АН даргаа хэзээ сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

АН даргаа хэзээ сонгох вэ?

АН даргаа хэзээ сонгох вэ?

УИХ-ын сонгуульд дараалан ялагдаж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдсэн Ардчилсан нам /АН/ дотор намаа шинэчлэх асуудал сонгуулийн дараахан хүчтэй яригдсан ч төдөлгүй дарагдсан. АН орон нутгийн сонгуульд намын даргын үүрэг гүйцэтгэгчтэй  бусад жижиг намтай нэгдэж оролцоод ч олонх болж чадаагүй. АН-ын хувьд одоо л “жинхэнэ” намын даргаа томилохгүй бол цаг хугацааны хувьд оройтох нь. Учир нь, ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно.Үүнээс өмнө АН дотроо учраа олчихсон, Ерөнхийлөгчийн сонгуульд эв нэгдэлтэй оролцох хэрэгтэй. Мөн сонгогчдын итгэл үнэмшлийг буцаан олж авахын  тулд нам дотроо хийж амжуулах ажил олон байна.

Уг нь Ардчилсан нам X дугаар Их хурлаа өнгөрөгч арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр төлөвлөж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Учир нь, Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ээс эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор 21 аймаг, 365 сумаас 1200 гаруй төлөөлөгч хуралдаа ирж оролцох боломжгүй болсон юм. Хөл хориог дахин 10 хоногоор сунгаснаар АН лидерээ тодруулах хурал хойшилсоор байна. Юуны түрүүнд намын Их хурлаараа шинээр боловсруулсан дүрмийн өөрчлөлтөө баталж, үүнийгээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлсний дараа шинэ дүрмийнхээ дагуу намын даргаа тодруулна.

Өмнө нь 2016 оны сонгуулийн дараа АН дүрмийн шинэчлэлээсээ өмнө намын даргаа сонгосноос үүдэн олон алдаа завхрал гарсан гэдгийг гишүүд нь хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн үед шинээр сонгогдсон АН-ын дарга дүрмийн төслийг өөрчилж, намын Их хуралд тулгасан явдал нь намын дотоод эв нэгдэлд сөргөөр нөлөөлж дураар авирлах нөхцөлийг бүрдүүлсэн гэж АН-ын гишүүдийн олонх үзсэн учраас энэ удаад дүрмээ өөрчилснийхөө дараа намын даргаа тодруулах юм.

Хоёрдугаарт, АН-аас гарч сонгуульд бие даасан, салан тусгаарлаад өөр нам байгуулчихсан хүмүүс намдаа эргэн орж ирж шинэчлэлд оролцох сонирхолтой байгаа. Тэдгээр хүмүүс орж ирлээ гэхэд намын одоогийн дүрмээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрх нь найман жилийн хугацаанд хаалттай байгаа юм. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж намын дүрмээ өөрчлөхөд хүрсэн.

Хуучин дүрмээр бол АН-ын даргад болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын нийт гишүүдээс марафоноор сонгодог байсан. Тэгвэл энэ удаад намынхаа даргыг хоёр шатнаас сонгохоор дүрмийн төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын Их хурлаар сонгоно. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын Их хурлаар шийдвэрлэх дүрмийн өөрчлөлтөдөө тусгасан.

АН-ын даргад өрсөлдөх горилогчдын нэрс дунд хэд хэдэн хүний нэр бий. АН-ын дарга болох амбицтай хүмүүс сонгуулийн үр дүнг гарсны дараахан АН-ын даргад өрсөлдөхөө ил тод зарлаж эхэлсэн. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүнээ АН-ын дарга болгох сонирхол хамгийн их бий.

Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлага тавьжээ.

АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхөө хамгийн эхэнд илэрхийлсэн. Тэрбээр энэ тухайгаа “АН-ын даргыг ард түмэн огцруулсан тул би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна.

АН-ын даргад нэр дэвшигч дараагийн горилогч бол УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр. Тэрбээр 2016 онд намын даргын сунгаанд өрсөлдөж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвших болов уу гэсэн хүлээлт сонгогчдын дунд байсан ч нэр дэвших квот өгөөгүй нь намын дотоод асуудалтай нь  холбоотой. Энэ удаад тэрбээр дахин АН-ын даргад өрсөлдөж намынхаа үйл хэрэгт оролцох байх гэсэн хүлээлт нийгэмд байгаа.

Удаах горилогч бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Төв аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулж чадаагүй ч  намынхаа шинэчлэлд оролцох нь тодорхой. Гэхдээ намынхаа шинэчлэлтийн талаар хэвлэлд ярих тун дургүй болсон байна лээ. Нөхцөл байдлыг чимээгүй ажиглаж байгаа гэж хэлж болно.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэг намын даргад өрсөлдөхөө илэрхийлж, намын дарга болбол "АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина" гэсэн. Ардчилсан намд манлайлал, үзэл баримтлал үгүйлэгдэж байна. Нэг дарга дагасан эв нэгдлийг бий болгох бус үнэт зүйл дээрээ эвлэж нэгдсэн Ардчилсан намыг бий болгох нь түүний намын даргад нэрээ дэвшүүлсэн гол зорилго нь.  гӨнгөрсөн хугацаанд намын шинэчлэл, ардчилал, хүний эрхийн төлөө үгээ айлгүй хэлж ирсэн АН-ын залуусын нэг.  Намын дүрмээрээ намын даргын асуудлаа шийдэхгүй бол АН-д үүсэх дотоод хэрүүл тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин намын даргын сунгаанд өрсөлдөхөө мэдэгдсэн. Түүнийг Ерөнхийлөгч сойж байгаа гэх яриа бий. Гэхдээ үүнийг тэрбээр няцааж "Гуравхан сая хүн амтай манайд талцал хуваагдал, тэрний, энэний хүн гэж тодорхойлдог элдэв шошгоос илүүтэй хамтын ойлголцол нэгдэл бидэнд чухал байна. Хэрвээ намын дарга болбол, шинэчлэлтийг хэлбэр төдий бус нийгмийн хүсэн хүлээж буй институт болгохын тулд би эрс шинэчлэлтийг хийнэ" гэж ярилцлагадаа хэлж байв.

Мөн хуульч О.Алтангэрэл, Д.Пүрэвдаваа нар АН-ын даргад нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд намын даргад өрсөлдөх цаг нь болоогүй гэдгийг тодотгож тэрбээр "АН-ын даргад өөрийгөө ч таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй" гэж шуудхан хэлсэн нь хаяглах хэд хэдэн хүн байсан болов уу.

Ямартай ч АН-ын шинэ дарга тодорсон нөхцөлд хийх ажлууд нь шил дараалан хүлээгдэж байна. Өмнөх үеийн дарга нар нь буцаад АН-ыг авч явах уу эсвэл цоо шинэ үзэл баримтлалтайгаар шинэ залуу үеийг сонгох уу гэдэг нь намын Их хурлын гишүүдээс нь хамаарна.

АН-ЫН ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ДҮРЭМД:

НАМЫН ИХ ХУРАЛ

  • Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд намын их хурал,ҮБХ-ноос өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-гаас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын Дарга, ҮБХ, ДХХ, ДоСХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллага тус бүрийн 10 хүртэлх тооны төлөөлөл томилогдоно.
  • Баярын хурал болон ёсчлох хурлуудын төлөөлөгчдийн тоог тусгайлан тогтооно.

ИХ ХУРАЛ НЬ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ. Үүнд:

  • Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журам мөрийн хөтөлбөр батлах;
  • ҮБХ-ны саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалтаар шийдвэрлэх;
  • ҮБХ-ны бүрэлдэхүүнийг батлах;
  • ҮБХ-ноос санал болгосон 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 9 нэр дэвшигчдийгДХХ-ны гишүүнээр батална; ДХХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • ҮБХ-ноос санал болгосон 23 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчдийг ДоСХ-ны гишүүнээр батална. ДоСХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • Намын Даргыг сонгон батлах;
  • Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулах;

НАМЫН ДАРГА

  • Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
  • Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.
  • Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн болҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
  • Намын Их Хурлаас намын даргыг 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.
  • УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно
  • Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна.
  • Намын Даргыг дараах үндэслэлээрҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:
  • АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
  • Эрүүл мэндийн шалтгаан.
  • ҮБХ-ны нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:
  • Санхүүгийн зөрчил гаргасан
  • Намын дүрэм зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон
  • Үзэл баримтлалын эсрэг үл ажиллагаа явуулсан
  • ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1- ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж гарын үсэг зурж, ҮБХ хуралд оролцсон гишүүдийн ердийн олонх дэмжсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж