"Хориг 2-3 яамыг золиослох учир хүлээж авах боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

"Хориг 2-3 яамыг золиослох учир хүлээж авах боломжгүй"

"Хориг 2-3 яамыг золиослох учир хүлээж авах боломжгүй"

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2020.12.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна:

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.” хэмээн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр би гурван асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Харамсалтай нь байнгын хороо миний саналыг авч хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн гаргасан саналтай бүрэн нийцсэн санал байсан. Нэгдүгээрт, эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал гэсэн бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танаж энэ мөнгийг цар тахлын эсрэг зарцуулах. Хоёрдугаарт, дэд сайд, яам, агентлагийн газрын орлогч нарын өндөр зарлагатай орон тоог цомхотгох. Гуравдугаарт, музей, оффисын барилга зэрэг нэн шаардлагагүй 149 төсөл хөтөлбөрийг царцаахад нийтдээ 403 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гийн зээлд хуваарилах гэсэн ийм гурван саналыг гаргасан боловч харамсалтай нь МАН-ын бүлэг тоож хэлэлцэлгүй, 2021 оны төсвийг баталсан. Өнөөдөр цар тахал дотоодод гарч төсөв батласан үеийнхээс өөр нөхцөл байдалд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг зайлшгүй хүлээж авч, төсөвт өөрчлөлт хийх шаардлагатай. 2021 оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан. Төсвийн хулгай энэ дотор хэд хэд байгаа. Музей, номын сан зэрэг  өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудын цаана МАН-ын зарим албан тушаалтнууд эндээс мөнгө авч Ерөнхийлөгчийн сонгуульд зориулах гэж байна. Мөн аймаг, нийслэлд хуваарилагдсан хөрөнгө оруулалтуудаас тухайн албан тушаалтнууд тендер 10 хувиар цохих замаар Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулна. Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, Засгийн газрын тэргүүн нь бүгд 2021 оны төсвийг covid-19-т зориулсан төсөв болсон гэж хэлж байгаа. Харамсалтай нь вакцинаа худалдаж авах мөнгө суулгаагүй байж covid-19-д зориулсан төсөв гэж хэлж болохгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой.

 УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Миний хэлж байгаа үгийг сөрөг хүчний байр суурь гэж бүү хүлээж аваасай гэж хүсч байна. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хувь хүнийхээ байр сууринаас төсөвт тодотгол тавьсан гэж бүү авч үзээрэй. Яагаад гэвэл өнөөдөр улстөрждөг цаг нь биш. Нөхцөл байдал маш хүнд байна. Өчигдөр манай бүлгийн хуралдаан дээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч оролцож судалгаагаа танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 1 хүртэл хөл хорио үргэлжлэхэд 152 мянган хүн ажлын байргүй болно. Хэрэв энэ сарыг дуустал хөл хорио үргэлжлэвэл 432 мянган хүн ажилгүй болно гэж судалгаагаар гарсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 100 жил болж байгаагүй хямрал тохиох нь. ААН-үүд өөрсдийнхөө нөөцөөр ажлын байраа хадгалж чадах уу гэдэг асуултад судалгаанд хамрагдсан ААН-ийн 53 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд өөрийн нөөцөөр ажлын байраа хадгалах боломжтой гэж хариулсан бол, 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сарын хугацаанд урсгал зардлаа төлөх боломжтой  гэсэн байна. Өнөөдөр зах зээл царцаж хүнээр зүйрлэвэл сэхээнд орчихлоо. Бид дусал залгахын тулд 800 мянган төгрөгийн ваучераар ААН-үүдээ хадгалж үлдье гэсэн чухал санаа. Япончууд өнөөдөр ДНБ нь түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрлээ гэж байна. Шалтгаан нь цар тахлын үед дотоодын аялал жуулчлалаа дэмжсэнтэй холбоотой. Одоо бид ААН-үүдээ аварч чадахгүй бол цаашдаа Засгийн газраас илүү их хохирол, мөнгө гарна. Мөн вакцины зардлыг төсөвт зайлшгүй суулгах шаардлагатай. Японы Засгийн газраас өгч буй 233 сая ам.долларыг зорилтот бүлэг рүү шилжүүлэх ёстой. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан 1 сая төгрөг гэсэн үг. Ард иргэдээ аварч нэг удаа мөнгөн тэтгэмж олгох чухал үе нь одоо ирчихээд байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

-Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэсэн энэ 20 хувийг ямар ямар зардлаас гаргах боломжтой гэж үзэж байгаа юм бэ. 2021 оны төсөв хэрэгжиж эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдлээ. Хөл хориотой энэ үед төсвөө дахин боловсруулаад, УИХ дахин хэлэлцээд ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд баталж амжина гэж үзэж байна уу. Хэрэв амжихгүй бол ямар эрсдэл үүсэхийг та бүхэн хамгийн сайн мэднэ. Бизнесүүд өнөөдөр тэг зогсолт хийчихсэн байгаа бол төр дахин тэг зогсолт хийнэ. Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ. Энэ эрсдэлийг тооцоолж үзсэн үү. Төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ч хэлж төсвийн тодотгол эргээд хийхэд бэлэн үү гэж асуухад, Сангийн сайд төсвийн орлого тасарч мөн төсвийн зардал нэмэгдвэл Төсвийн тухай хуулиараа тодотгол хийх эрхзүйн үндэс бий болно, тодотгол хийхэд бэлэн гэж хэлж байсан. Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэхэд эсэргүүцсэн гишүүд ч байсан. Эдгээр эрсдэлүүдийг тооцоолсон уу. Төсөв боловсруулахад хоёр сарын хугацаа зарцуулагддаг. Бүх байгууллагууд төлөвлөгөөгөө боловсруулж байж төсөвт мөнгө суулгуулдаг. 14 хоногийн хугацаанд төсвийг дахин боловсруулж амжина гэж та нар харж байгаа юм уу. Ажил дээрээ очиж ажиллах хүмүүс өнөөдөр цөөрсөн шүү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР:

-Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг боломж гэж харж байгаа. 2020 оны улсын төсвийг тодотгох шаардлагатай гэж Ерөнхийлөгч гурав, дөрөвдүгээр сард уриалга гаргаж албан бичиг хүргүүлж байхад яг энэ нөхцөл байдлыг дурдаж байсан. Хөрөнгө оруулалтуудыг үр ашигтайгаар хуваарилаж эрэмбэл гэдгийг хэлж байсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. 2021 онд нөхцөл байдал үүнээс илүү хүндэрнэ гэдгийг УИХ-ын гишүүд таамаглаж байсан байх. Дэлхийн олон орны эдийн засагчид болон судлаачид анхааруулж байсан. Үүнд УИХ, Засгийн газар бэлэн байх ёстой байсан. Төсвийн тодотгол хийх бодит шаардлага үүссэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Я.САНЖМЯТАВ:

-Цар тахлын аюул Монголыг нөмөрчихсөн энэ үед УИХ-ын гишүүд, Засгийн газар хоноцын сэтгэлээр хандаж болохгүй гэдэг үүднээс Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж, болзошгүй нөхцөл байдал бий болбол төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулж шаардлагатай зүйлд зарцуулаач гэдэг үүднээс хориг тавьсан. Тэтгэврийг бууруулж, цалинг хасч, төрийн албан хаагчдын ажлыг зогсоох гэж байгаа мэт гишүүд асуудалд хандаж байгаад харамсч байна. Өнөөдөр 1 сая хүн ажилтайгаас 180 мянган нь төрийн албан хаагч. Тэдний 153 мянга нь гэртээ суугаад цалингаа авч байгаа. Үлдсэн 700 мянган хүн хөдөлмөр эрхлэхгүй, хөргөгч нь хоосорч, хүүхдүүд нь хоол нэхээд сууж байгааг та нар юу гэж бодож байна вэ. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригт улстөржихгүйгээр онцгой анхаарч, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр сонгуулийн өмнө ярьж, хэлж байсан шигээ анхааралдаа аваач гэж хэлмээр байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР:

-МАХН-ын гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зөв гэж үзсэн. Шалтгаан нь өнөөдөр 60 мянган ААН, хувийн хэвшилж ажиллаж буй 770 гаруй мянган хүн орлогогүй болсон. Энэ хүмүүс маш олон жил ажилгүйдлийн даатгал төлсөн. Ажилгүйдэл нүүрлэх үед төрөөс эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсанд бид дэмжинэ. 770 мянган хүн орлогогүй болсонд төр хариуцах ёстой. Төсөвт яаралтай тодотгол хийж, Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах нь өнөөдөр алтан боломж шүү. УИХ төсвийг баталж, Засгийн газар төсвийг хэрэгжүүлдэг. Тэгвэл Ерөнхийлөгч төсвийг ч баталдаггүй мөн хэрэгжүүлдэггүй. Тэр утгаараа төсөвт хяналт, хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид бий. Хүүхдийн мөнгө гэж эрх баригчид ихэд ярьж байна. Хүүхдийн мөнгийг сар болгон хувааж өгч байгаа. Цар тахлын хүндрэлд түрээсийн төлбөр иргэдийн нуруун дээр хүнд байна. Үүнийг ярих алтан боломж гэж Ерөнхийлөгчийн хоригийг харж байна. Зээл, зээлийн хүүг хойшлуулна, царцаана гэсэн У.Хүрэлсүхийн молигийг одоо зогсоох цаг нь болсон. Дайны үед бие биеэ молигдвол шууд буудаж унагаах шаардлагатай болдог. Зээлийн хүүг тэглэх боломж Ерөнхийлөгчийн хориг. Ажилгүйдлийн даатгалыг утгаар нь хэрэгжүүлэх ёстой. Засгийн газраас Ерөнхийлөгчийн хоригт хариу өгсөн үү.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.ЖАВХЛАН:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд эрсдэлд орно. Арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсөв, 20 гэхэд сумдын төсөв, сүүлийн 10 хоногт улсын нэгдсэн төсөв батлагдаж гарах ёстой. Төсвийн тодотгол биш хориг учраас төсвийг эхнээс нь хэлэлцэх болно. Цаг хугацааны хувьд энэ ондоо багтааж хэлэлцэх ямар ч боломж байхгүй. Ийм цаг хугацааны эрсдэл байна. Хоёрдугаарт, цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалтууд хийгдээд явж байгаа. Төсвийн тодотголд хүрэлгүйгээр нийт алдагдлаа хөдөлгөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нар хоороноо урсгал зардлаа хасах, танах, шилжүүлэх ийм боломж байгаа. Цар тахлын тухай хууль энэ онд дуусна. Нэг удаа сунгах эрх нь УИХ-д бий. Сунгахаар ажиллаж байгаа. Хуулийн үйлчлэлийн хүрээнд төсвийн зохицуулалтуудыг хийх бүрэн боломжтой. Хоригт тусгасан дөрвөн саналд тайлбар хийе. Ерөнхийлөгч төсөвт хэсэгчилэн хориг тавьсан бол өөр хэрэг. Бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэдэг нь 2.8 их наяд төгрөг болно. 2-3 яамны урсгал бүх зардлыг зогсоож байж 2.8 их наяд төгрөгийг гаргана гэсэн үг. Өнөөдөр Засгийн газрын бүтцэд золиослох ийм салбар байхгүй. Бүхэлд нь хориг тавьсан үед 20 хувиар зардал бууруулах ямар ч боломж байхгүй. Төсөв хэлэлцэх үеэр багагүй зардлуудыг танасан, 5-15 хувь хүртэл хассан. Нийгмийн халамжийг ч гэсэн таван хувиар хассан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэх гэсэн Ерөнхийлөгчийн санал тооцоолол, үндэслэгүй. 1 сая төгрөгийн 200 мянган төгрөгийг нь бэлнээр олгох гэсэн асуудалд Засгийн газар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Цар тахлын үед буцалтгүй тусламж хэлбэрээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгө олгох нь хамгийн оновчтой хувилбар гэж үзсэн. Олон хүүхэдтэй айлууд нэг жилд 1 сая төгрөгөөс илүү мөнгө авах боломжтой. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг covid-19-ийн халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн саналын тухайд вакцин авах мөнгөгүйдээ зээл авах гээд байгаа юм биш. Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран КОВАКС механизм /COVAX Facility/ байгуулсан. Уг механизм нь covid-19-ийн халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготой учраас эхний удаад вакцин авах боломж бий гэж Засгийн газраас хэлж байгаа.

Үүгээр гишүүд үг хэлж дуусснаар санал хураахад, байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж