АНУ-ын Юта мужийн өмнөд хязгаарын цөлд нэгэн нууцлаг металл хөшөө бий болсныг байгаль хамгаалагчид нисдэг тэргээр шалгалт хийх үеэрээ олсон талаар мэдээлсэн билээ. “Red Rock” цөлд босгон байрлуулсан энэ хөшөөг байгаль хамгаалагчид аргалийн тоо толгойг судлах үеэрээ илрүүлсэн бөгөөд уг металлыг чухам хэн энд босгосон нь нууцлаг хэвээр байсан юм. Харь гаригийнхны илгээмж, эсвэл минималист барималчдын нэгний бүтээл байж магадгүй гэж таамаглаж байсан уг хөшөө долоо хоногийн дараа гэнэт гарч ирсэн шигээ алга болсон юм.
Дэлхийн нөгөө талд буюу Румыний Пиатра Неамт хотод Юта мужаас олдсон шиг нууцлаг металл хөшөө олдсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Гурван метр гаруй өндөр уг хачирхалтай хөшөө нь хотыг өндрөөс тольдох боломжтой, археологийн дурсгалт газруудын нэг болох Батка Доминейн өндөрлөг дээр байрлаж байгаа аж. Энэхүү хөшөөн дээр гогцоорсон үл ойлгогдох хээг дүрсэлсэн байх бөгөөд нарны туяанд хурц гялбасан гадаргуутай аж.
Энэ талаар Пиатра Неамт хотын захирагч “Гариг ертөнц дээр өөр амьдрал байдаг гэж итгэдэг хүмүүсийн хувьд энэ бол айж сандрах зүйл биш байх. Миний таамаглаж байгаагаар булцгар хацартай харь гаригийн өсвөр насныхан эцэг, эхийнхээ нисдэг тавгийг хулгайлж гараад, дэлхий дээр эдгээр металлуудыг үлдээж зүггүйтэж байгаа байх. Эхлээд Ютад, харин одоо Пиатра Неамтад” хэмээн хошигножээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ