ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудаас 3 хүний бие маш хүнд байна

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Батлагдсан тохиолдлуудаас 3 хүний бие маш хүнд байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, December 1, 2020

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 1-нд нийт 12.015  хүнд шинжилгээ хийсэн. Үүнд 259 хүний хавьтлын шинжилгээ орсноос 11 хүнд Covid-19 илэрсэн. Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол нэмэгдэж, ойрын гэр бүл, хамт ажилладаг, нэг байранд байсан хүмүүс өвчилсөн. Улаанбаатар хотод ойрын хавьтлын 1063 хүн байгаагаас 386-д нь гурван удаа шинжилгээ, 827 хүнд хоёр удаа шинжилгээ хийсэн. Батлагдсан тохиолдлын илрүүлэг хийхэд эхний шинжилгээгээр 71 хувьд вирус илэрч байгаа бол 26 хувь нь хоёр дахь, гурван хувь нь гурав дахь шинжилгээгээр онош нь батлагдаж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улаанбаатар хот, зургаан аймагт тандалт судалгаа үргэлжилж байна. Улсын хэмжээнд Covid-19-ийн 812 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 429 болж байна. Эдгэрсэн 358, гэрийн ажиглалтад байгаа нэг, сувиллын ажиглалтад 35, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322 хүн байна. Нутаг буцсан есөн хүн байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн байна.

Улаанбаатарт өвчлөл бүртгэгдсэн дүүрэг, хороод:

  • Баянгол дүүргийн 9 хороонд 23 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 5 хороонд 25 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн -4 хороонд 12 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 3 хороонд 13 тохиолдол,
  • Хан-Уул дүүргийн 4 хороонд 15 тохиолдол,
  • Чингэлтэй дүүргийн 1 хороонд 1 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 хороонд 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатарын дотоодын халдвар 90 боллоо.

Өнгөрсөн 24 цагт Дархан-Уул, Архангай, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Сэлэнгэ, Орхон аймагт шинэ тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,

  • Сэлэнгэд шинээр 3, нийт 183 тохиолдол,
  • Орхон аймагт 2 тохиолдол шинээр, нийт 24 тохиолдол боллоо.

“ХАЛДВАР АВСАН ХӨСҮТ-ИЙН ЭМЧ НАРААС ДОЛОО НЬ ЭДГЭСЭН”

-Covid-19-ийн эсрэг вакциныг хэрхэн зөөвөрлөж авчрах болон хадгалалтын горимын талаар төлөвлөгөө гаргасан уу?

Д.НАРАНГЭРЭЛ: Монгол Улс, Засгийн газар Дархлаажуулалтын тухай хуультай. Энэ хуулийн дагуу бүх арга хэмжээг зохион байгуулдаг. Covid-19-ийн эсрэг вакцин авахын тулд бид өнгөрөгч долдугаар сараас эхлэн холбогдох шатны байгууллагуудад саналаа хэлж, бэлэн байдлаа хангаж байна. Одоогоор Covid-19-ийн эсрэг вакциныг хадгалах, түгээх, дархлаажуулах төлөвлөгөө гаргаж, дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэн, Шадар сайдаар батлуулахаар Улсын онцгой комисст албан бичгээр хүргүүлээд байна. Монгол Улс дархлаажуулалтыг товлолын дагуу хийхээс гадна H1N1 өвчний вакциныг ч ДЭМБ-ын шугамаар хамгийн түрүүнд авч хийсэн туршлагатай орон. Энэ туршлага дээрээ үндэслэн бүх төлөвлөгөөгөө бэлдсэн.

-ХӨСҮТ-ийн халдвар авсан эмч нарын биеийн байдал ямар байна вэ?

А.АМБАСЭЛМАА: Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийтдээ 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Тэдгээр хүмүүсээс 70 гаруй нь зөөвөрлөгдөн ирж, халдвартын клиникт эмчлэгдэж байгаа тохиолдол юм. Харин эмнэлгийн эмч, ажилчид эхнээсээ эдгэрээд зургаа, долоон хүн дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Үлдсэн эмч, сувилагчийн эмчилгээ үргэлжилж буй бөгөөд биеийн байдал нь сайн байна.

“COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ЖИЛ БҮР ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ МАГАДГҮЙ”

-Covid-19-ийн дархлаа маш богино хугацаатай тогтдог. Иймд цаашид Covid-19-ийн эсрэг вакцин орж ирвэл жил бүр хийлгэх шаардлагатай болох уу?

Д.НАРАНГЭРЭЛ: Covid-19 шинэ учраас энэ вирусээр өвдсөн хүмүүст дархлаа хэчнээн хугацаанд тогтож байгаа талаарх судалгааг дэлхийн 20 гаруй орон хийсэн. Хамгийн сүүлчийн судалгаагаар, Covid-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст зургаан сараас жилийн хугацаанд дархлаа тогтож байсан гэсэн. Ер нь вирусийн дархлаа тогтох нь харьцангүй богинохон байдаг. Та бүхний мэдэх томуугийн хувьд жил бүр өвчлөх хүрээ нь өөр өөр гардаг учраас жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг. Иймд урьдчилсан байдлаар үзэхэд, Covid-19-ийн эсрэг вакциныг жил бүр хийх шаардлагатай болж магадгүй. Халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь хөнгөн байдлаар өвчилж байна. Одоогийн нөхцөлд багц болон алаг цоог хэлбэрээр тархалтыг тогтоож, хавьтлуудыг илрүүлж байна.

-Батлагдсан тохиолдлын хавьтлуудыг хэр хугацаанд илрүүлж байгаа вэ?

А.АМБАСЭЛМАА: Бид батлагдсан тохиолдол илэрмэгч 24-48 цагийн дотор хавьтлуудыг олж тусгаарлаж байна. Сүүлчийн гарсан тохиолдлууд дээр ойрын хавьтлуудаа хэлэхгүй байх тохиолдол гарсан. Вирус илрүүлэх хугацаа хувь хүний биеийн онцлогтой холбоотой.

-2021 оны төсөвт вакцинд тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан. Тэр дундаа Эрүүл мэндийн сайдын багцад вакцинд 20 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн мэдээлэл байна. Энэ нь Covid-19-ийн эсрэг вакцинд тусгасан төсөв мөн үү?

А.АМБАСЭЛМАА: Эрүүл мэндийн сайдын багцад жил бүр товлолын вакцин худалдан авах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, орон нутагт тээвэрлэх зардал байнга тусгагддаг. Өөрөөр хэлбэл, товлолын дархлаажуулалтын хөрөнгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгасан.

“ИРГЭД ГАР УТСАНД ИРСЭН МЕССЭЖ БОЛОН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЗААВАЛ БИЕДЭЭ АВЧ ЗОРЧИНО”

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.АМАРЖАРГАЛ:

-Хот, орон нутагт байгаа иргэдийг буцаах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж байна. Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг орон нутагт нь буцаах ажлын хүрээнд 300 гаруй эмнэлгийн эмч, ажилчид 20 цэгт 20 баг болж, PCR шинжилгээний сорьц цуглуулах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Мөн цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 700 гаруй хүн энэ ажиллагаанд оролцож байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 27.228 хүний шинжилгээг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид хийсэн. Өчигдрийн байдлаар шинжилгээ өгсөн иргэдээс ямар нэг халдвар илрээгүй тул орон нутагтаа зорчих эрхтэй болсон. Бүртгэлийн 119.mn сайт өчигдөр гацсан учраас түр хугацаагаар хаасан. Энэ сайт ажиллахгүй болсон учраас Шадар сайдын дэргэдэх ажлын хэсэг хуралдаж, үүрэн телефоны компаниудтай хамтран гар утсаар нь мессэж ирүүлдэг болсон. Иргэдэд энэ мессэж болон иргэний үнэмлэхээ заавал биедээ авч зорчихыг сануулж байна.

Хот хооронд нийтийн тээвэр болон хувийн унаагаар гаргаж байгаа бөгөөд нийтийн тээврээр зорчих иргэдийн тасалбарыг цахимаар захиалсан. Өчигдрийн байдлаар нийт 14 чиглэлд 74 автобусаар 2531 иргэнийг Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэжээ. Харин орон нутгийн долоон чиглэлийн автобусаар 204 зорчигч нийслэл рүү тээвэрлэсэн байна. Ингээд нийтдээ 88 автобус 2735 иргэнийг хот хооронд тээвэрлэн хүргэжээ. Түүнээс гадна 301 хувийн тээврийн хэрэгслээр 921 зорчигч Улаанбаатараас орон нутаг руу зорчоод байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Улсын хэмжээнд есөн багц халдвар илэрч, ойрын 4196 хүнийг тогтоож, хяналтад авсан. Монголд ойрын хавьтлаас өвчлөх тохиолдол өндөр буюу 5-8 хувь байна. Тиймээс гэртээ зочин урихгүй, арга хэмжээнд өндөр настан, бага насны хүүхэд оролцуулахгүй байхыг анхааруулъя. Өнгөрсөн 24 цагт түргэвчилсэн оношлогооны цэгээр 193.608 хүн шинжилгээ хийлгэж, 137.125 хүнээс вирус илрээгүй. Бусад шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Нийт дөрвөн тусгай утасны дугаарт 10 мянга гаруй хүн хандсан.

“ЧАРТЕР НИСЛЭГЭЭР ТАТАН АВСАН ИРГЭДИЙН ТУСГААРЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСЧ БАЙНА”

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн, орон нутагт 120 иргэн, улсын хэмжээнд нийт 175 иргэн тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжлээ. Өчигдөр “Сүнжин Гранд” зочид буудлаас гарсан 42 хүүхдийг нэгдсэн байдлаар автобусаар гэрт нь хүргэж өгсөн.

Өнөөдөр “Корпорейт”, “Новотел”, “Кемпинский”, “Вен Зөү” буудалд тусгаарлалтад байсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Гэрийн ажиглалтад шилжиж байгаа иргэдэд ХӨСҮТ-өөс ирүүлсэн албан бичгийг үндэслэж, 14 хоног гэртээ байж, халдвар хамгааллын дэглэм сахих үүрэг чиглэл өгч, гарын үсэг зуруулж, баталгаажуулж байна.

Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1273 хүн байгаа бол орон нутагт 7210 хүн байна. Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байр байгаагаас хотод 20, орон нутагт 48 байр бий. Үүнээс нийслэлд 1297 хүн, орон нутагт 889 хүн нийтдээ 2186 иргэн тусгаарлагдаж буй. Чартер нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусч байгаа. Сая танилцуулсан тоон мэдээг хавьтал болсон иргэдийн тоо гэж ойлгож болно.

Тусгаарлалтад байгаа болон тугаарлалтын хугацаа нь дууссан хавдрын эмчилгээ хийлгэх, мэс засалд орох шаардлагатай иргэдийг эмнэлгүүдтэй холбож өгч байна. Мөн тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Архангай аймгийн Батцэнгэл суманд байгаа долоон хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Сэлэнгэ аймагт эцэг, эх нь хөл хорионд орсон 47 хүүхдэд хүнс болон бусад дэмжлэг үзүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж