2020 онд сүмогийн ертөнцөд юу болж өнгөрөв?

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

2020 онд сүмогийн ертөнцөд юу болж өнгөрөв?

2020 онд сүмогийн ертөнцөд юу болж өнгөрөв?

Мэргэжлийн сүмо бөхийн 2020 оны улирал ярих зүйл ихтэй, олны анхаарлыг татсан үйл явдлууд олонтой болж өнгөрлөө. Цар тахлын улмаас уламжлалт зургаан башёгийн тав нь зохион байгуулагдсанаас сүүлийн гурав нь үзэгчгүй явагджээ.

ТАВАН БАШЁ, ТАВАН АВАРГА

Дээр дурдсанчлан цар тахлын улмаас нацү башё зохион байгуулагдаагүй. Харин зохион байгуулагдсан бусад таван башёд нь таван өөр бөх түрүүлж, 1991 оноос хойш бүртгэгдээгүй үйл явдал тохиов.

  • Хацү башё – Токүшорюү анхны түрүү
  • Харү башё – Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүү
  • Нацү – цуцлагдсан
  • Нагоя – Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёрдахь түрүү
  • Аки – Шодай анхны түрүү
  • Кюүшюү – Такакэйшо хоёрдахь түрүү

Одоогоор маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж буй Токүшорюү хацү башёд түрүүлж, олон хүний таамгийг эвдсэн. Өдгөө 33 настай тэрбээр эзэн хааны цомыг хүртсэнийхээ дараа “Яг л зүүд шиг санагдаж байна. Би өөрийгөө мэдрэхгүй байгаа ч юм шиг. Яг л үүлэн дээгүүр алхаж байгаа юм шиг байна. Энэ башёд надаас доогуур зиндаатай сүмоч байгаагүй. Өдөр бүр чадах чинээгээрээ барилдаж, өөр зүйлст санаа зовохгүй байхыг хичээсэн. Би аварга авна гэж бодож ч байсангүй. Би бүр хэдэн барилдаанд давсан, хэзээ барилдсан гэдгээ ч санахгүй байна. Би ингэж л төвлөрч байлаа. Магадгүй би дэндүү их уйлсан байх. Гэхдээ тэр бол миний ямар их дарамт мэдэрч байсныг харуулах мөч” хэмээжээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ хүртэж, өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан.

Түүнтэй адил Шодай анхны түрүүгээ энэ онд хүртээд зогсохгүй озэки цол хүртсэн. 28 настай Шодай анхны түрүүгээ хүртсэн талаар “Хацү болон нагоя башёд би сайн барилдсан ч түрүүлж чадаагүй ээ. Тэр алдаануудаас суралцаж, туршлага хуримтлуулж, энэ удаагийн башёд түрүүллээ. Озэки цол хүртсэн тухайд гэвэл энэ намайг цаашид хурцлах болно. Бүхий л бөхчүүд энэ цолонд хүрэхийг хүсдэг. Үнэхээр төсөөлөөгүй зүйлүүд болж өнгөрлөө” хэмэээн ярьжээ.

Харин оны сүүлийн кюүшюү башёд озэки Такакэйшо түрүүлж, хоёр дахь удаагаа эзэн хааны цом хүртсэн. Хэрэв тэрбээр ирэх оны хацү башёд түрүүлж, чадвал мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна болох боломжтой.

ТЭРҮНОФҮЖИ Г.ГАН-ЭРДЭНИЙН ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭР

Жүрёо зиндаанаас дээд макүүчи зиндаанд эргэн дэвшин гарч ирсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нагоя башёд түрүүлж, сүмо сонирхогчдын магнайг тэнийлгэв. Өдгөө 28 настай тэрбээр 2016 оны нэгдүгээр сарын башёгийн тав дахь өдөр мөрөндөө хүнд бэртэл аван, башёг орхисон. Түүнээс хойш Тэрүнофүжигээс нэг хэсэгтээ бэртэл гэмтэл салаагүй. 2017 оны тав болон долдугаар саруудад дараалсан өвдөгний хагалгаанд орж, мөн бөөрний чулуугаа авхуулж хүнд цаг хугацааг тэрбээр туулж өнгөрүүлсэн.

Гэмтлийн улмаас нэг хэсэгтээ барилдах боломжгүйд хүрсэн тул түүний цол буурсаар сүмогийн доороосоо хоёр дахь буюу жонидан зиндаанд барилдах болов. Дээд зиндаанд озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи ийнхүү доод зиндааны 48-т эрэмбэлэгдэн барилдаж, энэ асуудлаас болж ихэнхи бөхчүүд сэтгэл гутралд орон, шантарч, зодог тайлдаг бол тэр бууж өгөөгүй.

Дэвжээний багшийнхаа зөвлөгөөг дагаж, бэртэл гэмтлээ бүрэн эдгээн, 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаандаа нэг ч ялагдалгүй долоо даван энэ эрчээрээ санданмэ, макүшита, жүрёо зиндаануудад дэвшин дараалан түрүүлж, эргэн макүүчи буюу дээд зиндааны хамгийн сүүлд буюу маэгаширигийн 17-т эрэмбэлэгдэн, 2020 оны долдугаар сарын нагоя башёд барилдсан юм. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндаанд эргэн ирсэн анхны башёдоо ийнхүү түрүүлэн, сүмогийн ертөнцийн бахархал болсон билээ.

Тэрбээр нагоя башёд түрүүлснийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг зиндаа буурсны дараа дэмжсээр байсан олон хүн байсан. Миний гэр бүл, дэвжээний багш, дэвжээний маань бөхчүүд гээд. Намайг эргэн ирэхэд тусалж байсан бүх хүнд баярлалаа. Олон зүйл тохиолдсон ч эцсийн эцэст би энэ өдөртэй золголоо. Би хичээж чадвал шагнуулах өдөр ирэхийг мэдэж байсан. Миний инээмсэглээд зогсох энэ өдөр ирнэ гэдэгт би итгэж байлаа” хэмээжээ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2000 оны нэгдүгээр сард сэкивакэ цолтойгоор озеки Мүсояама түрүүлж байснаас хойшхи анхны, жүрёо зиндаанаас дээд зиндаанд дэвшсэн даруйдаа башёдоо түрүүлсэн гурав дахь, макүүчи зиндаанаас чансаа буурч, жонидан зиндаанаас эргэж дээд зиндаанд гарч ирж түрүүлсэн сүмогийн түүхэн дэх цорын ганц бөх болсон юм.

Түүнд энэ оны сүүлийн кюүшюү башёд мөн түрүүлэх боломж байсан ч шийдвэрлэх нэмэлт барилдаан дээр озэки Такакэйшод өвдөг шороодож, аман хүзүүдсэн. Хэрэв тэрбээр ирэх нэгдүгээр сарын башёд түрүүлж чадалгүй 12, эсвэл 13 даваа авбал сэкивакэ эсвэл озэки цолонд ч хүрэх боломжтой аж.

ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭСЭН ОЗЭКИ НАР ЗОДОГ ТАЙЛАВ

Сүмо сонирхогчдын хүндлэлийг хүлээсэн, арлын Японоос төрөн гарсан хүчирхэг бөхчүүд болох озэки Котошогикү болон озэки Гоэйдо нар 2020 онд зодог тайллаа. Хоёр озэки хоёулаа бэртэл гэмтлийн улмаас дээд зиндаанд сайн барилдаж чадахгүй байсан юм. Өдгөө 33 настай, 2016 оны намрын башёд 15 даваатай ганц унаагүй түрүүлж байсан озэки Гоэйдо Готаро 2020 оны нэгдүгээр сарын 29-нд хэвлэлийн бага хурал зарлаж, “Хэдэн жилийн өмнө би өөртөө хэрэв озэки цолоо алдах болвол зодог тайлна гэж амалсан юм. Би үнэхээр эргэлзэх зүйлгүй, өөртөө амласан амлалтаа биелүүлж байна” хэмээн их спорттойгоо салах ёс гүйцэтгэсэн. Түүний зодог тайлах ёслол ирэх нэгдүгээр сарын башёгийн үеэр Рёогокү Кокүгикан ордонд явагдана.

Харин монголчуудын арван жилийн ноёрхлыг таслан зогсоосон, өдгөө 36 настай Котошогикүгийн хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-нд зодог тайлж буйгаа зарласан юм. 2016 оны хацү башёд 14 даваа, ганц унаатай түрүүлж, монгол бөхчүүдийн 10 жил тасралтгүй түрүүлсэн гэх амжилтыг зогсоосон тэрбээр 2020 оны аки башёд тун муу барилдаж, жүрёо зиндаа руу унасан юм.

Котошогикү Янагава хотын захирагчид доод зиндаа руу унасан ч үргэлжлүүлэн барилдах болно гэж хэлсэн боловч кюүшюү башёг зүүн хөлний гэмтлийн улмаас тааруу эхлүүлж, эцэст нь зодог тайлж буйгаа зарласан. Тэрбээр зодог тайлсан ч Хидэнояама гэх нэрээр дасгалжуулагчийн замналаа эхлүүлжээ.

Тэднээс гадна комүсүби асан Аби зодог тайлах хүсэлтээ сүмогийн холбоонд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг хүлээн авахаас холбоо татгалзсан юм. Аби нагоя башё эхлэхийн өмнө болон башёгийн дундуур өөр дэвжээний доогуур зиндааны бөхтэй гадуур гарч, уушийн газраар үйлчлүүлсэн нь илчлэгдэж, холбооноос тогтоосон цар тахлын үеийн дэглэмийг зөрчсөн аж.

ЁКОЗҮНА НАРТ ХАТУУ АНХААРУУЛГА ӨГӨВ

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны ёкозүнагийн зөвлөл кюүшюү башёгийн дараа хуралдаж, сүүлийн хэдэн башёд хангалтгүй барилдаж байгаа хоёр ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу анхааруулга өгөв. Энэхүү анхааруулга нь зодог тайлах зөвлөмжийн дараа орох хатуу арга хэмжээ аж.

Хакүхо М.Даваажаргал энэ оны эхний хацү башёг тааруу эхлүүлж нэг даваа, гурван унаатай болж дундаас нь орхисон бол дараагийн харү башёд түрүүлж, мэргэжлийн сүмогийн макүүчи зиндааны 44 дэх түрүүгээ хүртэж, өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан. Нагоя башёг тэргүүлж явах үеэрээ тэрбээр баруун өвдгөндөө бэртэл аван, хагалгаанд орохоос өөр аргагүйд хүрсэн. Хагалгаанд орсон Хакүхо аки болон кюүшюү башёг дараалан өнжих шийдвэр гаргасан.

Какүрюү М.Анандын хувьд хацү башёг мөн тааруу эхлүүлж, нэг даваа, дөрвөн унаатай болсноор дундаас нь орхисон. Харин гуравдугаар сарын харү башёд сайн барилдаж, 12 даваа, гурван унаатай Хакүхогийн араас аман хүзүүнд бичигдсэн юм. Дөрвөн сар завсарлаад, эргэн ирсэн нагоя башёгийн хоёр дахь өдөр тохойндоо бэртэл аван барилдах боломжгүй болсон бол есдүгээр сарын аки башёг нурууны гэмтлийн улмаас мөн л өнжсөн. Сүмо бөхийн хорхойтнууд түүнийг оны сүүлийн кюүшюү башёд зодоглоно гэж хүлээж байсан ч бэртлийн эдгэрэлт нь удаан байсан учир дахин өнжсөн.

Нас чацуу (35 настай) хоёр аварга энэ нэг жилийн хугацаанд ердөө ганц башёд л бүтэн барилдсан нь ёкозүнагийн зөвлөлийн зургаан гишүүнд таалагдаагүй. Тус зөвлөлийн тэргүүн Хиронори Яно “Би ёкозүна нарыг хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж хэлж чадахгүй. Тэднийг ирэх нэгдүгээр сарын башёд сайн бэлдэж оролцохыг хүсч байна” гэжээ.

Ёкозүнагийн зөвлөлөөс башёг өнждөг, дундаас орхидог мөн сахилга бат алдсан ёкозүна цолтой бөхчүүдэд гурван төрлийн арга хэмжээ авдаг байна. Үүнд, сайшаах, анхааруулах, зодог тайлах зөвлөмж гэсэн гурван арга хэмжээ багтдаг аж. Ёкозүнагийн зөвлөлөөс анх удаагаа ёкозүна нарт анхааруулах арга хэмжээ авч байгаа нь энэ бөгөөд өмнө нь сайшаах, зодог тайлах зөвлөмж зэрэг арга хэмжээнүүдийг хэд хэдэн удаа авч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж