&#34Улаанбаатарын Унаганууд&#34 клүбийн ялалтын цуврал үргэлжилсээр…

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

&#34Улаанбаатарын Унаганууд&#34 клүбийн ялалтын цуврал үргэлжилсээр…

Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын шилдэг лиг болох “ПЭПСИ ЛИГ”-ийн есдүгээр тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Тэргүүлэгч болоод түүний араас нэхэж яваа багууд хэрхэн тоглож, цаашлаад хүснэгтийн байрлалд өөрчлөлт орох эсэх нь туйлын сонирхолтой байлаа.

Энэ тойргийг нээж “Соёмбын Барсууд” болон “Баянгол ФС” багууд хүч үзлээ. Багууд ижил оноотой байснаас гадна “Соёмбын Барсууд” клүбийн хувьд хоёр дараалсан хожлын дараачаар уг тоглолтыг эхлүүлсэн. Гэхдээ энэ удаа эсрэг баг нь дэндүү хүчтэй бас өөрсдийн боломжуудаа амжилттай төгсгөж байснаар 13-5 харьцаатай “Баянгол ФС” баг улирлын гурав дахь хожлоо байгууллаа. Б.Ариунболд, М.Энх-Од мөн М.Төгөлдөр нар багаа манлайлан тус бүр гурван гоолыг оруулжээ. 

Энэ тойрогт “Хангарьд” клүб хоёр тоглолтыг дараалан хийсэн тэд ердөө ганц хожигдолтойгоор тэргүүлэгч “Улаанбаатарын Унаганууд” клүбийн ард нэхэж явсан билээ. Эхлээд бямба гарагт хүчтэй өрсөлдөгч “Арвис” клүбтэй таарсан ч 10-4 харьцаатай илүүрхэн яллаа. Үзэгчдийн хүсэн хүлээлт энэ тоглолтонд их байсан ч “Хангарьд” клүб илүү нь байж чадлаа. Нөгөөтэйгүүр “Арвис” клүб бага зэргийн азгүй байсан юм. Өөрсдийн гарсан боломжуудаа тэд тааруу ашиглалаа. Мэргэн буучдыг 22 гоолтой тэргүүлж байсан О.Мижиддорж тус тоглолтонд хоёр гоол оруулж өөрийн хувийн амжилтаа ахиулсан бол С.Ганхуяг мөн хоёр гоолыг оруулжээ. Дараагийн өдөр тэд “Улаанбаатарын Мазаалайнууд” клүбтэй таарч 9-3аар ялсанаар ерөнхийдөө өөрсдийн дэд байраа баталгаажуулсан юм. О.Мижиддорж онцгой байж 7 гоолыг оруулсан бөгөөд нийт 31 гоолтой болон мэргэн буучдыг тэргүүлж явна. Бүхийл довтолгоо түүнээр дамжиж, өөртөө итгэх итгэлийг олж авсан залуу тамирчин ч багийн нөхдийн дэмжлэгийг хөсөрдүүлсэнгүй. Ийнхүү хоёр өдрийн дараалсан тоглолтонд 9 гоол оруулж багаа бүтэн оноогоо авахад чухал нөлөөг үзүүллээ.

Тэгвэл Н.Наранболд тэргүүтэй “Хоромхон” клүб бямба гарагт “Эрчим” клүбтэй тааран тоглосон бөгөөд залуу тамирчдаар багаа бүрдүүлэн оролцсон “Эрчим” клүбийг илүүрхэн буулгаж авсан. Өнгөрсөн жил гадаа талбайд үнэхээрийн дийлдэшгүй байсан Н.Наранболд ч мөн тус тоглолтонд нийт 5 гоолыг оруулж пентатрик хийснээр 30 гоолтой болсон юм. Гэхдээ Хангарьд клүбээс тэд нэг тоглолт дутуу хийсэн гэдгийг санах хэрэгтэй. Англи улсын Барнет ФС клүбийн акедемийн багт нэг сарын хугацаанд бэлтгэл сургуулилт хийж будант альбионд гоолдоод ирсэн Г.Ганбаяр гурван ч гоолыг оруулсан бол тэргүүн шугаманд тоглох А.Улсболд хоёр гоол оруулжээ. “Хоромхон” 6 хожил 1 тэнцээний 19 оноотой лигийн гуравдугаар байрт бичигдэж байна.

Энэ тойргийн хамгийн сонирхолтой онцлох тоглолт нь нэг ч өвдөг шороодоогүй цорын ганц баг “Улаанбаатарын Унаганууд”-ын тоглолт байсан бөгөөд тэдний эсрэг “Дэрэн” клүб зогслоо. Гэхдээ Б.Гарьдмагнай гурван шар картын алдаанаас болж тоглолтыг өнжин үзэгчдийн суудлаас багийн залуусаа харж суулаа. Хамгаалалтын ноён нуруу, туршлагтай ахлагчийн эзгүйд “Дэрэн” клүб өөрсдийн үндсэн тоглолтоо гаргаж чадсангүй. Тэдэнд тийм боломжийг “Унаганууд” өгсөнгүй. Эхний хагасын үр дүн 4-1. Цаашдаа ч энэ байдал өөрчлөгдсөнгүй. Э.Ганзориг, Э.Пүрэвдорж, П.Алтантулга нарын оруулсан гоолуудын ачаар 8-1 харьцаатай С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Улаанбаатарын Унаганууд” клүб ээлжит нэгэн ялалтаа байгууллаа.

Энэ тойргийн хамгийн сүүлийн тоглолт маш олон гоолтой тоглолт болсон. Тэнцээний нэг оноотой “ФС Улаанбаатар” клүб “Континентал” багтай тоглосон юм. Алдаа ихтэй түүнийхээ ч хажуугаар гоол ихтэй болсон тоглолтонд “Континентал” 12-10 харьцаатай хожил байгууллаа. Улирлын дунд үеэс эхлэн тэдний тоглолт тун сайн болж байгаа нь хөлбөмбөг сонирхогчдын дунд анзаарагдаж байна.

Ийнхүү есөн тойргийн дараачаар “Улаанбаатарын Унаганууд” клүб 27 оноотой зуун хувийн амжилттай яваа бол Эрдэнэт хотын “Хангарьд” клүб нэг тойрог илүү хийж тэдэнтэй энэ зэрэгцэн бичигдэж байна. Удаах байранд “Хоромхон” 19 онотой “Дэрэн” клүб 17 оноотойгоор бичигдэж байна.

Тэгвэл мэргэн буучдын өрсөлдөөн хоёр тамирчны дунд тойргийн сүүл хүртэл гарах нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл нэг тойргийн тоглолт хийх дутуу “Хангарьд” клүбийн тоглогч О.Мижиддорж 31 гоолтой тэргүүлэгчээр бичигдэж байгаа бол хоёр тойргийн тоглолт хийх дутуу “Хоромхон” клүбийн тоглогч Н.Наранболд 30 гоолтойгоор шил даран бичигдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж