“Нарантуул” худалдааны төвийн гадна талбайд өнөөдөр (2020.12.01) 12.00 цагт худалдаачдын төлөөлөл эсэргүүцлээ илэрхийллээ. Тэнд “Зээлийн хүүг царцаа”, “Бид эдийн засгийн 80 хувийг нуруун дээрээ үүрч ирсэн” зэрэг бичиг барьсан хэсэг хүмүүс зогссон байлаа. Тэдний ихэнх нь ТҮЦ-ийн худалдаа эрхэлдэг бөгөөд “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэггүйгээ хэлсэн юм.
Энэ үеэр Монголын худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Энхсайхан “Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлыг дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Монголын худалдаачдын амьдрал баларч байна. Зарим нь бүр амиа хорлохоос наагуур байдалтай өдөр, хоногийг өнгөрүүлж байна. Тэдний өмнөөс дуугарах хүн ч алга. Монгол Улсад 300 гаруй мянган худалдаачин байдаг. Тэдний ард ар гэр, үр хүүхдүүд нь гээд 900 гаруй хүний амь амьдрал эрсдэлд ороод байна. Ихэнх худалдаачид банк бус санхүүгийн байгууллагын зээлтэй, түрээсийн төлбөр нь нэхэгдээд байна. Засгийн газраас 18 төрлийн үйлчилгээг нээхдээ банк санхүү, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг нээсэн. Гэтэл өчигдрөөс эхлэн банк санхүүгийн байгууллагууд зээлийнхээ хүүг нэхэж, захаасаа шүүхийн байгууллагад дуудагдаж байна” гэлээ.
“Цар тахлын энэ хүнд нөхцөлд худалдаа эрхлэгчид элгээрээ хэвтэж байна. Бид дахин 10 хоног яаж амьдрах вэ. Би өөрийн эзэмшлийн ТҮЦ-ээ ажиллуулдаг. Миний хувьд өдөр тутмын орлоготой, өдрийн зээлээр бараагаа татдаг байсан. Өдөрт дунджаар 200 мянган төгрөгийн орлого олсон бол 180 мянган төгрөгөөр бараагаа худалдан авч, 20 мянган төгрөгөөр нь амьдралаа залгуулдаг. Миний хувьд 20 орчим сая төгрөгийн зээлтэй. Бидэнд хуримтлал гэж байхгүй. Одоо эхнээсээ зээл нэхэгдээд хэцүү байна. Засгийн газраас нэг удаа худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалаад, хөл дээр нь босгож өгөөч” хэмээн ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч Н.Батцэцэг ярилаа.
Хан-Ул дүүрэгт ТҮЦ-ийн худалдаа эрхэлдэг О.Солонго “Хөл хорионы улмаас ТҮЦ-ээ ажиллуулж чадахгүй байна. Эхнээсээ бараанууд маань хөлдчихсөн. Өрхийн орлого зогсч, зээлээ төлж чадахгүй байна. Би 10 сая төгрөгийн зээлтэй. Өдөрт 250 мянган төгрөгийг хоёр сарын хугацаатай төлдөг. Хэрвээ тэр зээлээ төлөхгүй бол цаг тутамд 7000 төгрөг боддог. Одоо хөл хорионы хугацаанд өр зээлэндээ дарагдаж байна. Би өчигдөр гэхэд л мөнгө зээлсэн хүнийхээ гэр орныг цэвэрлэж өгсөн. Худалдаачид хэдий хүртэл ийм байдалтай амьдрах юм бэ” гэв.
“Нарантуул” худалдааны төвийн Хяналт, зохион байгуулалтын албаны дарга А.Баттулга “Өнөөдрийн байдлаар “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн хүнсний худалдаа, “Баялаг-Ундраа” хүнсний төв ажиллаж байна. Хөл хорионы хугацаанд түрээслэгчдээсээ лангууны түрээс аваагүй. Дунджаар сарын түрээс 70-80 мянган төгрөг байдаг. Байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр гадна талбайд жагсахгүй байхыг хүсье” гэв.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ