А.Ганбаатар: Шүүмжилдэг биш оролцдог систем рүү шилжье

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар: Шүүмжилдэг биш оролцдог систем рүү шилжье

МХБХ-ны Ерөнхийлөгч болон МХБХ-ны Гүйцэтгэх хороодын санаачилгаар 2016 оны гуравдугаар сарын 12ны бямба гарагт Монгол улсад "Хөлбөмбөгийн хөгжлийн чиг хандлага олон улсын анхны симпозиумыг өндөр зохион байгуулалт дор явууллаа.

Арга хэмжээний гол зорилго нь Монгол улс хөлбөмбөгийн спортын ертөнцөд өөрийн философитой болж энэ мөчөөc эхлэн шинэ арга барилыг олж түүгээрээ амжилт үзүүлэхэд оршино. 1959 онд байгуулагдаж хагас зуун жилийн түүхийг бичсэн Монголын хөлбөмбөгийн гэр бүлд юу юунаас чухал байсан зүйл нь Монгол хүний оюун санаа, бие бялдарт тохирсон хөлбөмбөгийн арга барил бөгөөд, зөв замыг олоход туслах үүднээс дэлхийн хөлбөмбөгийн холбоодууд болох ФИФА буюу Олон Улсын ХБХ-г төлөөлж  ноён Томми Ниэлсэн, Азийн ХБХ-г төлөөлж ноён Субраманиам, Германы ХБХ-г төлөөлж ноён Майкиэл Миүллэр, Японы ХБХ-г төлөөлж хатагтай Има Жүнко, Унгарын “Пушкаш” академийг төлөөлж Тот Балач зэрэг зочид хүрэлцэн ирснээс гадна Монгол талаас Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга ноён С.Ламбаа, Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч С.Дамдин болон Нийслэлийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичиг Д.Тэрбаатар, Их талын дуулиан төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Б.Гантулга, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны эрхэм гишүүд, хөлбөмбөгийн холбооны гишүүн клүбүүд, дасгалжуулагч, тоглогчдын төлөөлөл хүрэлцэн ирж энэхүү чухал хуралд оролцсон юм.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ:  "Монгол Улсад зохион байгуулж байгаа анхны симпозиумд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Уг арга хэмжээг зохион байгуулж байгаа МХБХ-ны хамт олонд талархаж байна. Мөн түүнчлэн бидний урилгыг хүлээн авч энэ арга хэмжээнд оролцож Монголын хөл бөмбөгийн хөгжлийн тухай илтгэл тавих гэж холоос зорьж ирсэн хүндэт зочиддоо талархалаа илэрхийлье. МХБХ анх 1959 онд байгуулагдаж, 1997 онд АХБХ-д, 1998 онд ФИФА-д гишүүнээр элсэж байсан. Тэр цагаас хойш МХБХ их олон арга хэмжээ зохиож, амжилт бүтээлээр дүүрэн жилүүд өнгөрчээ. Энэ удаагийн арга хэмжээ нь олон улсын ХБХ-ны төлөөлөгчдийг хамруулсан анхных гэдгээрээ онцлогтой. Цаашдаа энэ арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгууллагын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө ярилцаж, зөв хэлэлцсэнээр олон улсын түвшинд хүрэх боломж бүрдэх юмаа. Өнөөдөр бид МХБХ-ны цаашдын зорилго, философийг тодорхойлж чадна гэдэгт итгэж байна." хэмээн ярьсан юм.

Мөн Монголын хөлбөмбөгийн хөгжлийг гурван үе шаттайгаар хуваан авч үзсэн бөгөөд

1959 онд албан ёсоор МХБХ байгуулагдахаас өмнө ба хойш1990 он хүртэлх үе.

1990 оны нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс 2014 оны төгсгөл хүртэлх үе

2015 оноос хойшхи үе хэмээн ангилж авч үзлээ. Бид одоогийн байгаа түвшингээ ахиулахын тулд бодит байдалдаа үнэлэлт дүгнэлт өгж, цаашдын урт хугацааны зорилтоо тавих чухал үе тулж ирсэнийг мөн дурьдсан юм. Бидэнд материаллаг бааз байна, хүсэл эрмэлзэл дүүрэн тоглогч, тамирчид байна, тэмцээн зохион байгуулах боловсон хүчин байна, дасгалжуулагчид гээд боломжтой бүхий л зүйл байна. Бага зэрэг боловсролын систем, чанартай сургалт үгүйлэгдэж байгааг нуухгүй. Сайн дасгалжуулагч байж, зөв /школ/ арга барилаар явж байж сайн тамирчин гарна.

Ингээд илтгэлд уригдаж ирсэн гадны төлөөлөгчид өөрсдийн хугацаанд багтаж Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө яваа бид бүхэнд үнэтэй, цаг хугацааг товчлох арга замуудыг танилцууллаа.

Бүтэн найман цаг хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлох чуулган үргэлжилж хурлын төгсгөлд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хааж үг хэллээ:

Монголын хөлбөмбөгийн тодорхойлох эрхэм хүмүүс энэ танхимд цуглаж ярилцлаа. МХБХ даруй дасгалжуулагч нарын дунд эдгээр асуудлыг хэлэлцэх ажлыг өрнүүлэн, философио тодорхойлж, Монголын хөл бөмбөгийн шинэ школа – дэг сургуулийн суурийг тавих зорилгоор энэхүү симпозиумыг зохион байгууллаа. Бид аливаа нэгэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Шүүмжилдэг биш оролцдог, санаа бодлоо дэвшүүлдэг аливаа нэгэн зөв замыг сонгоход оршино. Монголын хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэж байна. Та бүхэндээ дахин дахин талархаж буйгаа илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж