Ухаангүй төрийн урагшгүй албатуудыг цөөлье!

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Ухаангүй төрийн урагшгүй албатуудыг цөөлье!

Ухаангүй төрийн урагшгүй албатуудыг цөөлье!

Яг нэг сар хатуу хөл хорионд байгаа зургаан аймаг, Улаанбаатар хот тус бүрт гурван тэрбумын дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэжээ. Энэ мөнгийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх, мөн халдвар авсан хүмүүсийн хавьтилуудыг олж тусгаарлахад зориулах гэнэ.  Засгийн газраас гаргаж буй гурван тэрбумыг мэдээж дарга нар хувиасаа өгөөгүй, баялаг бүтээгчдээс өгч буй мөнгө.

Гэснээс баялаг бүтээгчид, 60 мянган компаниудаа дэмжсэн цар тахлын үеийн бодлого, бодит дэмжлэг Засгийн газарт алга. Татварын болон бусад торгууль, алдангийг түрдээ царцаахаас өөрөөр.  Уг нь  баялаг бүтээгчдээ, ажлын байраа хамгаалж үлдэж байж л төрийн албан хаагчид, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөө тавих төсөвтэй болно.

Ерөнхий сайдын хэлснээр цаасан мөнгө хэвлэж тараах нь эдийн засагт хорлонтой. Гэвч, ажлын байраа хамгаалж үлдсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжих боломжууд олон байна. “Сэтгэл байвал сэрээгээр газар хагалаж болно” гэдэг шиг Засгийн газарт хүсэл байвал шүү дээ.

Монгол Улс 198 мянган төрийн албан хаагчтай. Тэдний дундаж цалин нь 916 мянга.  Төрийн албаны цалингийн санд гурван их наяд төгрөг зарцуулагддаг. Дээр нь утас, шатахуун, хоол унааны зардал, халамж урамшууллыг тооцвол төсвийн орлогын гуравны нэгийг төрийн албан хаагчдад зарцуулдаг гэсэн үг. Энэ данхар бүтэц эдийн засаг нийгмийн хөгжил сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкнаас гаргасан байдаг.

  Өнгөрсөн наймдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдад үнэлэлт дүгнэлт өгч, 50 хүний хийх ажлыг 100 хүн хийж байгаа эсэхийг шалгаж, нягтална гэж амлаж байсан. Гэвч, өнөөдөр бүх л яам агентлагт халаа сэлгээ үргэлжилж, шинэ Засгийн газар байгуулагдах бүрт төрийн албан хаагчийн орон тоо нэмэгддэг болсон.  Тэр хэрээр төрийн албаны хүнд суртал, авлига хээл хахууль ч өсч, захын хурган даргын оймсноос 10 мянган ам.доллар гарч ирэх хэвийн үзэгдэл болчхоод байгаа.  Тэр ч бүү хэл намаараа, ах дүү, амраг садантайгаа нийлээд төсвийн сангуудаас мөнгө тоншиж ирсэн хамгийн том дуулиант баримт бол ЖДҮ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ц.Элбэгдорж том төрөөс ухаалаг төр рүү шилжих уриалга гаргаж, хурал зөвлөгөөн зохион байгуулж байсан юм. Харамсалтай нь, МАН засгийн эрхийг авснаас хойш төр том улам томорч эсрэгээрээ хувийн хэвшлийнхэн бүр жижгэрсэн нь цар тахлын үеийн бодлого, шийдвэрүүдээс нь харагдаж байна.

Төрийн дурын нэг албан хаагч очоод л захын лангууны худалдагчийг махны үнэ нэмсэн гээд торгочихдог болсон. Тагнуулынхан нь буу, гав, камертай очоод хувийн хэвшлийнхээ сүр дуулиантай баривчилдаг болсон. Гэтэл торгодог, байцаадаг, баривчилдаг, баривчлуулдаг бүхний цалинг нь баялаг бүтээгчид л олж өгдөг.

Харин эсрэгээрээ хамгийн бүтээмжгүй алба хаагчид бол төрийнхөн. УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлдэг үнэн, засгийн сайдууд нь хоёроос дээш зөвлөхтэй. Газар, хэлтсийн дарга нарыг нь тоолбол ёстой л зуун ямаанд жаран ухна болох вий.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа барьцаагүй юм бол УИХ-ын гишүүд зөвлөх байх ямар ч хэрэггүй байлтай. Гэтэл гишүүдийн туслах, зөвлөх гээд Төрийн ордноор дүүрэн төсвөөс цалинжигчид. Яам тамгын газрууд намын шахаа, даргын цүнх баригчдаар дүүрсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын дэргэдэх зөвлөхүүдийн зөвлөл гэх нэрээр 15 хүнийг цалинжуулж ирсэн.

Нийслэлийн Засаг дарга  Д.Сумъяабазар өдгөө Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Б.Сүхбаатар  нарын зургаан орлогчтой. Гэвч, зургаан орлогчтой байлаа гээд тэдний зүгээс нийслэлийн ажилд нэмэр, дэмжлэг багатай, олон нийтийн сүлжээгээр Засаг даргаа өмөөрч хэрэлдэхийг эс тооцвол шүү дээ. Эдгээр орлогч дарга нар ямар ажил хийгээд, нийслэлчүүдийнхээ төлөө "нойр хоолгүй" зүтгээд байгаа нь бүү мэд.

Цар тахлын энэ үед нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулалт муутай, бодлого, стратегигүй ядаж л хөдөө орон нутаг руу явж байгаа иргэдээсээ шинжилгээ авах гэж бөөн хүндрэл чирэгдэл, уур бухимдал болгож байна. Өнөөдрийг хүртэл QR  кодоо 13 байгууллагадаа асуудалгүй өгчихөж чадаагүй л байна. Зөвлөхүүдийнхээ тоогоор бол манай УИХ, УОК шиг ухаантай шийдвэр гаргах улс байхгүй баймаар. Гэвч, цар тахлын үед ямар зохион байгуулалт, нэгдсэн бодлого, нэг ам тэдэнд алга. Дур дураараа шийдвэр гаргаж, ард түмнээ чулуу хөөлгөж тоглож байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын тооцож гаргаснаар хэрэгтэй, хэрэггүй энэ мэт олон туслах, зөвлөх, орлогч, дэдүүдээ цомхотгож чадвал 200 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байгаа аж. Дээр нь цар тахлын үед зайлшгүй шаардлагатай биш бол 11 музей барих ажлыг хойшлуулбал 198 тэрбум төгрөг төсөвт үлдэнэ. Энэ мөнгөөрөө ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжвэл нүдээ ч, цагаа олсон шийдвэр болно.

Аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүйгээр цар тахлын үеийн эдийн засгийг төр дангаараа давж гарах ямар ч боломжгүй. Товчхондоо,  төрөөс "хулгайлдаг, авлига авдаг, иддэг уудаг" хулгайчдаа цөөлөх цаг болсон гэсэн үг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж