Ангалын ирмэгт тулсан Австрали-Хятадын ХАРИЛЦАА

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Ангалын ирмэгт тулсан Австрали-Хятадын ХАРИЛЦАА

Ангалын ирмэгт тулсан Австрали-Хятадын ХАРИЛЦАА

Хятад, Австрали улсуудын хооронд өрнөж буй худалдааны болон улс төрийн маргаан улам ширүүссээр байна. Анх Австралийн эрх баригчид дөрөвдүгээр сарын сүүлчээр Covid-19 цар тахлын гарал үүслийг олохын тулд Хятадыг шалгахыг олон улсад уриалсан юм. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авснаа огтхон ч нуусангүй. Энэхүү уриалгаас хэд хоногийн дараа Австралид суугаа Хятадын Элчин сайд Чен Жиньэ Австралийг сүрдүүлсэн утгатай зүйл ярьсан. Тэрбээр “Магадгүй жирийн хятад хүмүүс яагаад австрали дарс уух ёстойгоо, яагаад австрали мах идэх ёстойгоо бодож үзэх цаг нь ирсэн бололтой” хэмээн хэлсэн байна. Энэ мэтээр Австралийг хэлсэн үгээ буцаах хэрэгтэйг шуудхан уламжлах болсон.

Ингээд сар хүрэхгүй хугацаанд Австралийг “шийтгэх” кампанит ажил Хятадад өрнөж эхэлсэн юм. Хятад улс тавдугаар сарын 12-нд Австралийн дөрвөн том компаниас "Эрүүл ахуйн шаардлага хангаагүй" гэдэг шалтгаанаар үхрийн мах авахаа зогсоож, тав хоногийн дараа Австралийн арвайн импортод 80 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн.

Түүнчлэн Хятадын зүгээс Австралийн эсрэг авсан хамгийн том арга хэмжээ нь Хятадын төрийн өмчийн хамгийн том таван цахилгаан станц тус улсаас нүүрс авахаа зогсоосон явдал байв.

Үүний үр дүнд одоо Хятадын зүүн хойд эргийн Жинтан боомтын орчим хоёр сая орчим тонн нүүрс ачсан Австралийн 400 хөлөг онгоц олон сарын турш гацаад байна. Зарим хөлгүүд нь энд зургадугаар сараас хойш таван сар зогсож байгаа бол хамгийн сүүлд ирсэн нь сар орчим болж байгаа аж. Сүүлийн сард 21 хөлөг Жинтан боомтод ирж зогссон ч Хятадын тал нүүрс буулгах зөвшөөрөл өгөхгүй байгаа ба эдгээр хөлгүүдэд ачсан нүүрс дунджаар 200 сая ам.долларын үнэтэй ажээ.

Энгийн үед хөл онгоцууд нүүрсээ хэдхэн өдрийн дотор Жинтаны боомтод буулгаад буцдаг бол ачаалалтай үед дээд тал нь 15-20 хоног хүлээдэг байна. Цар тахлын улмаас хөлгийн багийн гишүүд хөлгөөс буух боломжгүй бөгөөд өөр боомт руу шилжих ч хориотой учир тэдний хоол хүнс, цэвэр ус, эм хангамж тасалдаж, эргээс зарим шаардлагатай зүйлсээр хангасан байна.

Хятадын Гадаад хэргийн яамнаас Австралийн хөлгүүд боомтоос явах эрх нь нээлттэй байгааг мэдэгдээд, нүүрс тээвэрлэгч компаниудыг ашиг олох сонирхолдоо хэт автаж, үүссэн нөхцөл байдалд зохицож ажиллахгүй байна хэмээн буруутгажээ.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян Австралийн нүүрсний хоригтой холбоотой сэтгүүлчийн асуултад хариулахдаа импортолж буй нүүрс чанарын шаардлага хангахгүй байгаа талаар ярьжээ. Гэхдээ тэр аливаа улс орны нэрийг дурдаагүй юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд манай улсын гаалийн байгууллага импортын нүүрсэнд аюулгүй байдал, чанарын үнэлгээ хийдэг болсон. Зарим импортын нүүрс байгаль орчны стандартад нийцэхгүй байгаа нь дээрх үнэлгээгээр тогтоогдож байна” хэмээн ярьсан байна.

Хятад бол Австралийн нүүрсний зах зээлийн хамгийн том худалдан авагч. Харин Австралийн импортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг бол нүүрс билээ.

Цар тахлаас үүдсэн улсуудын дипломат маргаанаас Монгол Улс хожих боломжтой юм. Хятад нь Австралийн нүүрсний хоёр дахь том худалдан авагч орон бөгөөд хоёр улсын маргаанаас үүдсэн цоорхойг бусад нүүрс экспортлогч орнууд нөхөж таарна. Хятад улсын хувьд нүүрсээ Австралиас гадна ОХУ, Индонези, Монгол  гэх мэт улсуудаас авдаг ба Монгол Улсын хувь нүүрсний экспорт дээр хамгийн том өрсөлдөгч бол мэдээж Орос улс. Оросын хажууд Монгол Улс хэтэрхий жижиг ч бусадтай өөрсдийгөө харьцуулалгүй олдсон боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй. Монголын хувьд Хятадтай хил залгаа, ойр оршдог нь шууд давуу тал юм.

Үнэндээ хоёр улсын харилцаа 2017 оноос хөрч эхэлсэн. 2017 онд Австралийн тал дотоодын улс төрд гадаадын хөндлөнгийн оролцоог таслан зогсооход чиглэсэн аюулгүй байдлын шинэ хууль тогтоомжийг нэвтрүүлж эхэлснээр хоёр улсын харилцаанд ан цав сууж эхэлсэн юм. Бээжин дээрх хуулийг шууд өөр дээрээ тусгаж, Австралитай болгоомжтой харьцаж эхэлсэн.

Мөн 2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын “Huawei” компанийг  оролцуулаагүй, өнгөрсөн зун Австралийн иргэн Карм Жилеспид цаазын ял оноосон зэрэг нь хоёр улсын харилцаа улам хөндийрөх шалтгаан болсон юм. Карм Жилеспид нь 2013 онд Хятад улсын хилээр гарахдаа 7.5 кг мөс гэгддэг синтетик хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт буруутгагдсан ба зургадугаар сарын 13-нд түүнд цаазын ял оноосон юм.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Хятад улсыг Карм Жилеспид оноосон цаазын ялыг гүйцэтгэхээс татгалзахыг уриалсан ч Хятадын тал өөрсдийн хууль дүрмийг баримтална гээд энэ нь хоёр улсын сөргөлдөөнтэй холбоогүй хэмээх тайлбарыг өгч байв.

Хятадын зүгээс Австралийн эсрэг хамгийн сүүлд авсан арга хэмжээ бол энэ сарын 28-ны өдрөөс эхлэн Австралийн дарсанд 107-212 хувийн татвар ногдуулах явдал байлаа. Хятадын эрх баригчид үүнийг татвар биш харин "демпингийн эсрэг түр хугацааны арга хэмжээ" хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ экспортын татвар шиг үйлчлэх аж. "Демпинг" гэдэг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг хэлдэг юм. Ингэснээр шударга өрсөлдөөн үгүй болж, монополь үүснэ гэж үздэг.

Харин Австрали улс Хятадын дээрх шийдвэрийг маш түрэмгий алхам хэмээгээд, цар тахлын дараа сэргээхийг оролдож буй эдийн засгийг нь боомилсон арга хэмжээ хэмээн буруутгаж байна.

Түүнчлэн Австралийн Засгийн газар арвайн экспортын асуудлаар Хятадыг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д мэдэгдэхээр ажиллаж буйгаа мэдэгдээд байгаа юм.

Түүнчлэн саяхан хоёр улсын харилцаанд дахин ан цав үүсгэсэн асуудал гарч ирсэн нь Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижян твиттертээ австрали цэрэг нас барсан афган хүүхдийн толгойг Австралийн төрийн далбаагаар ороож тэвэрсэн байдалтай эвлүүлсэн зураг нийтэлсэн нь байдлыг улам хүндрүүлж байна. Уг зурагт дүрсэлснээр австрали цэрэг нэг гараараа хүүг тэвэрч, нэг гартаа хутга барьсан байсан бөгөөд “Бүү ай. Бид энд энх тайван тогтоохоор ирлээ” хэмээн бичжээ.

Жао Лижян уг зургаа “Афганистаны иргэд болон хоригдлуудыг Австралийн цэргүүд хөнөөсөнд их цочирдсон. Бид энэ үйлдлийг эрс буруушааж, хариуцлага хүлээлгэхийг уриалж байна” гэсэн тайлбартайгаар жиргэсэн байна.

Австралийн эрх баригчид Хятад улсын Засгийн газрыг тус улсаас уучлалт гуйх ёстой хэмээн мэдэгдсэн ч Хятад улс уучлалт гуйхаас татгалзжээ. Энэ сарын эхээр, 2009-2013 оны хооронд Австралийн SAS тусгайгийн элит тасгийн 25 цэрэг Афганистаны энгийн иргэн болон хоригдлууд нийлсэн 39 хүнийг хөнөөсөн хэрэгт холбогдсон баримт дэлгэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж