"Байнгын стресс нь дархлааны том дайсан"

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

COVID-19

"Байнгын стресс нь дархлааны том дайсан"

"Байнгын стресс нь дархлааны том дайсан"

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.


-Covid-19-ийн халдвараас өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга бол дархлаагаа дэмжих, хувийн ариун цэвэр сахих болохыг ДЭМБ болон ЭМЯ-наас сануулж байгаа.  Ер нь дархлаа сайтаа хүн аливаа өвчнөөр өвчлөх нь бага гэдэг?

-Дархлааны систем бол таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж, хор учруулж болзошгүй зүйл байна уу, үгүй юу гэдгийг шалгаж, аюулгүй зүйлсийг "гаалиар" нэвтрүүлдэг. Аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна. Бидний биеийн секьюрити буюу хамгаалалт нь цагаан эсүүд юм. Цагаан эсүүдээс гадна ашигтай бактериуд байдаг. Ашигтай бактериуд хортой бактериудыг биеэс шахан зайлуулах үүрэг гүйцэтгэдэг.

архлаа суларсныг яаж мэдэх вэ?

-Дархлаа суларсныг маш амархан аргуудаар анзаарч болно. Бие амархан эцэж сульдах, архаг ядаргаатай болох, нозоорох, нойргүйдэх, толгой өвдөх, булчин болон үе мөч хөндүүрлэх, ямар нэг вирусийн гаралтай халдвар аваагүй хэр нь байнга өвдөнө. Мөн уруул дээр хомхой гарах нь бие организмын дархлаа муудсаны том илрэл бөгөөд энэ үед яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Дархлааг эрс бууруулдаг хэрэглээ, зуршил юу байх вэ?

-Тамхи, архи, тэнцвэргүй хоол, нойргүйдэл, илүүдэл жин, хэт ачаалал, стресс.

Сүүлийн үед иргэд ядаргаанд сайн, дархлаа дэмждэг гэх элдвийн витамин, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь  ихэссэн?

-Хүмүүс дархлаагаа дэмжиж байна гээд төрөл бүрийн эм бэлдмэл дур мэдэн хэрэглэдэг нь өөрөө эрсдэлтэй. Хүний дархлааг сулруулдаг хамгийн гол хүчин зүйл бол буруу хооллолт, амьдралын буруу хэвшил байдаг. Тиймээс дархлаагаа дэмжихийн тулд маш сайн амарч, тэнцвэртэй хооллож, дасгал хөдөлгөөн хийж байх нь чухал. Хүйтний улиралд гаднаас хүйтэн температур биед ороод ирэхээр биеийн градус буурдаг. Тиймээс биеийн температурыг нэмэгдүүлэх зорилгоор халуун хоол унд идэх шаардлагатай. Усыг зөв зохистой хэрэглэх нь хамгийн зөв арга. Стрессийг сэтгэлзүй болон дасгал хөдөлгөөнөөр тайлж байх ёстой. Хүний дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл бол дасгал хөдөлгөөн. Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч, түүнийг дагаад дархлааны эсүүд татагдаад өсөөд явдаг. Тиймээс өөрийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийж, хорт муу зуршлаасаа салах хэрэгтэй. Тамхи бол олон төрлийн хавдрыг өдөөдөг хүчин зүйл гэдэг нь нотлогдсон зүйл. Мөн сэтгэл санаагаа тогтуун байлгаж, стрессгүй байх нь дархлаагаа сулруулахгүй байх нэг арга юм. Байнгын стресс нь дархлааны дайсан. Хүн бол байгалийн, сэтгэлийн, бас нийгмийн амьтан. Сэтгэл зүйн тогтворгүй нөхцөл, архаг стресс зэрэг нь зөвхөн дархлаа төдийгүй бүх эрхтэнд муугаар нөлөөлнө. Тэгэхээр сэтгэлийн эрүүлийг биеийнхээс дутуугүй анхаарч үзэх хэрэгтэй.

-Хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгах нь чухал бололтой?

Хамгийн эхлээд аливаа мэдээлэлд шүүмжлэлт сэтгэлгээгээр ханд. Энэ нь манайханд хамгийн сул байдаг чадвар. Тиймээс аливаа мэдээллийг үнэн худал, хэн хэзээ нийтэлсэн эсэхийг нягталж чаддаг, шүүмжлэх сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, таныг хамгаалж чадах хамгийн сайн “эмч” бол та өөрөө. Боломж л байвал инээ, дотроо бодож байгаа зүйлсээ бусадтай хуваалц, маш сайн унтаж амар. Оройн 20.00 цагаас хойш шаардлагагүй бол гар утсаа бүү оролд. Түүнийхээ оронд хэн нэгэнтэй сайхан ярилцаж, эсвэл унтаж амар. Үүнээс гадна хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд ялангуяа тав хүртэлх насны хүүхдээ 21.30 цагаас өмнө унтуулдаг байх нь чухал. Энэ цагт хүүхдээ унтуулснаар хүүхдийн өсөлт, дархлааг дэмжих даавар ялгардаг юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд эрт унтах тусам дархлаа сайн тогтож, өсөлт бойжилтод сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ер нь амьдралын хэв маяг эрүүл л байвал дархлаа тэр хэмжээгээрээ сайн байна шүү дээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж