Засгийн газар мэдээлэл хийж байна
Засгийн газар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Tuesday, December 1, 2020
НЭМЭЛТ: 11:50 ЦАГ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Дотоодод халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 3 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж, тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
Хоёрдугаарт, Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлд 23 багц арга хэмжээ авах шийдвэр гарсан билээ. Энэ хүрээнд зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал, хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотойгоор ААН-ийн орлогын албан татварыг хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д яаралтай өргөн барихаар боллоо.
"Covid-19 илэрсэн иргэдийн ойрын хавьтал 830 гаруй хүн тогтоогдсон. Дам хавьтал эрсдэлтэй гэж үзсэн хүмүүсийг тусгаарласан. Энэ хүрээнд тусгаарлах байруудын хүрэлцээ хангамж хүнд байлаа. Одоо ойрын хавьтлуудыг гурав дахь шинжилгээнд хамруулж байна.
Мөн гаднаас ирээд тусгаарлагдсан иргэд тусгаарлах байруудаа чөлөөлж байгаа учраас энэ сардаа тодорхой тооны тусгай үүргийн нислэг үйлдэхээр ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулбал бид иргэдээ татаж авна.
Гуравдугаарт, гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдах шийдвэр гаргав. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг гэсэн тооцоолол бий.
Дөрөвдүгээрт, хамгийн эрсдэлтэй байж болзошгүй гэж үзсэн найман бүс нутагт Засгийн газраас хөндлөнгийн хяналтын баг гаргана. 10, 10 хоногоор гурван ээлж ажиллана. Нэгдүгээрт, ХӨСҮТ-д ажиллана. Хоёрдугаарт, тусгаарлах байранд хяналт тавина. Гуравт, халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Зайлшгүй шалтгаануудын улмаас боомтуудыг хааж болохгүй. Замын-Үүд боомтод мөн дотоодын халдвар гарсан. Тус боомтоор экспорт, импортын гол хөдөлгөөн явдаг. Ажлын хэсэг ажиллана.
Эрүүл, эрсдэлгүй бүс байгуулахаар Өмнөговь аймагт онцгой анхаарч байна. Ажилчид, жолооч нарыг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Мөн Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийг онцгой дэглэмд шилжүүлэн ажиллаж байна. Бүх ажилчныг шинжилгээнд хамруулсан. Халдвар илрээгүй.
НИЙТ НАЙМАН ЦЭГТ ТУСГАЙЛСАН ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАНА
-Вакцин худалдаж авах ажлын явц ямар шатандаа байгаа вэ?
-Вакцинтай холбоотой асуудлаар Сангийн сайд ахалж, Гадаад хэргийн сайд орлогчоор нь ажиллаж буй томоохон ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдөр ДЭМБ-аас бүртгэсэн вакцин дэлхийд нэг ч алга. Гэхдээ дэлхийн хэмжээнд хөгжүүлэлт нь нэлээд амжилттай явагдаж буй 10 вакцин гуравдугаар шатлалдаа орсон. Тухайлбал, "Moderna", "AstraZeneca" компанийн болон Орос, Хятадын гэсэн вакцинууд тухайн үндэстнийхээ бүртгэлд хамрагдаж, олон улсад үр дүнгээ тайлагнах, цаашлаад олон улсын түвшинд бүртгэгдэх шатандаа яригдаж эхэлсэн.
Вакцин ДЭМБ болон олон улсын хатуу хоригтой орнуудын бүртгэлд хамрагдаад эхэлсэн тохиолдолд Монгол Улс хамгийн эхний ээлжид хамрагдах орнуудын тоонд орохын тулд идэвхтэй ажиллаж байна.
Гэхдээ Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулиар тухайн иргэн вакцинд хамрагдах ажил сайн дурын үндсэн дээр явагддаг. Дэлхийн ихэнх оронд вакциныг заавал хийдэг бол манай улс сайн дурын үндсэн дээр хийдэг. Бид нийт зургаан чиглэлээр үйлдвэрлэгч орнуудтай болон Дэлхийн банк, ДЭМБ зэрэг байгууллагын бий болгосон "КоВиКС" механизмын хүрээнд вакцин авах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор зарлагдаад байгаа вакцинууд бүгд 18 нас хүртэлх насны хүүхдэд хийгдэггүй. Манай улсын 1.3 сая хүүхэд вакцинд хамрагдахгүй. Үлдсэн 2 сая иргэний 20% буюу 660,000 гаруй иргэнд хийх сая гаруй тун вакцины асуудал Дэлхийн банк, ДЭМБ зэрэг байгууллагуудын хамтарсан механизмын хүрээнд шийдэгдэнэ. Хоёр саяас үлдэх 1.4 сая гаруй иргэнд 3 сая тун вакцин авах асуудлаар AstraZeneca, Moderna зэрэг вакцин үйлдвэрлэгч компаниудтай цахим хурал хийж, мэдээлэл аваад, хэлцэлд хүрэх ажлыг зохион байгуулна. Хадгалалтын горим янз бүр байна. "КоВиКС"-ын хүрээнд вакцинжуулалтад хамрагдах эхний гурван орны жагсаалтад Монгол Улс багтсан.
-Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах 3 тэрбум төгрөгийг яг юунд зарцуулах вэ?
-Ойрын болон дам хавьтлын тусгаарлагдсан иргэдээс нэг ч төгрөг аваагүй, бүгдийг нь улс дааж байна. Энэ хүмүүсийн хоол, байрны зардлын асуудал байна. Халдвар хамгааллын бодисын асуудал орон нутгуудад нэлээд гарсан. Аймгийн Засаг даргын нөөцүүдээс үүнд нэлээд зарцуулсан. Аймгуудаас ирсэн саналыг Сангийн яаман дээр нэгтгээд, ийм шийдвэр гарсан.
-Covid-19-ийг дотооддоо алдсантай холбоотойгоор ажлын алдаа гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-Хариуцлага тооцно. Алдаа гаргасан үйлдэл бий. Ажлын хариуцлага алдсан төрийн албан хаагч болон удирдлагууд бий. 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Халдвараас сэргийлэх онцгой нөхцөлд ажиллаж байгаа мэргэжилтнүүддээ хариуцлага тооцох тухай ярих амаргүй ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Гадаа хүйтний эрч ямар байгаа билээ, цагдаа, хүчнийхэн зогсож л байна. Эмч нар халдвар авсан хүмүүстэй шууд нүүр тулж ажиллаж байна. 10 сар ажилласан тэд туйлдах тал руугаа орж байна. Тэдний буруутай тал ч бий, нөгөө талаасаа давагдашгүй хүчин зүйлс ч байна. Гэхдээ хариуцлагын асуудлыг ярина. Онцгой нөхцөлд ажил хариуцаж байгаа хүмүүсийг ажлаас халах нь хэр зохистой вэ гэдгийг мөн бодох хэрэгтэй.
НЭМЭЛТ: 11:10 ЦАГ
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ 50 ХУВЬ ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДАНА
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Мөнгө байдаг бол ард иргэд, өвгөд хөгшид, үр хүүхдүүдээсээ харамлах зүйл Засгийн газарт байхгүй. Харамсалтай нь бидний боломж хязгаарлагдмал байна.
Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмнийг хуурч, цаасан мөнгө хэвлэх үү? 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас болж юмны үнэ өссөн.
Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаатай адил. Бодит арга хэмжээ авч ард түмнээ дэмжих нь зөв. Тийм учраас сайжруулсан шахмал түлшийг 50 хувиар хямдрууллаа" гэсэн юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна. Үүнд:
- Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
- 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.
- Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
- "Ковид-19" цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
- Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаас хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр тогтлоо.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАНА
Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонсоно.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 12015 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнд Covid-19 илэрч, 812 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 429 болов. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд гурван хүн байна.
Засгийн газар өнгөрсөн Ням гариг (2020.11.29)-т ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар болон халдварын голомт нутаг болоод байгаа Сэлэнгэ, Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөхийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.
Халдвар бүртгэгдээгүй бусад аймгуудын хөл хорионы зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлсэн билээ.
Холбоотой мэдээ