Захиргааны ерөнхий хуулийн тухай сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Захиргааны ерөнхий хуулийн тухай сургалт зохион байгуулав

 

УИХ-аар Захиргааны Ерөнхий хуулийг шинээр баталсантай  холбогдуулан энэ хуулийн үзэл баримтлал, үйлчлэх хүрээг төрийн яам, агентлагууд, төрийн захиргааны бүх шатны байгууллагуудад Хууль зүйн яамнаас сургалт зохион байгуулж байна. Өнөөдөр Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн, түүний харъяа нэгжийн удирдлагуудад хуулийн авторуудын нэг болох Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн багш Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ж.Жавзандулам нар сургалт зохион байгуулж энэ хуулийн онцлог, ач холбогдлын  талаар мэдээлэл өглөө. Тэд "Монгол Улс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуультай холбоотой хуулиудаа батлан гаргасан. Захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 230 гаруй хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хууль байдаггүй байсан. Харин энэ хуулийг баталснаар дээрхи асуудлыг зохицуулж,  захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаархи ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулж чадсан" хэмээн онцлов. Түүнчлэн энэ хуулиар төрийн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулжээ.  Ингэснээр төр, иргэн хоёрын хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдсэн байна. Мөн Үндсэн хуульд заасан хүний эрхийг дээдлэх, хуульд үндэслэх зэрэг ардчиллын зарчмууд нь ихэнхдээ иргэн, төр хоёрын хоорондын харилцаанд зөрчигддөг байсан бол энэ хууль гарснаар Үндсэн хуулийн зарчмууд бодит амьдрал дээр хэрэгжих боломжийг нээж өгсөн тухай Д.Ганзориг багш онцолж байсан юм.  Төрийн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцаж байгаа бүхий л харилцаа захиргааны акт, гэрээ хоёроор дамжин хэрэгжих боломжтой болсон тухай ч тодотгож байв.  Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Захиргааны Ерөнхий хууль хэрэгжиж эхэлнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж