Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын эсэргүүцэл

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын эсэргүүцэл

УИХ 2021 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуулийн дагуу баталсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавиад буй. Монгол ардын намын бүлэг, байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх саналд нэгдсэн. Тодруулбал, МАН-ын бүлэг Даваа гаригт хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн саналд нэгдсэн юм. Бид энэ удаагийн VS буландаа Ерөнхийлөгчийн хориг болон МАН-ын хориг хүлээж авахгүй гэх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш нийтдээ 13 удаа хориг тавьсны дөрөв нь улсын төсөвт тавигдаж байжээ.


 

Х.Баттулга
Монгол Улсын Ерөнхийлөгч

-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ.

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг сануулж, хориг тавьсан. 

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

МАН-ын бүлэг:

-Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж шийдсэний дагуу өчигдөр Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод хуралдаж, мөн л хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга, 2021 оны төсвийн ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх саналаа байнгын хорооны хуралд илэрхийлсэн юм.

Тэрбээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэж байна. Хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд эрсдэлд орно. Арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсөв, 20 гэхэд сумдын төсөв, сүүлийн 10 хоногт улсын нэгдсэн төсөв батлагдаж гарах ёстой. Төсвийн тодотгол биш хориг учраас төсвийг эхнээс нь хэлэлцэх болно. Цаг хугацааны хувьд энэ ондоо багтааж хэлэлцэх ямар ч боломж байхгүй. Ийм цаг хугацааны эрсдэл байна. Хоёрдугаарт, цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалтууд хийгдээд явж байгаа. Төсвийн тодотголд хүрэлгүйгээр нийт алдагдлаа хөдөлгөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нар хоорондоо урсгал зардлаа хасах, танах, шилжүүлэх ийм боломж байгаа. Цар тахлын тухай хууль энэ онд дуусна. Нэг удаа сунгах эрх нь УИХ-д бий. Сунгахаар ажиллаж байна. Хуулийн үйлчлэлийн хүрээнд төсвийн зохицуулалтуудыг хийх бүрэн боломжтой. Хоригт тусгасан дөрвөн саналд тайлбар хийе. Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол өөр хэрэг. Бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэдэг нь 2.8 их наяд төгрөг болно. 2-3 яамны урсгал бүх зардлыг зогсоож байж 2.8 их наяд төгрөг гаргана гэсэн үг. Өнөөдөр Засгийн газрын бүтцэд золиослох ийм салбар байхгүй. Бүхэлд нь хориг тавьсан үед 20 хувиар зардал бууруулах ямар ч боломж байхгүй. Төсөв хэлэлцэх үеэр багагүй зардлуудыг танасан, 5-15 хувь хүртэл хассан. Нийгмийн халамжийг ч гэсэн таван хувиар хассан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэх гэсэн Ерөнхийлөгчийн санал тооцоолол, үндэслэгүй. 1 сая төгрөгийн 200 мянган төгрөгийг нь бэлнээр олгох гэсэн асуудалд Засгийн газар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Цар тахлын үед буцалтгүй тусламж хэлбэрээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгө олгох нь хамгийн оновчтой хувилбар гэж үзсэн. Олон хүүхэдтэй айлууд нэг жилд 1 сая төгрөгөөс илүү мөнгө авах боломжтой. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг Сovid-19-ийн эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн саналын тухайд вакцин авах мөнгөгүйдээ зээл авах гээд байгаа юм биш. Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс (ГАВИ), ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран КОВАКС механизм (COVAX Facility) байгуулсан. Уг механизм нь Covid-19-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготой учраас эхний удаад вакцин авах боломж бий гэж Засгийн газраас хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж