МҮОНРТ-ийн ерөнхий захиралд хэн хэн нэрээ дэвшүүлэв?

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд хэн хэн нэрээ дэвшүүлэв?

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд хэн хэн нэрээ дэвшүүлэв?

МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна.

Олон нийтийн тодотголтой ч эрх баригч намын дуу хоолой болж ирсэн МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд хэн хэн нэрээ дэвшүүлсэн талаар албан ёсны мэдээлэл бүрхэг ч одоогоор таван хүний нэр яригдаж байна. Тодруулбал, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэл, МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Энхзул, Монгол брэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, мөн М.Амарбаяр нарын хүмүүс дээрх албан тушаалд нэрээ дэвшүүлсэн гэх мэдээлэл байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахын өмнө “Үдшийн хэмнэл” студид ажиллаж байсан М.Амарбаяр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл цацагдсан. Иймээс тэд сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Олон нийтийн радио телевизийн тухай хуульд зааснаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан нь МҮОНРТ-ийн ерөнхий захирал болно. Ерөнхий захирлыг гурван жилийн хугацаагаар томилдог.

Ерөнхий захиралд нэр нь яригдаж буй хүмүүсийн тухайд тодруулахад Н.Дэмбэрэл нь тус албан тушаалд нэрээ дэвшүүлж байгаагаа ил зарласан нэгэн. МҮОНРТ-ийн уран бүтээлчид өмнөх захирал Л.Нинжжамцыгаа ажлаа өгөхийг шаардан, эсэргүүцэл үзүүлж байсан аравдугаар сард амбицаа анх илэрхийлсэн юм. Ингэхдээ тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нартай нэг нутаг гэдгээ зарлаж байв.

ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн тэрбээр 2000 оны эхэн үеэс PR-ын чиглэлээр дагнан ажиллах болж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олон нийттэй харилцах албаны дарга, УИХ-ын дарга асан М.Энхболд нэгэн үе Засгийн газрыг тэргүүлэн ажиллах үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан гэдэг.

МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга А.Энхзулыг “MN-25-р суваг" телевизийн захирал З.Алтайн охин гэдгээр нь олон нийт андахгүй. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөгч тэрбээр МУИС-ийн Гадаад хэл соёлын сургууль, Сөүл хотын их сургуульд тус тус суралцсан байдаг.

2000-2010 онд ‘MN-25-р суваг’ телевизийн хөтлөгч, сэтгүүлч, 2016-2018 онд ‘Монголын телевизүүдийн холбоо’-ны гүйцэтгэх захирал, 2010-2018 онд ‘MN 25-р суваг’ телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдсон юм.

Ш.Отгон-Өлзий нь МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн бол 2013 онд АНУ-ын American Councils сургууль: Хэвлэл мэдээлэл ба улс төрийн чиглэлээр, 2014 онд АНУ-ын Харвардын сургуульд: DIGITAL MARKETING: SOCIAL MEDIA AND ONLINE STRATEGIES сэдвээр тус тус мэргэжил дээшлүүлсэн байна. Мөн Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер, Тайванийн Нанхуа их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

"Бодь-Электроникс" ХХК -д вебмастер, програм хөгжүүлэгч, "Оргилсофт" ХХК-д мэдээллийн технологийн хэлтсийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд тус тус ажиллаж байсан аж.

М.Амарбаяр сэтгүүлч мэргэжилтэй,  өмнө нь МҮОНРТ-ийн ММ агентлагийн захирал, TV-5  телевизийн тоймчоор ажиллаж байгаад 2018 оноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга болсон бол А.Амарбаяр нь МҮОНТ-ийн “Үдшийн хэмнэл” студид 2000-аад оны үед ажиллаж байсан гэх мэдээлэл бий.

Гэхдээ МҮОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвших шалгуурт улс төрийн аль нэг намын гишүүн бус байх, хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх зэрэг “болзол” тавигджээ.

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ ЖУРМААС

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз (МҮОНРТ)-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, томилохдоо нийтэд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй. Ерөнхий захиралд аль нэг байгууллага, хамт олон, хэсэг бүлгээс нэр дэвшүүлэхгүй.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага: 

ОНРТ-ийн тухай хуулийн үндсэн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чадвартай байх,

ОНРТ-ийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, арга барил, ажил хэрэгч чанарыг хангасан байх,

ОНРТ-ийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, олон нийтийн төлөө өндөр хариуцлага, санаачлагатай ажиллах чадвартай байх,

Олон ургалч үзэл, ёс зүйн өндөр түвшинд олон улсын шилдэг туршлага, жишгээр ОНРТ-ийг зөв бодлогоор хөгжүүлж, удирдах чадвартай байх,

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, Олон нийт, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, эрх ашгийг дээдлэн ажиллах чадвартай байх,

Ёс зүйн болон хувийн зохион байгуулалт нь ОНРТ-ийг удирдахад харшлахгүй байх, харилцааны соёл, өөрийгөө илэрхийлэх өндөр чадвартай байх

МҮОНРТ–ийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг нэр төртэй хэрэгжүүлэх шаардлагыг хангахуйц, чадварлаг мэргэжлийн баг бүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хангаж, бүтээлч уур амьсгал бий болгох, ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, удирдан зохион байгуулах чадвартай байх,

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшигч нь бусад радио, телевизийн эзэмшигч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч этгээд бус байх

Ерөнхий захиралд нэр дэвшигчийн шалгуур: 

Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх,

Ял шийтгэлгүй байх,

Улс төрийн аль нэг намын гишүүн бус байх,

Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын таваас доошгүй жилийн дадлага, туршлагатай байх,

НҮБ-ын албан ёсны нэгээс доошгүй хэлээр мэдээлэл авах, ярианы болон бичгийн дундаж болон түүнээс дээш мэдлэг чадвартай байх,

Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлага, эрх зүйн чиглэлээр зохих мэдлэг, дадлага туршлагатай байх,

ОНРТ-ийг хөгжүүлэх, нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах, менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох, хүний нөөцийн зохистой бодлого хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн байх,

“Хөдөлмөрийн тухай” Монгол Улсын хуулийн холбогдох заалтуудад заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй байх,

Ерөнхий захиралд нэр дэвшигчийн бүрдүүлэх материал: 

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Биеийн байцаалт /Төрийн албан хаагчийн маягт №1/

Иргэний үнэмлэхийн хуулбар

Цээж зураг хоёр хувь

Боловсрол, мэргэжил, зэрэг, цол, мэргэшсэн байдлын нотлох бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

ОНРТ-ийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр

Гурван үеийн намтар

Цагдаагийн газрын тодорхойлолт

Улс төрийн аль нэг намын гишүүн бус болохыг нотлох баримт бичиг

Байгууллагын болон хувь хүнээс өгсөн мэргэжлийн болон ажил байдлын тодорхойлолт, үнэлгээ

Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Санаачилсан, удирдан зохион байгуулсан ажил, туурвисан бүтээлийн жагсаалт, товч мэдээлэл

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж