗОБ нь хүний биед орж био-хуримтлал үүсгэх ба дотоод шүүрлийн булчирхай, дархлаа, дээд мэдрэл, нөхөн үржэхүйн системд нөлөөлөн хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлаа хомсдол, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл, мэдрэлийн согог зэрэг өвчнүүдийг үүсгэнэ. Үүгээр ч зогсохгүй  эхийн хэвлий дэх урагт нөлөөлж, хөхний сүүгээр нь дамжин үр удмыг  хордуулдаг. Сүүлийн 50 жилд  хөхний хорт хавдар 26%, чөмөгний хорт хавдар 3 дахин, тунгалгийн зангилгааны  хорт хавдар 3 дахин, хүүхдийн хорт хавдар 13%-иар өссөнийг эрдэмтэд УЗОБ-тай холбон тайлбарлаж байна. Монгол Улс “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцид  2004 онд нэгдэн орсон юм.  
Хүрээлэн орчинд өргөн тархсан УЗОБ-д диоксин, фуран хэмээх органик бодисууд ордог. Эдгээр бодисууд нь хийн байдлаар ялгарч, агаар орчныг бохирдуулахаас гадна үнс, тортог,  тоосонд агуулагддаг. Дулааны цахилгаан станцууд, уурын болон гэр хорооллын зуух, хог хаягдал түүний дотор эмнэлгийн хог хаягдлыг зориулалтын бус аргаар шатаах, ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг, автомашин засварын газрууд, бүх төрлийн хуванцар болон хаягдал боловсруулах үйлдвэрүүд, тоосго, цемент, шохой, арьс шир, ноос ноолуур  боловсруулах үйлдвэрүүд зэрэг эх үүсвэрүүдээс диоксин, фуран их хэмжээгээр ялгарч байна. Үүнээс сэргийлэх гол арга зам нь зориудын бус үйлдвэрлэлээс үүсэх диоксин ба фураны хэмжээг бууруулах явдал юм.
     Манай улсад 1950-иад оны сүүлчээс  малын шимэгч хорхой,  өвчлөлт болон ургамал хамгааллын чиглэлээр гербицид, пестицидүүдийг ашиглаж эхлэсэн байдаг. Энэ үед УЗОБ болох циклогексаны төрлийн бодисыг их хэмжээгээр хэрэглэж байсан бөгөөд эдгээрийг нийтэд нь  “дуст” гэж нэрлэж байжээ. Хэдийгээр эдгээр пестицидүүдийн нөөц одоо байхгүй ч эдгээрээр бохирдсон газрууд нэлээд байгаа нь шинжилгээгээр тогтоогджээ. Мөн урьд хөршид хүнсний зарим төрлийн шош, будааг шавьж хорхойноос хамгаалж удаан хадгалахын тулд ийм бодисыг одоо хүртэл хэрэглэж байгааг хяналтын байгууллагууд анхааралдаа авах ёстой.

-Нийлэг полиэтилен буюу манайхны нэрлэж заншсанаар гялгар уут ашиглахыг яагаад хориод байгаа юм бэ?

-Манай улсад нийлэг материалтай уутыг хүнсний бүтээгдэхvvн савлах зорилгоор голдуу гаднаас оруулж ирдэг. Энэ уут нь савласан бүтээгдэхүүнтэйтэйгээ урвалд орж органик уусгагч бодис үүсгээд хүний элэг ходоодыг шархлуулж, улмаар улаан хоолойн үрэвсэл, хорт хавдар үүсгэдэг. Иймээс өөхтэй мах, бялуу гэх мэт тос их агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус гялгар нийлэг уутанд хадгалах, хүнсний ямар ч бүтээгдэхүүнийг ийм уутанд хийж цахилгаан зууханд халаах нь эрүүл мэндэд хортой. Гялгар уут нь задрахгүйгээр 400-500 жил хөрсөнд байж, байгаль орчныг бохирдуулж хордуулдаг, шатахдаа хүний биед хортой хий ялгаруулдаг учраас  2010 оноос нимгэн нийлэг уутыг үйлдвэрлэх, худалдаанд хэрэглэхийг хориглосон хууль УИХ баталсан байгаа.
  Х.Пүрэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж